К.Роналду болон Л.Мессигийн эвдэж чадаагүй рекордууд

Португалын Криштиану Роналду, Аргентинийн Лионель Месси хоёрыг энэ цаг үеийн шилдэг хөлбөмбөгчин гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрнө. Аваргуудын лигт тэдний тогтоосон дээд амжилт нэгээр тогтохгүй олон бий. Тэднийг их спортоо орхих үед доор дурдах олон дээд амжилтыг өөрсдийнхөө нэр дээр бичүүлж, алдарын оргилд гарснаа батлах боломж бас байгаа. Одоогоор тэдний хүрч чадаагүй рекорд амжилтыг сонирхуулья.


Домогт Алфредо Ди Стефано

Шигшээ тоглолтод оруулсан гоол

  • Шигшээ тоглолтод хамгийн гоол оруулсан: 7 – Алфредо Ди Стефано, Ференц Пушкаш (хоёул Реал Мадрид)
  • Хамгийн олон удаа шигшээд дараалан гоол оруулсан: 5 – Алфредо Ди Стефано (Реал Мадрид, 1956, 1957, 1958, 1959, 1960)
  • Нэг удаагийн шигшээ тоглолтод олон гоол оруулсан: 4 – Ференц Пушкаш (Реал Мадрид, 1960)

Л.Месси шигшээ тоглолтод хоёр гоол (2009 болон 2011) оруулсан бол К.Роналду дөрвийг (2008, 2014 онд тус бүр нэг, 2017 онд хоёр) шигтгэсэн ч “Реал”-ийн домгуудыг гүйцэхэд гурван гоол дутуу хэвээр байгаа аж. Португал довтлогч зургаан удаа шигшээд оролцсон нь Алфредо Ди Стефаногоос нэг, энэ үзүүлэлтээр рекорд эзэмшдэг Франческо Хенто (Реал Мадрид), Паоло Малдини (АС Милан) нарыг гүйцэхэд дахин хоёр удаа финалдах шаардлагатай.


37 настай Икер Касельес одоо ч тоглож буй

UEFA-д хамгийн олон тоглолтод оролцсон

  • Хамгийн олон удаа Аваргуудын лиг/Европа лигт тоглосон: 172 – Икер Касильес
  • UEFA-гаас зохион байгуулсан клубийн түвшний тоглолтод оролцсон тоглогч: 179 – Икер Касильес

К.Роналду (123) болон Л.Месси (106) Европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан клубийн тэмцээнд хамгийн олон гоол оруулсан тоглогчид боловч нийт тоглолтод оролцсон тоогоор И.Касильесийг гүйцэхгүй. Одоогоор аргентин довтлогч 130 тоглолтод оролцсон бөгөөд энэ үзүүлэлтээр 35 дугаарт жагсана. Харин түүнээс хоёр жил, 139 хоногоор ах К.Роналду 162 тоглолтод оролцсон үзүүлэлтээр зургадугаарт бичигдэж байна. Одоогоор “Порту”-д зүтгэж буй испани хаалгачийг К.Роналду энэ жилдээ гүйцэхэд хэцүү. Гэхдээ хаалгачийг оролцуулахгүйгээр хамгийн олон тоглолтод оролцсон “АС Милан”-ы Паоло Малдинигийн рекордыг (174) давтахад 12 тоглолт дутуу байгаа аж.


З.Ибрагимович Аваргуудын лигт зургаан өөр клубийн нэр дээр гоол оруулсан

Бусад рекордууд

  • Аваргуудын лигийн цомыг хоёроос олон клубт байхдаа авсан тоглогч: 3 – Кларенс Сийдорф (Аякс 1995, Реал Мадрид 1998, АС Милан 2003, 2007)
  • Аваргуудын лигт хамгийн олон клубийн өмнөөс гоол оруулсан тоглогч: 6 – Златан Ибрагимович (Аякс, Ювентус, Интер, Барселона, Милан, ПСЖ)

Хэрвээ К.Роналду “Ювентус”-ын хамт түрүүлж чадвал К.Сийдорфын рекордтой тэнцэх боломжтой. Тэрбээр “Манчестер Юнайтед”-д байхдаа 2008 онд, “Реал Мадрид”-ын бүрэлдэхүүнд 2014, 2017 оны шигшээд тус бүр гоол оруулж, Аваргуудын лигийн цом авсан билээ.

Харин З.Ибрагимовичийн рекордыг эвдэхийн тулд К.Роналду дахин гурван өөр багт нэгдэх шаардлагатай.


Франческо Тотти

Хамгийн ахмад насандаа гоол оруулсан

  • Аваргуудын лигийн шигшээ: Паоло Малдини (36 нас 333 хоног) – Милан V Ливерпуль (25/05/2005)
  • Аваргуудын лигийн хэсгийн шат болон хасагдах шат: Францеско Тотти (38 нас 59 хоног) – ЦСКА Москва V Рома (25/11/2014)
  • Европын цом: Манфред Бургсмюллер (38 нас 293 хоног) – Вердер Бремен V Динамо Берлин (11/10/1988)

П.Малдинигийн рекордыг шинэчлэхийн тулд К.Роналду 2021/22 оны Аваргуудын лигийн шигшээд өрсөлдөх хэрэгтэй. Харин Л.Мессигийн хувьд шигшээ тоглолт тавдугаар сарын 23-наас өмнө зохион байгуулагдвал  2023/24 онд л боломж гарна.

Хэсгийн шатанд гоолдсон рекордыг шинэчлэхэд К.Роналду 2023 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш, Л.Месси 2025 оны наймдугаар сарын 22-ноос хойш боломж гарна.


Хамгийн хурдан гоол

  • Аваргуудын лиг: Рой Макаай (10.12 секунд) – Бавари Мюнхен V Реал Мадрид (07/03/2007)
  • Аваргуудын лигийн шигшээ: Паоло Малдини (53 секунд) – Милан V Ливерпуль (25/05/2005)

К.Роналдугийн хамгийн хурдан гоол 2013 онд “Ювентус”-ын эсрэг дөрөв дэх минут, Л.Мессигийн богино хугацаанд оруулсан гоол “Селтик”-ийн эсрэг 2016 онд гурван минутад оруулсан гэж тэмдэглэгджээ. Аваргуудын лигийн шигшээд Л.Мессигийн оруулсан хоёр гоол хоёул хоёрдугаар хагасаас, К.Роналдугийн хурдан гоол нь мөн “Ювентус”-ын эсрэг 20 дахь минутад орж байв.


Хэт Трик

  • Аваргуудын лигт хамгийн хурдан хугацаанд хэт трик хийсэн тоглогч: Бафетимби Гомис (8 минут) – Динамо Загреб V Олимпик Лион, 07/12/2011

К.Роналду, Л.Месси хоёул хамгийн олон хэт трик хийсэн тоглогчид. Гэхдээ Б.Гомисын найман минутад гурван гоол оруулсан үзүүлэлтийг давж чадаагүй. Аргентин довтлогчийн хамгийн богино хугацаанд гүйцэтгэсэн хэт трик 22 минут үргэлжилсэн бол К.Роналду 12 минутад амжуулсан юм.


Л.Месси Рауль Гонзалесийн рекордыг эвдэхэд ойрхон иржээ

Хамгийн урт үргэлжилсэн цуврал

  • Аваргуудын лигийн хамгийн олон улиралд гоол оруулсан: Райан Гигз (16)

Л.Месси 14 улирал дараалан гоол оруулсан амжилтаараа Рауль Гонзалестай тэнцсэн. Харин К.Роналду 13 улирал дараалан гоолдсон. Харин Р.Гигзийн амжилтыг эвдэхийн тулд португал довтлогч 40 нас хүртлээ хөлбөмбөгөө үргэлжлүүлэх шаардлагатай бол Л.Месси 2020/21 онд тэнцэж чадах юм.


 

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *