Н.Цэдэнбалын ялалтын үнэтэй гоол

Зүүн Азийн АШТ-ий эхний шатанд өрсөлдсөн Монголын эрэгтэй шигшээ баг сүүлийн тоглолтоо Гуамтай хийж, 1:1-ээр тэнцсэн учир дараагийн шатанд шалгарах нь тодорхой боллоо. Уг тоглолтод хожигдвол хоёр багийн хоорондын тоглолтын үр дүнгээр Гуам хоёрдугаар шатанд өрсөлдөх байв. Сэтгэлзүйн хувьд том дарамттай уг тулаан 89 дэх минут хүртэл хуурай тэнцээгээр үргэлжилсэн.

Харин гоолын салхийг талбайн эзэн баг бус зочин багаас оруулж, манай хөлбөмбөгчид хүнд байдалд орсон. 89 дэх минутад Гуамын довтлох чиглэлийн хагас хамгаалагч Деван Жакоб Камачо Мэндиола гоол оруулсан юм. Тоглолт дуусах дөхсөн ийм үед гоол алдсан нь манай хөлбөмбөгчид төдийгүй хөгжөөн дэмжигчдэд хүнд цохилт болсон.

Үлдсэн хугацаанд довтлохоос өөр зам үлдээгүй “Хөх чононууд” энэ үүргээ ч маш сайн гүйцэтгэж, улмаар шүүгчийн мэдлийн 94 дэх минут дуусахтай зэрэг Н.Цэдэнбал тооны харьцааг тэнцүүллээ.

Норжмоогийн Цэдэнбал хэмээх энэ залуу гоол алдахад “үүрэг гүйцэтгэж”, эсрэг багийн довтлогчид дамжуулалт өгсөн буруутай ч түүнээс дутахгүй гавьяагаараа Монголын хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээлээ. Тэрбээр “Улаанбаатар Сити” клубийн хамгаалагч юм.

Ийнхүү Монголын шигшээ баг нэгдүгээр шатанд хоёр ялж, нэг тэнцсэн үзүүлэлтээр 7 оноогоор анх удаа Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан хоёрдугаар шатанд өрсөлдөх боллоо.

Ирэх арваннэгдүгээр сард Тайваньд болох хоёрдугаар шатны урьдчилсан тэмцээнд Тайвань, Хонконг,  Хойд Солонгосын багтай эцсийн шатанд өрсөлдөхийн төлөө хүч сорино. Энэ бол Монголын хөлбөмбөгийн түүхэнд анх удаа болж буй үйл явдал юм.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *