Евро 2020: 26 залуу эх орноо төлөөлнө

ЕХХ-ны Шигшээ багуудын хороо өнгөрөгч Даваа гарагт хуралдлаа. Уг уулзалтаар Ковид-19 цар тахалтай холбогдуулан шигшээ багууд ирэх Евро 2020 тэмцээнд 26 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохоор болсон байна.

Өмнө нь шигшээд 23 тоглогч дуудагддаг байсан бол энэ удаад 26 залуу буурал тивийн аваргын төлөө эх орноо төлөөлөхөөр болжээ. Энэхүү шийдвэр нь ирэх улирлын өмнө тоглогчдод ирэх ачааллыг бууруулах мөн коронавирус тархсан тохиолдолд дасгалжуулагч нарт илүү өргөн бүрэлдэхүүнтэй байх боломжийг олгож буй явдал юм.

Өнгөрөгч шигшээ багийн цугларалтын үеэр Бельгийн дасгалжуулагч Роберто Мартинес “Бүрэлдэхүүнд багтах тоглогчдын тоо нэмэгдэх нь сайн зүйл. Энэ нь дэлхийн хөлбөмбөгийн өнөөгийн нөхцөл байдалд гарсан өөрчлөлтүүд, таван сэлгээ хийх эрхтэй болсон, цар тахлын тодорхойгүй байдал, тоглогчдын ачааллаас үүдсэн бэртэл гэмтэлтэй холбоотой учир зайлшгүй шаардлагатай” хэмээн мэдэгдсэн. Мөн Италийн шигшээгийн дасгалжуулагч Роберто Манчинез үүнийг дэмжиж байгаа илэрхийлээд байсан ба ийнхүү тэдний хүсэл биелэлээ олжээ.

Тэгвэл уг шийдвэр хамгийн сайнаар нөлөөлөх багийг “Атлетик” сайтын зүгээс Английн шигшээг гэж үзэж байна. Учир нь тэдний сүүлд дуудагдсан бүрэлдэхүүнд олон авьяаслаг залуу тоглогч багтаагүй билээ. Энэ дунд Александр Арнолд, Жеймс Маддисон, Жек Грилиш, Харри Уинкс зэрэг клубдээ чухал үүрэг гүйцэтгэдэг залуус байсан юм.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *