Баяртай, Жон Терри!

Английн “Челси” клубийн хамгаалагч асан Жон Терри хөлбөмбөгийн замналаа өндөрлөхөөр шийдэв. 1998 оны аравдугаар сард залуухан хүү Жон Терри “Челси”-гийн өмсгөлтэй анх удаа талбайд гарч байв. Түүнээс хойш 20 жил өнгөрч, албан ёсны сүүлийн тоглолтод оролцсоноос хойш таван сарын дараа өдгөө 37 настай Жон Терри хөлбөмбөгөө орхих цаг болсныг зарлав.

Ж.Терри Английн хоёрдугаар дивизионы баг болох “Астон Вилья” дахь гэрээ нь дууссанаас хойш дахин өөр багтай гэрээ хийгээгүй юм.

Тэр бол Английн шигшээд 78 тоглолт хийж, 2017 онд “Челси”-г орхих хүртлээ энэ багтаа үнэнчээр зүтгэсэн ахлагч.

20 жил “Челси”-д данстай явахдаа Английн Премьер лигийн аваргаар таван удаа, холбооны цомд тав, лигийн цомыг таван удаа хүртэж, Аваргуудын лиг, Европа лигт хүртэл түрүүлээд үзчихсэн. “Челси”-д 700 гаруй тоглолтод оролцсон түүхтэй.

“Челси” клубийн албан ёсны цахим хуудас Ж.Террид хүндэтгэл үзүүлэв

Ж.Террид баг олдоогүйдээ их спортоо орхиогүй. “Астон Вилья” дахь гэрээ нь дуусаад ОХУ-ын “Спартак Москва” баг түүнд санал тавьсан ч гэр бүлийнхээ хүнтэйгээ ярилцаад татгалзахаар шийдсэн юм.

Ж.Терри 17 настайдаа буюу 1998 оны аравдугаар сард Лигийн цомын тэмцээний үеэр “Астон Вилья”-гийн эсрэг талбайд гарсан. Клубийнхээ төлөө анхны гоолоо 2000 онд Холбооны цомын тоглолтод “Гильингхэм”-ийн эсрэг оруулж байв.

2009-10 оны улиралд Английн Премьер лигийн аварга, Холбооны цомын аварга болж, багийнхаа төлөө 50-аас дээш тоглолтод оролцсон “Челси” клубийн түүхэнд ийм амжилт үзүүлсэн долоо дахь тоглогч болсон билээ.

Ж.Терригийн онцгой амжилтууд

  • 40 – Английн Премьер лигийн түүхэнд тэр хамгийн олон гоол оруулсан хамгаалагч юм.
  • 307 – Райан Гигз (407), Фрэнк Лампард (349), Пол Скоулз (321) нар л Премьер лигт Ж.Терригээс илүү олон ялалт байгуулж байв.
  • 109 – Түүний Аваргуудын лигт тоглосон тоо. Англи тоглогчдоос П.Скоулз л түүнээс их буюу 124 тоглолтод оролцсон юм.
  • 38 – “Челси” клуб 2014-15 оны улиралд лигийн аварга болоход Ж.Терри бүх 38 тоглолтод оролцож байлаа. Түүний тоглосон бүх тоглолтод баг нь 26 ялалт байгуулж, ердөө гуравхан удаа дийлджээ.
  • 6 – Замналынхаа турш Премьер лигт зургаан удаа улаан хуудас авч хөөгдсөн. Аваргуудын лигийн нэг тоглолтыг улаан жавтий хүртэж, орхисон удаатай.
  • 69 – Шар хуудасны тоо. 2011-12 оны улиралд найман шар хуудас авсан билээ.
  • 1 – Хамгаалагч хүн оны шилдэг тоглогч болно гэдэг амаргүй. Боломжгүй зүйл гэж үгүй гэдгийг хамгаалагч эр харуулж, оны шилдгээр тодорсон юм.
  • 3 – Европын хөлбөмбөгийн холбооноос оны шилдэг хамгаалагчаар гурван удаа түүнийг нэрлэсэн.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *