Tag: Франц

Баяртай Франц, баяр хүргэе Швейцарь

Хорват 3:5 Испани

Хэсгийн шатны сүүлийн тоглолтоос эрхээ өвөртөлсөн хоёр баг энэ үдэш туллаа. Өнгөрөгч ДАШТ-ий дэд аварга Хорват болон ялагдашгүй армада. Тоглолт Копенхаген хотын “Паркен” цэнгэлдэхэд  явагдаж, цаг агаар нарлаг сайхан байсан хэдий ч талбай дээр гоолын бороо асгарлаа.

Эхний гоолыг Испанийн залуу авьяастан Педри өөрийн хаалганд оруулсан юм. Гэхдээ энэ түүний алдаа гэхээсээ илүү хаалгач Унай Симоны хариуцлагагүй үйлдэл байв. Тэрбээр Педригийн дамжуулсан сул бөмбөгийг тогтоож чадалгүй эх орныхоо хилийн зураас мэт шугамаар давуулчихав. Гэхдээ Луйс Энрикегийн залуус түүний алдааг засч эхлэв. Эхний хагасын төгсгөлд Пабло Сарабиа тоог тэнцүүлсэн бол завсарлагааны дараа Цезар Азпиликуэта, Ферран Торрес нар давамгайллыг авчирлаа. Ийнхүү тэргүүллийг авсан испаничууд хэт их тайвширсан уу гэмээр тоглолтыг энэ үеэс үзүүлж эхлэв. Гарааны хоёр ч хамгаалагчаа тоглолтын дундуур сольсон тэдний хамгаалалтын  зохион байгуулалт эрс муудлаа. Эсэргээрээ Златко Даличийн солилцоонууд үр дүнгээ өгч 85 дахь минутад Мислав Оршич, сунгасан цагт Марио Пасалич нар гоолдож ямартай ч бүтэн амьсгаа авахтай болов.

Гэхдээ өөр нэг эрхэм энэ тоглолтын шийдсэн гэхэд буруудахгүй. Тэр бол Испанийн шигшээ багийн довтлогч Алваро Мората. Испани эр энэ тоглолт төдийгүй тэмцээний турш тааруу формтой байж олон сайхан боломжийг салхинд хийсгэж байсан бол чухал мөчид баатар нь байж чадлаа. Тэрбээр 100 дахь минутад Дани Олмогийн дамжуулалтыг солгой хөлөөрөө солиотой төгсгөж давуу байдлыг авчирсан юм. Гэхдээ гоолын самбарт нэрээ гаргах тамирчин дуусаагүй л байлаа. Моратагийн гоолоос гуравхан минутын дараа “Реал Сосьедад” клубын довтлогч Микел Ояарзабал эцсийн цэгийг тавьж армадачууд аялалаа үргэлжлүүлэхээр боллоо. 

Тоглолтын дараа

Тоглолтын шилдгээр шалгарсан Испанийн шигшээ багийн ахлагч Серхио Бускетс: “Шөвгийн наймд шалгарна гэдэг бол бид сайн баг болсны илрэл. Өнөөдөр маш сайн байж хүнд өрсөлдөгчийг яллаа. ​​Бидний бэлтгэлжилт үнэхээр сайн байгаа бөгөөд тэмцээний турш сайжирсаар байна. “

Энэ тэмцээн сүүлийн евро нь байсан байх магадлалтай Лука Модрич “Бид азтай байдлаар тэргүүллийг авчихсан. Үүний дараа тэд илүү сайн байлаа. Бид зоондоо орж тэднийг довтлох боломж олгосон нь буруу байсан. Харин бид довтолж эхлэхэд нөхцөл байдал тэс өөр болсон. Нэмэлт цагийн эхлэлд бид тэднийг олсон дээр алхаж буй мэт л хүнд байдалд оруулсан. Хоёр ч сайхан боломжийг үүсгэсэн ч ашиглаж чадаагүй. Дараа нь тоглолт эргэсэн. Бидэнд дахиж эргэж ирэх хүч байсангүй.”

Франц 3:3 Швейцарь

4:5 Чөлөөт цохилт

Өдөр бүр өөр нэгэн сенсаци. Өчигдөрхөн нисдэг голландчууд гэртээ харьсан бол энэ удаад дэлхийн аваргууд үзэгч болно гэж хэн таамаглахав. Гарааны бүрэлдэхүүнээс харахад л Дидье Дешам гурван хамгаалагчтай хувилбар сонгож, Клемент Ленгле-ийг гаргасан нь түүнийг швейцарчуудаас жийрхсэн гэлтэй. Гэхдээ түүний сонгосон хамгаалагч хий ихтэй гэдгээрээ танигдсан залуу байлаа. 15 дахь минутад довтлогч Харис Сеферович түүний дээрээс салхийг хагаллаа.

Хэцүүхэн эхлэлтэй тулгарсан францчууд энэ үеэс уулгалан довтлох болов уу гэтэл тэгсэнгүй. Аюул тарихуйц довтолгоог ердөө зохион байгуулж чадахгүй байсан учир завсарлагаанаар Кингсли Команг сонгов. Энэ солилцоо ерөнхийдөө үр дүнгээ өгсөн гэхэд зөрөхгүй. Гэхдээ түүнээс өмнө багийн ахлагч Уго Ллорис 11 метрийн торгуулийн цохилтыг хаагаагүй бол тоглолт аль эрт шийдэгдэж магадгүй байв. Уг үйл явдлаас ердөө 4 минут 3 секундын дараа тооны харьцаа 2:1 болсон байлаа. Үүний дараа Пол Погба Португалын эсрэг хийх гээд чадаагүй гоолоо Янн Соммерын хаалганд хийж францчууд шөвгийн наймын тавцанд нэг хөлөө гаргачихав.

Гэхдээ бүх зүйл энэ үеэс өөрчлөгдлөө. 81 дахь минутад эхний гоолын эзэн Харис Сеферович тоог ойртуулсан бол сүүлийн минутад Марио Гавранович гоолдсоноор бид нэмэлт цаг үзэхээр боллоо. Гэхдээ 30 минутад нэмж хаалганы тор хөдлөлгүй байсаар торгуулийн цохилттой нүүр тулав. Чухал мөчид шилдэг тоглогчид алддаг ёсоор Килиан Мбаппе эцсийн цохилтыг алдаж том зорилго тээн ирсэн дэлхийн аваргууд хоосон хоцорлоо.

Тоглолтын дараа

Францын шигшээ багийн төвийн хамгаалагч Рафаел Варане “Үнэхээр сэтгэл дундуур байна. Эхний үед тэд биднийг бүтэн илүүрхсэн. Харин хоёрдугаар хагаст бид эргэж ирсэн ч мөн адил тэдэнд эргэж ирэх болом олгочихлоо. Торгуулын цохилтын тухайд энэ бол азны тоглоом шүү дээ. Бид нэмэлт цагт л гоол оруулж тоглолтын шийдэх ёстой байлаа.”

Килиан Мбаппегийн цохилтыг хаасан Янн Соммер “Ямар гээч тоглолт вэ, ямар янзын хөлбөмбөг вэ? Энэ бол үнэхээр гайхалтай зүйл. Бид өнөөдөр зүрх сэтгэлээрээ тоглолоо. Торгуулын цохилт алдсаны дараа үнэхээр хүнд нөхцөл байдал үүссэн. Гэхдээ залуус маань эргэн ирж чадсан. Тэднээр бахархаж байна. Бид үргэлж бие биедээ итгэдэг. ”

К.Роналдо рекорд тогтоож, Францчууд герман машиныг буулгаж авлаа

Унгар 0:3 Португал

Кристиано Роналдо тэргүүтэй европын бразилчууд гэгдэх Португалын шигшээ багийн аваргаа хамгаалах тэмцэл Унгарын шигшээгээр эхэллээ. Өмнөх тэмцээнээс ялгаатай нь энэ удаад байрлал бүр дээр дэлхийн шилдэгт тооцогдохуйц залуус эх орноо төлөөлөхөөр болжээ.

Шүгэл дуугарлаа. Тоглолтын эхнээс португалчууд бөмбөгийг илүүтэй эзэмшиж байсан ч аюул тарьж чадахгүй л байв. Эсрэгээрээ Унгарын хамгаалалт ч үнэхээр сайн ажиллаж байлаа. Гэхдээ тэд хүссэн үр дүнгээ авах боломжоо үндсэн цаг  дуусахаас зургаан минутын өмнө алдсан юм. Германы “Боруссиа Дортмунд” клубын зүүн жигүүрийн хамгаалагч Рафаэль Геррейро тун санамсаргүй байдлаас гоолдож орхив. Ийнхүү тэргүүллийг гартаа авсан ч португалчуудын сэтгэл ханасангүй. ЕАШТ-ий хамгийн олон гоол оруулсан амжилтын эзэн Кристиано Роналдо энэ үдэш ганзага хоосонгүй байж хоёр гоолыг хаалганд шигтгэсэн юм. Ийнхүү тэрбээр тус тэмцээнд 11 гоолтой боллоо. Гэхдээ түүний дээд амжилтууд үүгээр дууссангүй. Португал эр таван еврод оролцсон,мөн  гоолдсон анхны тоглогч болжээ.

Тэрбээр тоглолтын талаар “Мэдээж хэрэг хамгийн чухал зүйл бол ялалт байгуулах байдаг. Хэцүүхэн тоглолт боллоо. Учир нь унгарчууд маш сайн хамгааллаа. Гэхдээ бид гурван гоол оруулж чадсан. Мөн намайг хоёр гоол оруулахад тусалсан багийхандаа маш их баярлаж байна.”

https://www.youtube.com/watch?v=0dQMNYcwq6I
Тоглолтын тойм

Франц 1:0 Герман

Өдрийн гэлтгүй энэ тэмцээний хамгийн онцлох тоглолт өнгөрөгч шөнө явагдлаа. Учир нь сүүлийн хоёр дэлхийн аваргууд “Аллианз Арена”-д хоорондоо тулсан юм. Том тоглолтыг жижиг алдаа шийддэг гэлцдэг. Яг л энэ зарчмаар, Германы шигшээ багийн туршлагатай хамгаалагч Матс Хуммельс тоглолтын 20 дахь минутад өөрийн хаалганд гоолдлоо. Ийнхүү герман машинууд тэнцээний гоолыг хайсаар байсан ч Францын хамгаалалт өөгүй байж чадлаа. 

Тоглолтын шилдгээр франц залуу Пол Погба нэрлэгджээ. Түүний талаар домогт тоглогч Роберт Пирес “Погба өнөөдөр үнэхээр гайхалтай байлаа. Бид түүнийг ямар техниктэй тоглогч вэ гэдгийг мэднэ. Үүнээс гадна тэр бие бялдрын хувьд ч ямар ч асуудалгүй байж чадлаа. Тоглолтын шилдгээр тодорсонд нь маргаад байх зүйл алга” гэжээ.

Германы шигшээг сүүлийн тэмцээндээ удирдаж буй Йоахим Лёв: “Ширүүн өрсөлдөөн байлаа. Залуус маань эцсээ хүртэл тэмцлээ. Би багаа илүү хичээх ёстой байсан гэж буруутгаж чадахгүй ээ. Тэд талбай дээр бүх зүйлээл зориуллаа.”

Тоглолтын тойм

Хоёр багтай холбоотой:

  • Дидье Дешамын залуус 19 тоглолт дарааллан ялагдсангүй. /16 хожил 3 тэнцээ/
  • Францчууд Германтай хийсэн сүүлийн зургаан тоглолтондоо хожигдоогүй.
  • Герман машин анх удаагаа Еврогийн нээлтэд хожигдлоо. Гэхдээ тэд энэ тэмцээний түүхэнд 50 тоглолт хийсэн анхны улс болжээ.

Францын шигшээ баг

KOO.MN уншигчдадаа зориулж 2021 оны 6 сарын 11-ээс 7 сарын 11-ний хооронд болох 16 дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх шигшээ багуудыг цувралаар танилцуулж байгаа билээ.

Энэ удаад бид ЕАШТ-ий хошой аварга, түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багуудын нэг хүчирхэг Францийн шигшээ багийг танилцуулж байна.

Ерөнхий мэдээлэл

  • ЕАШТ-д оролцсон тоо: 9
  • Амжилт: 1984, 2000 оны ЕАШТ-ий аварга, 2016 онд мөнгөн медаль
  • Еврод: 39 тоглолт, 20 хожил, 10 тэнцээ, 9 хожигдол
  • Нийт: 62 гоол оруулж, 44 гоол хаалгандаа алдсан

            Австрийн шигшээ багийн бүрэлдэхүүн

Хаалгач: Уго Лорис (Тоттэнхэм), Стив Манданда (Марсейль), Майк Майнан (Лилль)

Хамгаалагч: Бэнжамин Павар (Байерн Мюнхен), Лео Дубоис (Лион), Рафаел Варан (Реал Мадрид), Прэснэл Кимпэмбэ (ПСЖ), Лукас Эрнандэз (Байерн Мюнхен), Лукас Дийн (Эвэртон), Клэмэн Лэнгле (Барселона), Курт Зума (Челси)

Хагас хамгаалагч: Н’Голо Канте (Челси), Пол Погба (Ман Юнайтед), Адриэн Рабио (ПСЖ), Корэнтин Толиссо (Байерн Мюнхен), Моусса Сиссоко (Тоттэнхэм)

Довтлогч: Карим Бэнзэма (Реал Мадрид), Оливье Жиру (Челси), Килиан Мбаппэ (ПСЖ), Маркус Тюрам (Боруссиа Мюнхенгладбах), Кингсли Коман (Байерн Мюнхен), Виссам Бэн Едэр (Монако), Антуан Гризманн (Барселона), Томас Лемар (Атлетико Мадрид), Усман Дэмбэлэ (Барселона)

Дасгалжуулагч: Дидье Дешам

Хэсгийн тоглолтын хуваарь

ФРАНЦ – Герман
6 сарын 16-нд, Мюнхен хот

Унгар – ФРАНЦ
6 сарын 19-нд, Будапешт хот

Португал – ФРАНЦ
6 сарын 24-нд, Будапешт хот

            Онцлох тоглогч – Килиан Мбаппэ

19 настайдаа дэлхий дахиныг шуугиулж, гурван жилийн өмнө ДАШТ-д түрүүлсэн Францын шигшээ баг болон “ПСЖ” клубын супер од Килиан Мбаппэ анх удаа ЕАШТ-д оролцох гэж байна. Анх том тэмцээнд оролцоод ДАШТ-д түрүүлж гангарсан 22 настай Мбаппэ тивийнхээ аваргад түрүүлэхийг зорих нь ойлгомжтой.

Тэрбээр “Гурван өнгөтнүүд”-ийн төлөө 43 удаа талбайд гарч, 17 гоол оруулсан. “Мэлхий нинжа” энэ удаагийн Еврогийн гялалзах од нь байж чадах болов уу? Хамтдаа хүлээх л үлдлээ…

            Багийн талаар

2018 оны Дэлхийн аварга францчууд энэ удаагийн Еврод “ногт ганзгалж” ирсэн нь ойлгомжтой. Байрлал бүрээ шилдэг тоглогчдоор зэвсэглэсэн тэдний бүрэлдэхүүнийг харвал үнэхээр сүрдмээр. Таван жилийн өмнө нутагтаа зохиогдсон тэмцээнд аман хүзүүдэж, аваргалж чадаагүй хонзонгоо авахаар эхнээсээ л тэд хичээх болно. Учир нь өнгөрсөн тэмцээний шигшээд тоглосон багууд энэ удаа нэг хэсэгт таарсан билээ. Мөн тэдний хэсэгт хүчирхэг Германы шигшээ баг бий.

Яах аргагүй тэмцээний үхлийн групп бол F хэсэг мөн. Анхнаасаа чангахан багуудтай тоглоод эхлэх нь давуу тал үүсгэх тохиолдол ч бий. Тэд 1998 онд ДАШТ-д, 2000 онд Еврод түрүүлсэн Зидан тэргүүтэй “алтан үеийн” Францын амжилтыг давтах зорилготой ирсэн. Хүчирхэг бүрэлдэхүүн, супер довтолгоо, од тоглгогчид, туршлага, чадварлаг дасгалжуулагч гээд тэдэнд бүх зүйл бий!

            Таамагласан гарааны XI

Б.Бадруул

Неймар – “Нөхцөл байдал үүнээс дор байж болох байсан…”

Францын лигийн 14-р тойрогт Лионы эсрэг тоглохдоо бэртсэн Неймар Инстаграмдаа бэртлийнхээ тухай ам нээлээ. 12 сарын 13-нд “Парк-де-Пренс”-тээ ПСЖ 0:1-ээр хожигдоход Бразил довтлогч (Тьяго Мендес зүүн шагай руу нь жийсэн) бэртэж тоглолтын дараа яаралтай эмнэлэгт хүргэгдсэн.

“Өвдөлт, айдас, шаналал, зовнил, хагалгаа, суга таяг болон зүрх зүсэм дурсамжууд нүдэнд минь харагдан би орилсон”

“Үүнээс илүү дор байж болох байсан. Гэхдээ бурхан намайг ахин харж үзлээ”

“Эдгэж, эргэн ирэх өдрөө хүлээж байна” гэж тэр Инстаграмдаа зургийн хамт бичжээ.

ПСЖ-гийн эхний шинжилгээгээр Неймарын зүүн хөлийн шагай хугарч эсвэл цуураагүй гарсан. Гэхдээ 48 цагийн дотор хийлгэх дараагийн шинжилгээгээр бүх зүйл тодорхой болно.
Лионд хожигдсоноор ПСЖ хүснэгтийн 3-р байранд 28 оноотой бичигдэж байна. Тэдний урд Лилль, Лион тус бүр 29 оноотой явж байгаа.
Аваргуудын Лигийн хасагдах шатанд ПСЖ Барселонатай оноолт таарсан. Хэрвээ Неймарын бэртэл ноцтой биш бол хуучин багийн хамтрагчид, Месси – Неймар, хоёр сарын 16-нд Камп Ноуд эргэн уулзана.
2013–2017 оны хооронд энэ цэнгэлдэхэд Неймар хүчирхэг МСН довтолгооны гурвалын нэг хэсэг болж Европын хөлбөмбөгийг ноёрхсон. Месси, Суарес, Неймарын гурвал Ла лиг, Аваргуудын лиг, Копа дель Рей, Супер цом, Клубын ДАШТ гээд бүх цомыг хамтдаа өргөсөн юм.
Улмаар Бразил эр 222 сая еврогоор ПСЖ рүү шилжиж бүх цаг үеийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болсон билээ.

Дуулиан: Себастьян Колтеску гэж хэн бэ

Аваргуудын лигийн “ПСЖ”, “Истанбул” багийн тоглолтын үеэр гарсан дуулианаар олны анхаарлын төвд байгаа хүн бол Румыний шүүгч Себастьян Колтеску.

Арьс өнгөний үзэлтэй холбоотой маргаанаас болж, Аваргуудын лигийн тоглолт хойшлогдсон билээ.

Энэ тоглолтын дөрөвдүгээр шүүгчээр ажиллаж байсан Румын улсын иргэн Себастьян Колтеску талбайн шүүгчид хандан “Истанбул”-ын туслах дасгалжуулагч Пьер Вебог улаан хуудас авах ёстойг учирлахдаа “Тэр хар залуу” хэмээн төрөлх хэлээрээ хэлсэн нь маргааны эхлэлийг тавьсан юм.

Тэгвэл Себастьян Колтеску гэж хэн бэ?

Румыний Крайова хотод төрсөн Себастьян өдгөө 43 настай. Тэрбээр 2006 онд дөрөвдүгээр зэрэглэлийн шүүгч болсон юм. Гэвч хэд хэдэн тоглолт маргаантай шүүсний улмаас зэрэглэл буурч, Румыний хоёрдугаар дивизионы тоглолтыг шүүх болжээ. Нэг жил орчим доод дивизионд ажилласныхаа дараа чансаа ахиж, 2008 оноос дээд лигийн тоглолтыг дэнслэх болсон юм.

“Ла Октава Спорт” хэвлэлийн сэтгүүлч Жэйми Сандовалын мэдээлснээр С.Колтеску зэрэглэл буурсан нэг жилийн хугацаанд сэтгэл санаагаар унаж, хоёр ч удаа амиа хорлох оролдлого гаргаж байсан гэнэ.

С.Колтеску шүүгчийн замналдаа асуудалд орж буй анхны тохиолдол энэ биш. Одоогоос долоон жилийн өмнө Румыний лигийн “Петролул”, “Газ Метан” багийн тоглолтын үеэр С.Колтеску долоон улаан хуудас, 13 шар карт өргөж байв. Улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн нэгэн тоглогч шүүгчтэй маргалдах үеэр биед нь халдсан гэж гомдол мэдүүлсэн удаатай.

Энэ явдлаас хойш хоёр жилийн дараа мөн л Румыний лигийн “Астра”, “Стяуа” багийн тоглолтын үеэр орсон гурван гоолыг хүчингүйд тооцож, бас л бөөн маргаан дэгдээсэн эр.

С.Колтеску: Би арьс өнгөөр ялгаварлагч биш

Румын шүүгч талбайн шүүгчид хандан П.Вэбог улаан хуудас авах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэхдээ “Negru” хэмээх үг ашигласан аж. Энэ нь румын хэлээр бол “хар” гэсэн утгатай. Тэрбээр “хар залуу” гэх утгаар энэ үгийг ашиглаагүй гэж өөрийнхөө үйлдлийг тайлбарлажээ. “Ойрын өдрүүдэд хэвлэлээс хол байж, сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээж байгаа. Намайг мэддэг хүмүүс арьс өнгөөр ялгаварлагч биш гэдгийг мэднэ. Ядаж л үүнд найдаж сууна” гэж ойр дотныхоо хүмүүст ярьсан гэнэ.

Аваргуудын лигийн хойшлогдсон тоглолт өнөө шөнө явагдана. Тоглолт маргаанаар завсарласан 15 дахь минутаас хойш үргэлжлэх юм. Харин Европын хөлбөмбөгийн холбооноос тус тоглолтыг шүүх багийг өөрчилжээ. Талбайд нидерланд шүүгч Дэнни Маккеле ажиллах бол түүний нутаг нэгт Марио Дикс, Польшийн Марсин Бониек туслах шүүгчээр гарна. Харин дөрөвдүгээр шүүгчээр Польшийн Бартош Фрэнковски, VAR-ын хяналтын шүүгчээр Италийн Марко ди Белло, Маурицио Мариани нар ажиллах аж.

Роберто Фирминод нүд хэрэггүй

Аваргуудын лигийн “С” хэсэгт багтсан дөрвөн багийн тоглолт өнөөдөр болсон юм. 


(Англи) Ливерпуль 3:2 Парис (Франц)

  • Гоол: Даниел Старриж (30), Жэймс Милнер (36, то.ц), Роберто Фирмино (90+2), Тома Мёнье (40), Кильян Мбаппе (83)

Энэ өдрийн хамгийн сонирхолтой тулааны нэг бол энэ тоглолт байлаа. Лигтээ өнгөтэй яваа “Ливерпуль” Европын дэвжээнд ч бүдэрсэнгүй. Өмнөх тоглолтод нүдэндээ бага зэрэг бэртсэн Р.Фирминогийн оронд гараанд гарсан довтлогч Д.Старриж гоолын салхийг хагалсан бол удалгүй Ж.Милнер торгуулийн цохилтоор тооны харьцааг холдуулав.

Гэхдээ үнэтэй наймаа хийж, од тоглогчдоор бүрэлдэхүүнээ зузаалсан Парисын баг тийм ч амар бууж өгөхийг хүсээгүй юм. Эхний хагаст Т.Мёнье, дараагийн хагаст К.Мбаппе хариуг нь барьж, тооны харьцааг тэнцүүлсэн. Харин 72 дахь минутад бразил довтлогч Р.Фирмино сэлгээнээс талбайд гарсан нь зөв шийдвэр болов. Тэрбээр шүүгчийн мэдлийн 92 дахь минутад өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааж, Английн клуб шинэ улирал эхлэснээс хойш зургаа дараалан ялалт байгууллаа. Сонирхуулахад, Р.Фирмино “Ливерпуль”-ийн төлөөх 150 дахь тоглолтод оролцож, хожлын гоол оруулсан юм.




(Серб) Рэд Стар Белград 0:0 Наполи (Итали)

Нэрт дасгалжуулагч Карло Анчелоттигийн удирдаж буй “Наполи” клуб заавал авах ёстой оноогоо авч чадсангүй. Сербийн клубийг нутагт нь хожиж чадаагүй тэднийг одоо хэсгийнх нь акулууд хүлээж байна.

“Црвена Звезда” клубийн хувьд сүүлийн 26 тоглолт дараалан ялагдаж үзээгүй бол “Наполи” Аваргуудын лигт хийсэн сүүлийн 12 тоглолтод анх удаа тэнцсэн юм.

Франц дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Олон улсын хөлбөмбөгийн холбоо албан ёсоор ДАШТ-ий дараах шинэчлэгдсэн чансааг танилцууллаа. Дэлхийн аварга цолыг хүртсэн францчууд 1726 оноогоор уг жагсаалтыг тэргүүлж, хүрэл медаль хүртсэн Бельгийн шигшээ баг 1723 оноогоор удаалж байна.

Энэ жагсаалтын гуравдугаарт Бразилын баг тодорчээ. Дэлхийн таван удаагийн аваргууд 1657 оноогоор жагссан бол өнгөрсөн ДАШТ-д гайхалтай амжилт үзүүлсэн хорватчууд 1643 оноогоор 16 байр ахиж, дөрөвдүгээрт оржээ. Харин айргийн тавд 1627 оноогоор Уругвай бичигдсэн юм.

ТОП 10

  1. Франц 1726
  2. Бельги 1723
  3. Бразил 1657
  4. Хорват 1643
  5. Уругвай 1627
  6. Англи 1615
  7. Португал 1599
  8. Швейцарь 1597
  9. =Испани 1580
  10. =Дани 1580

ДАШТ-ий өмнөх чансааг тэргүүлж байсан германчууд 14 байр ухарч, 15-д бичигдэх болсон юм.

Эх орондоо болсон тэмцээнд амжилттай оролцсон оросууд 21 байр ахиж, 49-д бичигдэх болсон нь энэ удаагийн чансааны хамгийн том үсрэлт болжээ. Тэгвэл Египетийн шигшээ баг 20 байр ухарч, 65-д жагссан нь хамгийн тааруу үзүүлэлт болов.

Монголын шигшээ багийн хувьд урьдын адил дэлхийн 206 орноос 186-д бичигдсэн хэвээр байна.