“Интер Милан”-ы шинэ баатрууд! Тэд 11 жилийн өмнө хаана юу хийж байв?

Сүүлийн 11 жилийн хугацаанд Милан хотын “Хар цэнхэрүүд” анх удаагаа Скудеттог өөрийн болгож чадлаа. Италийн лигт түрүүлэхийн тулд “Интер” маш их мөнгө, хөлс хөдөлмөр үрж мөн гурван ерөнхийлөгчийн нүүр үзсэн юм.  Энэхүү нөр их хөдөлмөрийн үр дүнд сүүлийн есөн жилийн турш босоо түрүүлсэн “Ювентүс” багийн аваргын цувралыг тэд зогсоолоо.

Ийнхүү шинэхэн “Интер”-ийн баатруудтай та бүхнийг танилцуулъя.

Интер Миланы баатрууд

Самир Ханданович

2009/2010 оны улирал Самирын хувьд “Удинезед”  гурав дахь улирлаа үдсэн байлаа. Тэр аль хэдийн багийн үндсэн тоглогч болсон байв. Хоёр жилийн дараа тэрээр шинэ зорилго, цом хүртэхийн тулд “Нераззурри”-ийн эгнээнд нэгдлээ.

““Интер”-т ирснээр би мөрөөдлөө биелүүлсэн. Ахлагчийн тууз зүүх болгондоо мэдэрдэг тэр мэдрэмжийг үгээр илэрхийлж чадахгүй, би энд олон улирлыг гайхалтай дурсамж дүүрэн өнгөрөөлөө. Одоо надад дурсамж хангалттай надад цом хэрэгтэй байна!”

Эдгээр үгсийг Самир өнгөрсөн онд тахлын үеэр хэлж байв. Ийнхүү 2021 онд буюу энэ жил 36 настайдаа Самир Ханданович анхны цомоо хүртлээ.

Стефан де Врей

Голланд хамгаалагч 2017 онд “Хар цэнхэрүүд”-д чөлөөт агентын хувиар нэгдэж байжээ. Энэхүү хүчирхэг шилжилт нь хүчирхэг баг бүрдүүлэхэд хүчтэй алхам болов.

2009/2010 оны улиралд Стефан нь анх удаагаа насанд хүрэгчдийн хөлбөмбөгийн ертөнцөд орж иржээ. 2009 оны сүүлчээр тэрээр анхны хот болох Фейенордын төлөө анхны тоглолтоо хийж, багийн үндсэн тоглогч болж байжээ.

Милан Шкриньяр

Тэрээр үндсэн багийн бүрэлдхүүнд 2012 онд 17 нас 49 хоногтойдоо дэбют тоглолтоо хийж байжээ. 2009/2010 оны улиралд Милан Шкриньяр Словакийн “Жилина”-ийн залуучуудын багт тоглож байв.

Алессандро Бастони

Алессандро “Аталанта”-ийн академиас гарч ирсэн тоглогч юм. Тэрээр долоон настайгаасаа эхлэн Бергамод байрлах академид явж эхэлжээ. Мөн Каннатезед мэргэжилтэн байсан аавынхаа удирлага доор анх бэлтгэл хийж эхэлсэн байдаг.

Маттео Дармиан

“Милан”–ы академид сурч мөн дебютээ “хар улаануудын” өмсгөлтэй хийж байсан тэрээр эх орондоо анх удаагаа цом хүртэж байна.

2009 онд тэрээр Сери В-ээс “Падова” руу нэг жилийн хугацаатайгаар зээлээр шилжиж байжээ. Түүний дебют нь 2006 оны 11-р сарын 28-нд Италийн цомын тэмцээнд “Брешиа”-тай хийсэн тоглолт юм.

Сонирхолтой нь Дармиан “Милан” хотын дербид оролцож байгаагүй билээ.

Николо Барелла

Түүнийг Хандовичийн дараа “Нераззурри”-ийн ахлагч болж магадгүй гэж үздэг чадварлаг хагас хамгаалагч юм.

2014 он хүртэл тэрээр “Кальяри”-д  бэлтгэгдэж байсан бол 2015 оны тавдугаар сарын дөрвөнд тэрээр дебют тоглолтоо “Парма”-ийн эсрэг хийж байжээ.

 Ашраф Хакими

Мароккогийн тоглогч Ашраф Хакими нь Реал Мадридаас 2020 оны зун “Интер” лүү  шилжсэн билээ.

11 жилийн өмнө Хакими нь арван нэгэн настай байсан бөгөөд тэр үед Кастилла хотод сурч байхдаа “Колониа Офигеви” сонирхогчдын клубт хөлбөмбөг тоглож эхэлжээ.

Марсело Брозович

Брозович карьераа “Хрватски Драговолак” клубт эхлүүлсэн байдаг. Тэрээр 2009 онд Хорватын хоёрдугаар лигт нийт найман тоглолтод  оролцжээ. 2009/10 оны улирлын эцэст Драговолац нь  Хорватын хөлбөмбөгийн дээд дивизион руу дэвшин оров. Марсело Брозовичийн хувьд дээд лигийн анхны тоглолт нь 2010 оны долдугаар сарын 24-нд Загребын “Динамо” багийн эсрэг хийж байжээ.

Кристиан Эриксен

Дани залуу Самирын адил цом авахын тулд “Интер” лүү  2020 онд ирж байв. Ийнхүү жил хагасын дараа Кристиан Эриксэн зорилгоо биелүүлж Италийн аварга боллоо.

Эриксен, Брозович нар нас чацуу ч гэсэн Дани залуугийн хувьд 2009/2010 оны улиралд Аяаксын залуучуудын бүрэлдэхүүнд багтаж мөн үндсэн багт дуудагдсанаар тэр жилдээ Голландын аваргын цомыг хүртэж байжээ.

Роберто Гаглиардини

Гаглиардини  нь “Аталанта”-ийн бүтээгдхүүн бөгөөд 2001 оноос Бергамо дахь баазад бэлтгэл хийж эхэлсэн билээ. Тэрээр 2013 онд Италийн цомд Сассуологийн эсрэг дебют тоглолтоо хийсэн. 2017 оны эхэнд түүнийг “Хар цэнхэрүүд” зээлээр авч байжээ.

Артуро Видал

Чили хагас хамгаалагчийг Антонио Конте өөрийн багтаа харахыг их хүссэн нь түүний 33 настай гэдэг баримт нь нотлох бизээ. Энэ улиралд Артуро Видал Аврагуудийн лигт Испаний “Реал Мадрид”-тай тоглоход гаргасан үйлдлээрээ улаан хуудас авсан нь олонд дурсагдах байх.

2009/2010 оны улиралд Видал Германы “Байер” багийн гол тоглогч. Нийт 31 тоглолтод үндсэн бүрэлдэхүүнд багтаж нэг гоол, хоёр дамжуулалт, 14 шар хуудастайгаар улирлыг дуусгаж байжээ

Эшли Янг

Өнгөрсөн өвөл Апенниний хойг руу нүүсэн Английн зүүн хагас хамгаалагч. Олон хүмүүс түүний тоглолтыг шүүмжилж байгаа ч 35 настай хөлбөмбөгчин “Хар цэнхэрүүд”-д маш их тусалж байгаа билээ. Нэг бүтэн улирал хагасын хугацаанд Англи тоглогч нийт 56 тоглолтод оролцож, 4 гоол, 8 дамжуулалт өгсөн үзүүлэлттэй байна. 1.7 сая еврогоор худалдаж авсан тоглогчийн хувьд энэ нь маш сайн үр дүн юм.

Янг 11 жилийн өмнө Астон Виллагийн багийн ахлагч байсан бөгөөд тэрээр 50 тоглолтод оролцож, 9 гоол, 17 дамжуулалт өгсөн үзүүлэлттэй байжээ.

Ромелу Лукаку

Бельги довтлогч. Антонио Контед сайн довтлогч харин Лукакуд шинэ сорилт хэрэгтэй байв. Энэ хоёр хүсэл огтлолцож бид топ төвшний довтлогчтой болсон байдаг.

2009/2010 оны улирал Ромелу Лукакугийн хувьд маш сайн улирал байлаа. 16 настайдаа тэр залуу “Андерлехт”-ийн үндсэн тоглогч болж, клубынхаа 37 тоглолтод 19 гоол оруулсан амжилт үзүүлжээ.

Лаутаро Мартинес

Аргентин довтлогч гурав дахь улирлаа Европт өнгөрүүлж байна. Сүүлийн хоёр улирал Аргентин тоглогчийн хувьд жинхэнэ нээлт гэж хэлэхэд буруутахгүй.

Сонирхолтой нь Мартинез 15 нас хүртлээ сагсан бөмбөгөөр хичээллэж байсныг цөөхөн хүн мэддэг билээ. Тэрээр хөлбөмбөгийн ертөнцөд сүүлд 2013 онд нутгийн “Линерс” багт тоглож эхэлсэн байдаг.

Алескис Санчес

“Интер”-ийн гурав дахь довтлогчийн үүрэгтэй тэрээр үндсэн довтлогчийг тохирох мөчид сэлгэж орж ирдэг. Хэдийгээр Алексис өмнөх төвшиндөө эргэж ирэхгүй байх магадлалтай ч “Манчестер Юнайтед”-д банз халааж мөнгө олж байснаас талбай дээр тоглож байх нь түүнд илүү дээр бизээ.

Чили тоглогч 2009/2010 оны улирлыг “Удинезе”-д өнгөрөөсөн бөгөөд үр өгөөжтэй гялалзаж чадаагүй юм. Тэрээр нийт 36 тоглолтод оролцож таван гоол болон гурван дамжуулалт өгсөн гэсэн үзүүлэлттэйгээр улирлыг төгсгөж байжээ.

Иван Перешич

Хорват тоглогч өнгөрсөн жилд Аваргуудын лигт түрүүлж байсан бол энэ жил “Интер”-ийн  хамт анхны цомоо өргөж байна.

2009/2010 оны улиралд Иван нь Францын “Сошо”-д харьяалагддаг байсан боловч ганц ч тоглолтын мэдүүлэгт оролгүй Бельгийн “Брюгге” руу зарагдсан байдаг. Бельгид бүтэн улирлын турш Перешич нийт 43 тоглолтод оролцож, 13 гоол, 13 дамжуулалт өгсөн байна.

Антонио Конте

Антонио Конте нь 2006 оноос бие даасан карьераа эхлүүлсэн. Тэрээр 2009/2010 оны аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс өмнө “Аталанта”-д  дуудагдсан боловч хүлээлтэд нийцэлгүй төд удалгүй зургаан сарын дараа ажлаа хүлээлгэн өгсөн билээ. 2010 оны таван сард Итали мэргэжилтэн “Сиена”-г удирдахаар болж 2010/2011 оны улиралд тэднийг “Сериа А” лигт дэвшүүлэн гаргаж байжээ.

Удаан хүлээсэн аваргын цомоо хүртсэн “Интер”-ийн баг хамт олон болон хөгжөөн дэмжигч нарт халуун баяр хүргэе!

    Start a Conversation

    Your email address will not be published. Required fields are marked *