Дибалагийн Юве дэх ирээдүй бүрхэг байна

Тааруу улирлыг үргэлжлүүлж буй Пауло Дибала Ювентустай гэрээгээ сунгах эсэх нь тодорхойгүй хэвээр байна. (Одоогийнх нь 2022 оны 6 сарын 30-нд дуусна) Өнгөрсөн улиралд нийт 17 гоол оруулж лигийн MVP болсон Аргентин довтлогч шинэ улирал эхэлснээс хойш Сери А-д ганцхан гоол бүртгүүлээд байгаа. Түүнийгээ 12 сарын 13-нд Женоагийн эсрэг оруулсан юм. Тоглолтын дараа Дибала хэвлэл болоод клубтээ хандсан хатуу үгсийг хэлсэн юм.

“Миний гэрээний тухай олон худал мэдээлэл хэвлэлд тавигдаж байгаа. Үүнээс болоод Ювентусын фэнүүд надаас хөндийрч, хүйтэн хандаж эхэлж байна. Би ийм зүйлийг хүсэхгүй байна. Би энэ клубт хайртай. Үлдэхийг хүсдэг гэдгээ үргэлж л хэлдэг. Гэхдээ одоогоор гэрээтэй холбоотой хэлэлцээрт ямар ч ахиц гарахгүй байна. Агентыг маань Туринд байх хугацаанд клубээс нэг ч залгаагүй”

Клубын ерөнхийлөгч Андреа Аньелли маргааш нь Дибалагийн хэлсэн зүйлст ийн хариулсан юм.

“Бид түүнийг Ювед хайртай, авьяаслаг тоглогч гэдгийг нь мэднэ. Бүр ирээдүйн багийн ахлагчаа гэж хардаг. Ковид тусаж эдгэснээс нь хойш түүнд зарим зүйлс амаргүй байгаа байх. Гэрээний шинэ саналаа бид түүнд хүргүүлсэн. Хэрэв Дибала үүнийг зөвшөөрвөл Европын хамгийн өндөр цалинтай топ 20 тоглогчдын нэг болно. Би түүнээс хариуг нь хүлээж байна. Ялангуяа талбай дээрх хариултыг нь. Бид түүнийг Европын Топ 5 тоглогчдын нэг байгаасай гэж хүсэж байгаа. Тэр энэ түвшинд хүрээгүйгээ өөрөө мэднэ”

Дээрх өндөр цалинтай саналыг Ювентус Дибалаг 7 сард Сери А-гийн MVP-гээр нэрлэгдэхээс өмнө хүргүүлсэн. Харин Дибала болон түүний агент Хорхе Антун нар жилийн 15 сая евро (одоо жилийн 13-г авч байгаа)-г хүсэж байгаа гэж зарим хэвлэлүүд бичсэн.

Хэрэв хоёр тал тохиролцоонд хүрч чадахгүй бол Дибала 2021 оны өвөл эсвэл зун өөр баг руу явж магадгүй. Роналдуг ирснээс хойш түүний багт гүйцэтгэх үүрэг бага багаар хуримдаж байгаа. Пол Погба 2021 оны зун Туринд эргэн ирж Дибала Манчестер Юнайтед руу зөрөөд явна гэсэн цуу яриа хөлбөмбөгийн сайтуудаар үзэгдэж эхэлсэн.

Одоо 27 настай Дибала Палермод тоглож байхдаа олон нийтэд танигдаж улмаар 2015 онд Ювентуст өндөр хүлээлт үүсгэн ирсэн. Ювентус түүний төлөө 32 сая евро төлж, 5 жилийн гэрээ байгуулан Пирлогийн үлдээсэн 21 дугаарыг өгч байлаа.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *