Эмэгтэйчүүдийн ДАШТ-д оролцсон Нигерийн хөлбөмбөгчид шигшээ багийнхаа эсрэг эсэргүүцэл зарлажээ.
Нигерийн хөлбөмбөгчид шөвгийн 16-д Германы багт хожигдсоныхоо дараа холбооныхоо тэргүүн Айша Фалодетой уулзсан байна. Энэ үеэр тоглогчид 2016 оноос хойш авах ёстой цалингийн асуудлаар маргалдаж, улмаар тохиролцоонд хүрээгүй тул зочид буудлыг орхиж явсан байна. Хөлбөмбөгчид шагналын мөнгийг нь өгөхөөс нааш эх орондоо буцахгүй гэж суулт зарлажээ. Суулт удаан үргэлжилвэл Нигерийн хөлбөмбөгийн холбоо буцах замын зардалд нилээд мөнгө алдах учраас тамирчид ийм шийдвэрт хүрсэн байна.
“Супер бүргэдүүд” хочит Нигерийн хөлбөмбөгчид сүүлийн хэдэн жилд шигшээ багийнхаа төлөө тэмцээнд оролцсоны хөлсөнд хоёр сая найра буюу ойролцоогоор 5,600 ам.долларын урамшуулал авсан аж.
Нигерийн хөлбөмбөгчид болон холбооны удирдлагын хооронд үргэлжилсэн маргаан анхных нь биш. Өмнө нь 2004 онд цалингаа авах гэсэн хөлбөмбөгчид гурав хоног суулт зарлаж, эх орондоо буцахаас татгалзаж байв.