ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ өндөрлөсний дараа спорт сонирхогчдын анхаарал 2022 оны Катар луу шилжсэн. Арабын хойгоос анх удаа хөлбөмбөгийн их наадмыг зохион байгуулах эрх авсан катарчууд олон асуудалтай холбогдсон. Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Жианни Инфантино Доха хотод хийсэн ажлын хэсгийн шалгалтын дараа “Оросууд ДАШТ-ийг гайхалтай зохион байгуулсан. Дөрвөн жилийн дараа катарчууд тэднээс илүү хийнэ гэдэгт итгэлтэй байна” гэж ярьсан юм. Ингээд тус ДАШТ-д зориулсан бүтээн байгуулалт болох цэнгэлдэхүүдийг танилцуулья.
Khalifa International Stadium
“Халифа” цэнгэлдэх хүрээлэн 1976 онд баригдсан, Дохагийн анхны спортын цэнгэлдэх. Нийт 40 мянган үзэгчийн суудалтай энэ цэнгэлдэхэд 2006 оны Азийн Наадам, Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Азийн цомын тэмцээн зэрэг болж байв.
Al Wakrah Stadium
Аль Вакра хотын баруун хэсэгт баригдаж буй шинэ цэнгэлдэх 40 мянган хүний суудалтай. Энэ цэнгэлдэхийг барих ажил одоо бараг дуусч буй бөгөөд ажилчид дээврийн хэсгийг барьж дуусгахаар шаргуу ажиллаж буй. 2014 оноос барьж байгаа бөгөөд загварыг Заха Хадид гаргасан аж. ДАШТ-ий үеэр ашиглахаас гадна орон нутгийн хөлбөмбөгийн клубийн гэртээ хийх тоглолтыг зохион байгуулах юм.
Lusail Stadium
Катарын нийслэл Дохахоос хойд зүгт 23 км зайтай орших Лусаил дагуул хотод баригдах супер цэнгэлдэхэд ДАШТ-ий нээлт болон хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах юм. Энэ цэнгэлдэх 80 мянган (86,250 байхаар төлөвлөсөн) хүний суудалтай байх болно. Цэнгэлдэхийн барилгын ажил 2017 оны дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд 2019 оны хоёрдугаар сард дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм.
Al Bayt Stadium
Аль Хаур хотод баригдаж буй Аль Баут цэнгэлдэх хүрээлэн 60 мянган хүний суудалтай байхаар төлөвлөсөн. Барилгын ажлыг 2014 онд эхлүүлсэн юм. Хэдийгээр дээд хязгаар нь 60 мянган хүний суудалтай ч хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр 45 мянган хүн нэг дор хүлээн авч, сэтгүүлч болон бусад албаны хүмүүст зориулж, 1000 тусгай суудалтай байх юм. Цэнгэлдэхийн автомашины зогсоол нэг дор 6000 автомашин, 350 автобус хүлээн авах боломжтой. Үүн дээр орон нутгийн болон нийтийн албанд явах 150 гаруй автобус, 1000 гаруй такси үйлчилгээнд явахаар төлөвлөж байгаа аж.
Education City Stadium
Орчуулвал боловсрол хэмээх үгнээс бүрдэх тус цэнгэлдэх хүрээлэн Катарын Доха хотод орших их сургуулиудын дунд баригдсан. Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр 45 мянган суудалтай байх боловч тус тэмцээний дараа 20 мянган суудлыг хөгжиж буй орнуудад хандивлах аж. Улмаар 25 мянган хүний суудалтай уг цэнгэлдэхийг их сургуулийн тэмцээн уралдаан зохион байгуулахад ашиглана.
Al Rayyan Stadium
Катарын хоёр дахь том хот Эр-Райян (Оросоор)-д өмнө нь сүндэрлэж байсан Ахмед Бин Алигийн цэнгэлдэхийг нурааж, оронд нь шинэ цэнгэлдэх барьж буй. 40 мянган хүний суудалтай уг цэнгэлдэх Катарын “Эр-Райян” клубийн хөлбөмбөгийн багийн гэр болох аж.
Al Thumama Stadium
40 мянган хүний суудалтай уг цэнгэлдэх Дохагаас 12 км зайд баригдаж буй уг цэнгэлдэхийн загвар нь араб эрчүүдийн өмсдөг уламжлалт малгай болох гахафын дүрслэл байх аж. Энэ загвар өнгөрсөн тавдугаар сард шилдэг архитектурын шагнал авсан билээ.
Ras Aboud Stadium
Персийн булангийн эрэг дээр баригдаж буй цэнгэлдэх хүрээлэн. 40 мянган хүний суудалтай байх аж.