Англичууд хариугаа авч, нисдэг голландчууд эргэн ирлээ

Англи 1:0 Хорват

Европын АШТ-ий “D” хэсэгт багтсан Англи, Хорватын тоглолт хөлбөмбөг сонирхогчдын анхааралд байв. Гурван жилийн өмнө ДАШТ-ий мөнгөн медаль хүртэхдээ хагас шигшээд “Гурван арслангууд”-ыг хожсон хорватчуудаас хариугаа авах сайхан боломжийг алдсангүй.

Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарэт Саутгэйт сонирхолтой нэгэн гарааг энэ тоглолтод сонгосон юм. “Лийдс Юнайтед” клубын хагас хамгаалагч Кэлвин Филлипсийг бусдаас илүүд үзэж талбайд гаргасан нь нүдээ олсон шийдвэр байж, талбайн төв хэсэг түүний өргөн чөлөө мэт л гайхалтай гүйцэтгэлийг толилуулав. Мөн Пеп Гвардиолагийн удирдлага дор гараанд гарахаа больсон Рахим Стерлингийг талбайд гаргасанд олон хүн эргэлзсэн ч хоёрдугаар хагасын 57 дахь минутад орсон цор ганц гоолын эзнээр тодорсон юм. 

Рахим Стерлинг

“Гурван арслангууд” тивийнхээ аваргын нээлтийн тоглолтод 10 удаа гарсан ч нэг ч хожил авч чадаагүй цувралдаа цэг тавилаа. Мөн тоглолтын 82 дахь минутад багийн ахлагч Харри Кэйний оронд 17 нас, 349 хоногтой Жул Беллингхэмийг талбайд гаргаснаар хамгийн залуудаа Еврод тоглосон англи тоглогч болжээ.

Дасгалжуулагч Саутгэйт тоглолтын дараа “Би их сэтгэл хангалуун байна. Эхний ялалт үнэхээр чухал. Хэрвээ бид хожигдсон бол маш их дарамт ирэх байлаа. Гэхдээ энэ бол эхний зорилго. Бүгчим халуун өдөр тоглогчид маань сайн тоглож, тоглолтыг хяналтан дороо байлгаж байлаа. Энэ бол том үйл явдал. Тоглогчид бөмбөгийг хурдан шилжүүлж, бид тоглолтын туршид Хорватыг маш цөөхөн боломжоор хязгаарлаж чадлаа” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

https://www.youtube.com/watch?v=kdtNtmALrGY
Тоглолтын тойм

Тоглолтын үеэр нэгэн хөгжөөн дэмжигч үзэгчдийн хэсгээс унасан ба энэ талаар цэнгэлдэхийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Түүнд түргэн тусламжийг шуурхай хүргэсэн. Гэхдээ биеийн байдал нь хүнд байна” гэжээ. ЕХХ /УЕФА/ энэ явдлыг баталгаажуулсан боловч нууцлалын үүднээс нэмэлт тайлбар өгөхөөс татгалзажээ.

Австри 3:1 Умард Македон

Энэ тэмцээний нэгэн сонирхолтой баг бол австричууд. Тэдний бүрэлдэхүүн Германы шигшээгээс ч олон Бундеслигийн тоглогчтой гэдгээрээ анхаарал татаж буй. Тоглолтын нэгдүгээр үе эвийн гэрээгээр өндөрлөсөн бол сүүлийн хагаст Дэвид Алабагын гайхалтай дамжуулалт тоглолтыг эргүүлж Майкл Грегорич болон Марко Арнаутович нар хаалганы торыг мялааснаар гурван оноог эх орондоо авчирлаа. Энэ хожил тус тэмцээний түүхэн дэх Австри улсын анхны ялалт байснаараа онцлог байв.

Умард Македоны цор ганц гоолыг багийн ахлагч Горан Пандев оруулсан юм. Энэ нь македончуудын тэмцээний түүхэнд анхны гоол болон бүртгэгдлээ. Пандев шигшээ багийнхаа төлөө 20 жил зүтгэсэн төдийгүй 120 тоглолтын эцэст хамгийн дурсамжтай гоолоо ийнхүү шигтгэжээ.

https://www.youtube.com/watch?v=17AQyEWK7d0
Тоглолтын тойм

Нидерланд 3:2 Украин

Тиймээ нисдэг голландчууд энэ өдрийг долоон жил хүлээжээ. Тэдний хөгжөөн дэмжигчдээс гадна дэлхий нийт ч улбар шаруудыг харахад таатай байсан биз. 

Тус тоглолт одоогийн байдлаар тэмцээний хамгийн их гоол орсон тоглолт болсон төдийгүй хамгийн сонирхолтой нь байсан гэхэд хилсдэхгүй. Тоглолтын эхнээс л нидерландчууд уулга алдуулсан олон довтолгоог гүйцэтгэж байсан ч хараахан амжилт олж чадсангүй. Гэхдээ хоёрдугаар хагас эхлээд удалгүй Жоржинио Вижнальдум долоон жилийн хүлээлтийг тайтгаруулсан мэт гоолыг оруулсан юм. Удалгүй Ваут Вегхорст тоог холдуулсан ч Андрей Шевченкогоор удирдуулсан украинчууд бууж өгөлгүй тэмцэж, ердөө дөрвөн минутын дотор тоог тэнцүүллээ. Гэхдээ энэ өдрийн гол баатар баруун жигүүрийн хагас хамгаалагч Дензел Дамфрис байлаа. Үндсэн цуг дуусахаас таван минутын өмнө Натан Акегийн хөндлөн дамжуулалтыг гайхалтай төгсгөж багтаа гурван оноо авчирлаа. 

Тоглолтын дараа гайхалтай нэгэн гоол оруулсан Андрий Ярмоленко “Хэцүү тоглолт байлаа. Эхний үед бидэнд хэд хэдэн боломж гарсан ч ашиглаж чадаагүй. Бид хүчтэй өрсөлдөгчийн эсрэг тоглож байгаагаа ойлгосон. 2:0-ээр ялагдаж байсан ч тоог тэнцүүлж дөнгөсөн. Гэхдээ эцсийн мөчид ялагдлаа. Үүнд сэтгэл дундуур байгаа ч бидэнд хоёр тоглолт бий. Өнөөдрийх шигээ хичээх болно. Хэрвээ бид хасагдах шатанд шалгарвал гайхалтай байх болно” гэлээ.

https://www.youtube.com/watch?v=JI0VqFn2xM0
Тоглолтын тойм

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *