2019 онд биднийг хүлээж буй дээд амжилтууд

Хөлбөмбөгийн ертөнцөд биднийг ямар дээд амжилтууд хүлээж буйг FIFA-гийн албан ёсны сайтад гарсан нийтлэлээс харж болно. Уг мэдээг орчууллаа.

215 гоол

Чилийн дээд лигт 1980-аад оны үед Франческо Валдес хэмээх тоглогч 215 гоол оруулсан амжилтаар рекорд эзэмшдэг. Түүний дээд амжилтад Педро Гонзалес (213) их ойртсон ч 2016 онд их спортоо орхисон билээ. Харин одоо 38 настай “Коло-Коло”-гийн довтлогч Эстебан Паредес энэ рекордыг эзэмших эсэх нь тодорхой болно. Чилийн дээд лигт таван удаа мэргэн бууч болж, ДАШТ (2010, 2014), Копа Америка (2011)-д гоол оруулж байсан Э.Паредес 210 гоол оруулсан үзүүлэлттэй.

184 гоол

АНУ-ын эмэгтэй шигшээ багийн довтлогч асан Эбби Уамба 2015 онд шигшээ багаасаа зодог тайлахаасаа өмнө 184 гоол оруулсан үзүүлэлтээр рекорд тогтоосон. Тэгвэл энэ рекордыг одоогоор 177 гоол оруулсан Канадын Кристин Синклэйр давах боломжтой. Ирэх зургадугаар сард 36 нас хүрэх К.Синклэйр сүүлийн дөрвөн ДАШТ-д 11, 16, 8 болон 10 гоол оруулсан юм.

175 гоол

Манчестер Ситигийн Аргентин довтлогч Серхио Агуэр

Английн дээд лигт хамгийн олон гоол оруулсан легионер тоглогч бол Францын Терри Анри. “Арсенал”-ын домог 175 гоол оруулсан бол түүний дээд амжилтыг аргентин довтлогч Серхио Агуэро давтах бас давах боломжтой. Одоогоор С.Агуэро 152 гоол оруулжээ.

72 жил

Копа Америк буюу Өмнөд Америкийн цомын АШТ энэ жил зургадугаар сарын 14, долдугаар сарын 7-нд Бразилд болно. Энэ тэмцээний түүхэнд гурав дараалан түрүүлсэн баг 1945-47 оны Аргентинаас өөр байгаагүй. Сүүлийн хоёр тэмцээнд дараалан түрүүлсэн Чили энэ жил аваргалвал 72 жилийн дараа уг амжилтыг давтах болно.

20 оновчтой дамжуулалт

Испанийн Ла лигийн нэг улиралд 20 гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлтээр 2008/09 оны улиралд “Барселона”-гийн Шави рекорд тогтоож байлаа. Тэгвэл энэ улиралд Л.Месси 17 тойргийн дараагаар 10 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн юм.

14 түрүү

Беларусийн “БАТЭ БОРИСОВ” клуб

Хөлбөмбөгийн дээд лигүүдэд 14 дараалан түрүүлсэн амжилтыг Беларусийн “БАТЭ БОРИСОВ” өнгөрсөн жил үзүүлсэн юм. Ингэснээр тэд Латвийн “Сконто Рига” (1991-2004), Гибралтарын “Линколн Рэд Импс” (2003-16), Вануатугийн “Тафеа” багийн хамтаар рекорд эзэмших болсон юм. Энэ жил дээд лигтээ түрүүлвэл Беларусийн баг 15 жил ноёрхсон ганц баг болно.

10 дараалсан гоол

Эмэгтэй хөлбөмбөгийн ДАШТ-д Японы шигшээ баг одоогоор 10 тоглолт дараалан өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаажээ. Энэ тэмцээний дээд амжилт нь 1991-99 оны хооронд Норвегийн эмэгтэйчүүд 15 тоглолт дараалан гоолдсон билээ.

9 түрүү

Германы Бундес лигт түрүүлсэн тоогоор Фрэнк Рибери одоогоор Мехмет Шолль, Оливер Каан, Бастиан Швайнштайгер, Филипп Лаам нарын адил найман түрүүтэй байгаа. Хэрвээ энэ улиралд “Бавари Мюнхен” түрүүлвэл Ф.Рибери ганцаараа рекорд эзэмших юм.

8 дараалсан түрүү

Европын топ 5 лигт 8 дараалан түрүүлсэн тоглогч одоогоор байхгүй. Харин Францын “ПСЖ”-д түрүүлвэл тус багийн хаалгач Жианлужи Буффон ийм рекордын эзэн болох боломжтой юм. Тэрбээр Италийн “Ювентус” багийн хамтаар долоо дараалан түрүүлж, 2002-08 оны хооронд “Лион”-ы бүрэлдэхүүнд байсан Грегори Купе, Сидней Гову, Жунино нарын рекордыг давтсан түүхтэй.

7 ДАШТ

Ирэх гуравдугаар сард 41 нас хүрэх Бразилын эмэгтэй хөлбөмбөгчин Формига ДАШТ-д оролцвол долоон удаа тус тэмцээнд орсон анхны тоглогч болно.

Аваргуудын лигийн 6 түрүү

Энэ жил Испанийн Ла лигийн багууд болох “Атлетико Мадрид”, “Барселона”, “Реал Мадрид”-ын аль нэг нь Аваргуудын лигт түрүүлвэл зургаан жил дараалан Английн лигийн баг түрүүлсэн дээд амжилттай зэрэгцэх болно. 1977-82 оны хооронд “Ливерпуль” (3), “Ноттингэм Форест” (2), “Астон Вилья” түрүүлж байв.

0 тоглогч

Англи, Итали, Испанийн топ лигүүдэд түрүүлсэн тоглогч одоогоор үгүй. Хэрвээ К.Роналду “Ювентус”-ын хамт лигт түрүүлвэл ийм амжилт үзүүлсэн анхны тоглогч болно.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *