Криштиану Роналду Германы сэтгүүлийг шүүхэд өгнө

Германы “Der Spiegel” сэтгүүл нэрт хөлбөмбөгчин Криштиану Роналдуг америк бүсгүй Кэйтрин Маяоргаг хүчиндсэн, үүнийгээ нуухын тулд хохирогч бүсгүйд мөнгө өгч, өгсөн гэх мэдээлэл цацаж, багагүй дуулиан тарьсан билээ. Энэ хэрэг 2009 онд Лас Вегасын зочид буудалд болсон гэж тэд мэдээлсэн юм.

Харин К.Роналду өөрийн 142 сая дагагчтай инстаграм хуудсаараа дамжуулан энэ бүхэн худал мэдээлэл гэж няцаагаад сэтгүүлчид миний нэрийг ашиглах явдал их байдаг. Энэ бол тэдний ажил, үүнд санаа зовохгүй байна гэх мэтээр тайлбар өгчээ.

Гэхдээ нэрт хөлбөмбөгчний хуулийн баг Герман сэтгүүлийг зүгээр өнгөрүүлэхгүй гэнэ. Тэд хэрээс хэтэрсэн энэ үйлдэлд гомдол мэдүүлж, шүүхэд хандахаар төлөвлөж байгаагаа зарлажээ.

Сэтгүүлд бичсэнээр бол уг хэрэг 2009 оны зургадугаар сард Испанийн “Реал Мадрид” клуб АНУ-д аялан тоглолт хийх үеэр болсон бололтой. Лас Вегасын нэгэн зочид буудалд тоглогчид наргисан бөгөөд тэр үдэш К.Роналду хохирогч гэх бүсгүйтэй нэг өрөөнд орсон гэнэ. Энэ үеэр бүсгүйд хүч хэрэглэж, үйл явдал болоод өнгөрсний дараа дуугүй байхаар тохиролцож, 375 мянган “ногоон” өгсөн гэнэ.

Харин К.Роналду тэр бүсгүйтэй холбоотой гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч энэ бол тохиролцсон харилцаа байсан гэж тайлбарласан бололтой. Хохирогч бүсгүй тухайн үед цагдаад хандаж, гэмтлийн зэргээ тогтоолгосон ч дараа нь олон нийтэд дэлгэхээс ичиж, тохиролцохоор шийдсэн гэж тайлбарласан байна. Америк бүсгүй гомдлоо дахин сэргээж, Невадагийн шүүхэд гомдол гаргасан талаар Германы сэтгүүл онцолжээ.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *