Хөлбөмбөгийн Азийн АШТ ид өрнөж байна. Шар тивийн 24 баг өрсөлдөж буй тивийн тэмцээний хасагдах шатанд өрсөлдөх багууд эхнээсээ тодорч эхэллээ.
Хойд Солонгос 0:6 Катар
Гурван жилийн дараа эх орондоо хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах катарчууд хойдуудыг буулган авснаар хасагдах шатанд өрсөлдөх нь тодорхой боллоо. “Аль-Духаиль” багийн 22 настай довтлогч Алмоез Али дөрвөн гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтыг таван гоолтой тэргүүлж байна. Энэ тоглолтод хожигдсоноор “Е” хэсгээс Катар, Саудын Араб дараагийн шатанд өрсөлдөх нь ойлгомжтой болов. Хэсгийн сүүлийн тоглолтод тэргүүлэгч хоёр багийн хэн ялсан нь хэсгээ толгойлох юм.
Оман 0:1 Япон
Азийн дөрвөн удаагийн аварга япончууд Оманыг 1:0-ээр буулган авснаар хасагдах шатанд өрсөлдөх тийзээ авлаа. Гэхдээ япончуудад энэ ялалт амархан ирээгүй. 26 дахь минутад Генки Харагүчи дээр алдаа гаргасан гэж үзсэн тул шүүгч торгуулийн цохилт заасан юм. Энэ боломжийг Германы лигийн “Ханновер 96” багт зүтгэдэг япон довтлогч алдсангүй.
Туркменистан 0:4 Узбекистан
“Цагаан чононууд” хоёр дахь ялалтаа авснаар “F” хэсгийг тэргүүлж байна. Одоо хэсгийн сүүлийн тоглолтоор хэн нь хэсгээ тэргүүлэх нь тодорхой болно.