Лукаку: Энэ тоглолтыг Эриксенд зориуллаа

Уэльс 1:1 Швейцарь 

Энэ өдрийн эхний тоглолтыг өнгөрөгч Европийн аваргын хамгийн том шуугианыг дэгдээсэн Уэльсийн шигшээ баг швейцарчуудын эсрэг хийлээ. Тоглолт Баку хотын Олимпын цэнгэлдэх хүрээлэнд явагдаж, эвийн гэрээгээр өндөрлөлөө. Шүгэл дуугарсан цагаас швейцарчууд тоглолтыг удирдаж илүүрхэж олон аюултай довтолгоо гүйцэтгэсэн ч хаалганы торыг хөдөлгөж чадсангүй. Харин хоёрдугаар үе эхлээд удалгүй довтлогч Брийл Эмболо багтаа тэргүүллийг авчирсан юм. Гэхдээ энэ цагаас уэльсчүүд ухаан орж, довтолгоондоо анхаарснаар , “Кардифф Сити” клубын довтлогч Киффер Мүүр 74 дэх минутад тооны харьцааг тэнцүүлснээр багтаа нэг оноо авчирлаа. 

Тоглолтын шилдгээр Брийл Эмболо тодорсон ба тэрбээр бүх тоглогчдыг үнэлгээгээр /8/ тэргүүлжээ. 

Уэльсийн шигшээ энэ тоглолтоос оноо салгаж чадсан ч тэдний довтолгоо асуудалтай хэвээрээ. Учир нь тэд урьдчилсан шатанд ердөө 10 гоол оруулсан ба энэ тоглолтод ч аюул тарих гоолын боломж төдийлөн үүсгээгүй юм. Мөн багийн ахлагч Гарэт Бэйл 2019 оны 10 сараас хойш 11 тоглолт дараалан хаалганы торыг хөдөлгөж чадаагүй байна. Харин Швейцарийн шигшээ баг сүүлийн есөн тоглолтод хожигдсонгүй.

https://www.youtube.com/watch?v=QWjTLGFbCXQ
Тоглолтын тойм

Дани 0:1 Финланд

Хоёр дахь тоглолт Данийн “Копенхаген” клубын “Парк” цэнгэлдэхэд явагдлаа. Уг тоглолтын онцлох үйл явдал нь үр дүн бус Кристиан Эриксений эрүүл мэнд байлаа. Энд дарж уншина уу

Тоглолт дээрх шалтгааны улмаас түр хойшлогдсон ч хэсэг хугацааны дараа үргэлжлэв. Хоёрдугаар хагасын 59 дэх минутад Финландын шигшээ багийн довтлогч Жоэл Похжанпало багтаа тэргүүллийг авчирсан. Үлдсэн хугацаанд оноогоо хамгаалснаар тивийнхээ аваргад анхны хожлоо авлаа. Энэ тоглолтын цор ганц гоолыг оруулсан Жоэл гоолын баяраа тэмдэглэхээс татгалзжээ.

Ямартай ч тоглогчдын сэтгэлзүй тогтворгүй байсан ч ийнхүү тоглолт үргэлжилж дууссан юм. Тоглолтын дараа Данийн шигшээгийн дасгалжуулагч Каспер Хюлманд энэ оройн талаар “Амьдралын хамгийн чухал зүйл бол үнэ цэнэтэй харилцаа гэдгийг сануулсан орой байлаа. Бид тоглолтод хожигдсон ч бидний бүх бодол санаа Кристиан болон түүний гэр бүлтэй хамт байна. Бид түүний төлөө залбирч байна” хэмээжээ.

https://www.youtube.com/watch?v=hQARNgYtVjY
Тоглолтын тойм

Бельги 3:0 ОХУ

Багийн уураг тархи Кевин Де Брюйнегийн эзгүйд бельгичүүд гайхалтай тоглолтоо үргэлжлүүллээ. Тоглолтын эхэнд ОХУ-ын төвийн хамгаалагч Андрей Семёнов уучилж боломгүй алдааг гаргасан ба үүнийг ч бельги довтлогч Ромелу Лукаку өршөөлгүй ашигласан юм. Тэрбээр гоолын баяраа багийн анд Эриксенд зориулсан бөгөөд камерын урд очин “Крис, Крис, би чамд хайртай” гэж хэлжээ.

Лукаку энэ тоглолтод хоёр гоолыг оруулсан юм. Энэ нь түүний шигшээ багийн төлөөх 62 дахь гоол болж бүртгэгдсэн ба тэрбээр 93 тоглолтод энэ амжилтыг үзүүлжээ.

Тэрбээр тоглолтын дараа “Энэ тоглолт гайхалтай байлаа. Гэхдээ миний бодол багийн анд Эриксентэй хамт байсан учир хэцүү байлаа. Түүнийг эрүүл байна гэж найдаж байна. Энэ тоглолтоо түүнд зориуллаа” гэсэн байна. Мөн Эриксений тухай сонссон талаараа тэрбээр “Мэдээжийн хэрэг би айсандаа маш их уйлсан. Би гэр бүлтэйгээ байхаас илүү их цагийг түүнтэй хамт өнгөрүүлдэг. Би түүний талаар болон гэр бүл эхнэр, хоёр хүүхдийнх нь талаар бодсон” гэж өгүүлжээ.

https://www.youtube.com/watch?v=Hn0tcXu6fkg
Тоглолтын тойм

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *