Серхио Рамос шигшээдээ 168 дахь тоглолтоо хийлээ

“Реал Мадрид” клубийн туршлагатай хамгаалагч Серхио Рамос шигшээдээ 168 дахь тоглолтоо хийлээ.

“Евро 2020”-ын урьдчилсан шатанд Испани, Норвегийн шигшээ баг 1:1-ээр эвийн гэрээ байгуулсан. Тус тоглолтод оролцсон Испанийн шигшээ багийн хамгаалагч С.Рамос үндсэн багт 168 дахь тоглолтоо хийжээ. Ингэснээр С.Рамос шигшээдээ хамгийн олон тоглолтод оролцсон испани тоглогч болсон юм. Түүнээс өмнө нэрт хаалгач Икер Кассильяас 167 тоглолтод оролцсон амжилтаар тэргүүлж байв.

Өдгөө 33 настай С.Рамос 2005 оноос хойш шигшээдээ үнэнч зүтгэж буй. Энэ хугацаанд дэлхийн болон тивийн аварга болж, Испанийн шигшээгийн алтан үед багтаж байв.

Сонирхуулахад, бүх цаг үед Египетийн Ахмед Хассан 16 жилийн хугацаанд шигшээ багтаа 184 тоглолт хийсэн үзүүлэлтээр тэргүүлдэг. Харин Европ тивийн тоглогчдоос Италийн хаалгач Жианлужи Буффон 20 жилд 176 тоглолтод оролцсон аж. С.Рамосын хувьд Еквадорын Иван Хуртадогийн хамт бүх цаг үеийн есдүгээрт бичигдэж байна.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *