Кэйсүкэ Хонда Камбожийн дасгалжуулагчаар томилогдов

Камбож улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн, армийн генерал Сао Соха ням гаригт шигшээ багийн шинэ дасгалжуулагчаа томиллоо. Хачирхалтай нь, өдгөө Австралийн “Мельбурн Виктори”-д зүтгэж буй япон довтлогч Кэйсүкэ Хондаг дасгалжуулагчийн албанд томилов.

К.Хонда хэдхэн хоногийн өмнө Мельбурны багт зүтгэхээ зарласан. Гэхдээ шинэ албан тушаал нь түүний мэргэжлийн хөлбөмбөгчний замналд нь саад болохгүй гэдгээ мэдэгдэв. Тодруулбал, К.Хонда Австралийн лигт тоглож, зав гарвал видео дүрсээр шавь нартаа зөвөлгөө өгөх аж. Тэрбээр долоо хоног бүр видео хурал хийж, туслах дасгалжуулагч нартаа чиглэл өгөх юм.

Япон хоёр жилийн хугацаанд Камбожийн шигшээ багийг удирдахаар болсон бөгөөд энэ хугацаанд цалин авахгүй гэнэ. Түүнчлэн шигшээ багт ирж очих зардлыг шинэ дасгалжуулагч өөрөөсөө гаргахаар болжээ.

Хэдийгээр мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа өндөрлөөгүй ч К.Хонда шигшээ багаасаа албан ёсоор зодог тайлсан.

Камбожийн шигшээ баг өдгөө олон улсын чансаагаар 166-д бичигдэж буй. Тус улсын шигшээ багийн хамгийн оргил амжилт нь 1972 оны Азийн АШТ-д дөрөвдүгээр байрт орсон юм.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *