Ираны шигшээ баг Азийн АШТ-д Японы эсрэг гоолдоогүй хар цуврал үргэлжиллээ.
Хөлбөмбөгийн Азийн АШТ-ий хагас шигшээд Япон, Ираны багууд өрсөлдсөн юм. Ираны шигшээ багийн португал мэргэжилтэн Карлуш Кейрошийн 100 дахь тоглолтод “Персийн арслангууд” 2011 оны тивийн аварга япончуудыг хожих эсэх нь олны анхаарлыг татаж байлаа. Харамсалтай нь, энэ тоглолтод өмнөх түүх давтагдсан юм. Япон, Ираны шигшээ баг Азийн АШТ-д дөрөв дэх удаагаа учраа таарсан нь энэ. Өмнөх гурван тулаанд бүгдэд нь “Цэнхэр самурайнууд” хаалгандаа гоол алдаж байгаагүй. Эхний хоёр тулаан тэнцээгээр өндөрлөсөн бол сүүлийнх нь 1992 оны тивийн аваргад Казүёши Миүрагийн 87 дахь минутад оруулсан гоолын ачаар япончууд 1:0-ээр ялж, улмаар тэр жилээ Саудын Арабыг ялснаар аварга болж байв.
“Персийн арслангууд” 2004 оноос хойш анх удаа тивийн тэмцээний хагас шигшээд шалгарсан. Шар тивдээ гурван удаа түрүүлсэн ч хамгийн сүүлд 43 жилийн өмнө манлайлжээ. Харин япончууд сүүлийн зургаан тэмцээний тавд нь хагас шигшээд үлдэж (2000, 2004, 2007, 2011, 2019), гуравт нь цом өргөсөн. Дөрвөн жилийн өмнө Саудын Арабт 3:2-оор ялагдаад тэмцээнийг өндөрлөж байв.
Япончууд 2000 оноос хойш тус тэмцээнд 33 тоглолт хийж, ердөө нэг удаа хожигдсон үзүүлэлттэй. 23 тулаанд ялж, 9 удаа тэнцсэн юм.
Олон хүн энэ удаад Ираныг хожно гэж таамаглаж байсан ч тийм зүйл болсонгүй. Хоёр ч удаа бичлэг үзээд торгуулийн цохилт зааснаар илт илүүрхсэн япончууд шүүгчийн мэдлийн 91 дэх минутад гурав дахь гоолыг оруулж, ялалтаа баталгаажуулсан юм.