Английн хөлбөмбөгийн холбоо хэвлэлд гарсан мэдээллийн дагуу тамирчдаас мэдүүлэг авна.
Өнгөрсөн баасан гаригийн “Sun” сонины тэргүүн нүүрэнд гарсан мэдээллийг Английн хөлбөмбөгийн холбоо шалгана гэдгээ мэдэгдэв. Уг сонинд бичсэнээр бол Зул сарын баяраа тэмдэглэж байсан нэгэн клубийн тоглогч шөнийн клубийн бие засах өрөөнд кокаин хэрэглэж байгаад дасгалжуулагчдаа баригдаж, гэртээ харьсан аж.
Гэхдээ уг сонин Английн шигшээгийн тоглогч хэмээн онцолсон болохоос нэрийг нь зарлаагүй. Тиймээс тус улсын хөлбөмбөгийн холбоо болсон үйл явдлын мөрөөр тамирчид болон гэрч нараас мэдүүлэг авахаар төлөвлөсөн гэнэ.
WADA буюу Олон улсын допингийн эсрэг агентлагаас гаргасан хар жагсаалтад тэмцээнээс бусад үед кокаин хэрэглэсэн бол эрх хасах заалт байхгүй. Гэхдээ хөлбөмбөгийн холбооны дотоод журмаар хориглодог аж.
Сонинд бичсэнээр бол одоогоор нэр нь нууцлагдсан тоглогч өмнөх өдөр нь допингийн шинжилгээ өгсөн бололтой.
Английн Премьер лигт допингийн шинжилгээг хэрхэн авдаг вэ?
- Премьер лигийн тоглогчид шаардлагатай бол хэдийд ч допингийн шинжилгээ өгнө.
- Холбооны дүрэмд зааснаар бол допингийн шинжилгээг бэлтгэл дээр авдаггүй. Гэрт нь очиж авахаар бол тухайн тоглогчид нэг цагийн өмнө урьдчилж мэдэгдэх ёстой аж.
- Клубийн зүгээс бэлтгэлтэй өдрөө заавал холбоонд мэдэгдэж байх ёстой.
- Английн хөлбөмбөгийн холбоо энэ улирал дуусах үеэр багадаа 4500 гаруй допингийн шинжилгээ авахаар төлөвлөсөн.
- Гэхдээ Премьер лигт тоглож байсан нэгэн довтлогч улиралд ердөө нэг удаа допингийн шинжилгээ өгч байсан талаар ярьсан нь олон нийтийг шуугиулсан юм.
- Кокаин буюу мансууруулах бодис хүний цусанд хоёр өдөр, харин шээсэнд дөрвөн өдөр хадгалагддаг.
- Гэхдээ үсний шинжилгээгээр сүүлийн 90 өдөрт хар тамхи хэрэглэсэн эсэхийг нь илрүүлдэг.