Монголын шигшээ баг гурав дараалан ялагдлаа

Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд анх удаа шалгарсан манай хөлбөмбөгчид чансаа илүү багуудтай эн тэнцүү тоглосон ч хожил авч чадсангүй.

Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Хонконгийн эсрэг хийсэн ч 5:1-ээр дийлдлээ. Хэдийгээр нэр нь Хонконгийн шигшээ боловч бүх тивээс ирсэн тоглогчидтой хүчтэй бүрэлдэхүүнтэй байв. Тодруулбал, өнөөдөрийн тоглолтын гараанд гэхэд Бразил, Испани, Нигери, Англиас ирсэн тоглогчид багтсан юм.

Легионер тоглогчид нь ч ирсэн хэргээ бүтээж, 24 дэх минутад бразил гаралтай довтлогч Сандро эхний гоолыг оруулж, багтаа тэргүүллийг авчирсан юм. Энэ гоолоос 12 минутын дараа Английн Бирмингем хотод төрсөн Жэймис МакКее хоёр дахь гоолыг оруулснаар хонконгчууд эхний хагаст 2:0-ээр тэргүүлэв.

Хонконгийн шигшээ багийн гарааны XI

Харин хоёрдугаар хагас эхлээд удалгүй Монголын шигшээ багийн хамгаалагч Артагийн Нармандах мөргөж гоол оруулснаар тооны харьцааг ойртуулсан ч эхний гоолын эзэн Сандро 57 дахь, нигери гаралтай хамгаалагч Фестус Байсе 83 дахь, мөн нигерид төрсөн довтлогч Алекс Аканде 87 дахь минутад тус бүр гоол оруулж, багаа хожилд хүргэлээ.

Хонконгийн шигшээ багийн гарааны 11 тоглогчийн 6 нь гадаадын легионерууд. Ингээд зогсохгүй камерун гаралтай довтлогч Пол Нгуег сэлгээнд суулгасан юм.

Мөн бүрэлдэхүүнд нь испани хамгаалагч Дани Канкела, англи төвийн хамгаалагч Энди Рассел нар байсан аж.

Ийнхүү Монголын шигшээ баг гурван тоглолтод бүгдэд нь гоол оруулсан ч нийт 11 бөмбөг хаалгандаа алдаж, хэсэгтээ хамгийн сүүлийн байрт бичигдлээ.

 

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *