2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулагч катарчууд тивийнхээ аваргаар анх удаа тодорлоо.
Аваргын төлөө Ази тивийн дөрвөн удаагийн аварга Япон, анх удаа финалд тунаж үлдсэн Катар шалгарсан юм. “Хөх самурайнууд” 2000 оноос хойш тус тэмцээнд нэг л удаа ялагдсан бол катарчууд энэ жил хаалгандаа нэг ч гоол алдаагүй үзүүлэлттэй хоорондоо тунасан билээ.
Энэ тэмцээний турш 8 гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байсан Алмоез Али эхний гоолыг оруулснаар рекорд тогтоов. Түүнээс өмнө энэ тэмцээнд 9 гоол оруулсан хүн үгүй.
Эхний гоолоос хойш удалгүй Абдулазиз Хатем дараагийн гоолыг оруулснаар катарчууд 18 дахь минутын дараа 2:0-ээр тэргүүлж эхэлсэн. Хоёрдугаар хагаст япончууд уйгагүй оролдлогын эцэст тооны харьцааг ойртуулсан ч 83 дахь минутад шүүгч видео туслахын ачаар Катарт торгуулийн цохилт зааснаар эцсийн цэгийг тавилаа.
Сонирхуулахад, дөрвөн жилд нэг удаа болдог тус тэмцээний турш 130 гоол орсон бол (дунджаар 2.55) 51 тоглолтыг 644 мянган хүн үзсэн (дунджаар 12 мянга) аж. Харин мэргэн бууч болон шилдэг тоглогчоор Алмоез Али тодорч, шилдэг хаалгачаар Катарын Саад Аль Шээб нэрлэгдлээ.