Европын супер цомын аварга – “Атлетико Мадрид”

Өнгөрсөн жилийн Аваргуудын лигийн аварга “Реал Мадрид”, Европа лигт өнгөлсөн “Атлетико Мадрид” клуб энэ жилийн Европын супер цомын төлөө өрсөлдлөө. Эстонийн нийслэл Таллин хотын А.Ле Кок цэнгэлдэхэд цугларсан 13 мянган хүний өмнө Испанийн хоёр хэн нь Европын шилдгийн шилдэг баг болохоо үзэв.

Энэ тоглолт олон талаар үзэгчдийн сонирхлыг татаж байлаа. “Реал” том өөрчлөлт хийсэн. Криштиану Роналду Итали руу явж, Зинедин Зидан “Эзэн хаан”-ы багийг орхисон. Франц менежерийн оронд энэ багийг Испанийн шигшээ багийн дасгалжуулагч асан Юлен Лопетеги удирдахаар болсон юм. Түүнчлэн хаалгач Тибо Куртуа шинэ багтайгаа хэр тоглохыг харахыг хүссэн хүн олон байсан ч Ю.Лопетеги Кэйлор Наваст найдвар тавьсан юм.

Тоглолт эхлээд л ердөө 50 дахь секундэд Диего Кошта гоолын салхийг хагалав. Бразил гаралтай испани довтлогч тус тэмцээний 43 жилийн түүхэнд хамгийн хурдан гоолыг оруулсан юм.

Гэхдээ тоглолтын 27 дахь минутад франц довтлогч Карим Бензема тооны харьцааг тэнцүүлж, хоёрдугаар хагасын 63 дахь минутад “Реал”-ийн ахлагч Серхио Рамос торгуулийн цохилтоо амжилттай гүйцэтгэснээр баг нь тэргүүлж эхэлсэн.

Гэвч 79 дэх минутад эхний гоолын эзэн Д.Кошта тоог тэнцүүлж, улмаар хоёр баг нэмэлт цаг сунгалаа. Үндсэн цагт хоёр баг эн тэнцүү өрсөлдсөн ч нэмэлт цагт “Атлетико Мадрид” илт давуу тоглолт үзүүлэв. “Реал”-ийн хамгаалагчдын гаргасан ноцтой алдааг ашиглан, Сауль Нигес багаа тэргүүнд гаргасан бол зургаан минутын дараа Коке тооны харьцааг холдуулснаар энэ тулаанд хэн хожих нь тодорхой болсон юм.

Ийнхүү “Атлетико Мадрид” Супер цомд гурван удаа өрсөлдөхдөө бүгдэд нь ялсан үзүүлэлттэй боллоо. Тэдний урд таван удаа түрүүлсэн “АС Милан”, “Барселона”, дөрвөн удаа түрүүлсэн “Реал Мадрид” бичигдэж буй.  Тус багийн ахлах дасгалжуулагч Диего Симон 2012 онд энэ цомыг авч байсан юм. “Реал”-ын хувьд зургаан удаа финалдсан ч тав дахиа түрүүлж чадсангүй. Түүнчлэн сүүлийн дөрөвт нь өрсөлдөгчөө хожсон амжилт нь тасрав.

Диего Симоны дөрвөн тоглолтын торгууль дуусаагүй байгаа тул үзэгчдийн суудлаас тоглолтыг сонирхсон юм.

  • Диего Коштагийн 50 дахь секундэд орсон гоол тус тэмцээний түүхэнд хамгийн хурдан гоол болжээ.
  • Карим Бензема “Реал Мадрид”-ын төлөө 193 гоол оруулсан. Тэрбээр энэ тэмцээнд гоолдсоноор зургаан өөр тэмцээнд гоол оруулсан тоглогч болов.
  • Диего Симон “Атлетико Мадрид”-ын хамт долоо дахь цомоо авлаа. Энэ нь клубийн түүхэнд хамгийн олон цомтой менежерээр тэмдэглэгдэв.
  • “Атлетико Мадрид” заналт “Реал”-тай таарсан шигшээ тоглолтод хэзээ ч дөрвөн гоол оруулж үзээгүй.
  • Д.Симоны хувьд “Реал”-ийг гурван өөр тэмцээнд ялж чадсан цор ганц дасгалжуулагч.
  • Юлен Лопетегигийн хувьд 1948 онд Майкл Кеепингээс хойш анх удаа нээлтийн тоглолтод дөрвөн гоол алджээ.

 

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *