Балканы хойгийн орнууд ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлтэй

Болгар, Грек, Серб болон Румын улс 2030 оны хөлбөмбөгийн ДАШТ болон 2028 оны Европын АШТ-ийг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Хар тэнгисийн Варна хотод болж буй Балканы хойгийн орнуудын чуулга уулзалтын үеэр ийм мэдээлэл тархжээ.

Балканы хойгийн орнууд өмнө нь хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулсан түүх байхгүй ч Югослави улс салахаас өмнө 1976 оны Европын АШТ-ийг зохион байгуулж байсан билээ.

Тэгвэл Грекийн ерөнхий сайд Алексис Ципрасын мэдээлснээр дээрх дөрвөн улс ойрын 10 жилийн хугацаанд хөлбөмбөгийн томоохон тэмцээнийг нутагтаа зохион байгуулахын төлөө нэгдэхээр болжээ. Түүний энэ бодлыг Болгарын ерөнхий сайд Бойко Борисов дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Уругвай улс 100 жилийн дараа эх орондоо ДАШТ-ийг хүлээн авах хүсэлтэй байгаа билээ

2030 оны ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулах сунгаанд өрсөлдөх ганц нэр дэвшигч нь тэд бус. Английн хөлбөмбөгийн холбооноос нэр дэвшихээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн бол Өмнөд Америк тивийн зүгээс Аргентин, Уругвай, Парагвай улсууд нэгдэх сонирхолтой байгаа юм. Хэрвээ тэдний хүсэл биелвэл 1930 онд анхны ДАШТ-ийг зохион байгуулснаас хойш 100 жилийн дараа Уругвайд болно гэсэн үг.

Түүнчлэн Хойд Африкийн бүс нутгаас Марокко, Алжир, Тунис улс хамтарч нэр дэвшинэ. Марокко улсын хувьд өмнө нь таван удаа нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй билээ.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны зүгээс 2030 оны ДАШТ-ийг зохион байгуулах улсыг 2022 онд зарлах юм.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *