Криштиану Роналду 21.6 сая ам.долларын торгууль төлнө

Италийн “Ювентус” клубийн довтлогч Криштиану Роналду Испанийн шүүхээс ял сонслоо.

Испанийн шүүхээс К.Роналдуг татвараас зугтсан хэрэгт нь 23 сарын ял оноолоо. Гэхдээ Испани улсын хуулиар хоёр жилээс бага хугацаанд ял авсан бол мөнгөн торгууль оноож, тэнсэн харгалзах ял руу шилжүүлдэг билээ. Тиймээс К.Роналду эрх чөлөөтэй хэвээр байх аж.

К.Роналдугийн татвараас зугтсан гэх хэрэг түүнийг “Реал Мадрид”-д 2010-14 оны хооронд тоглож байхад эхэлсэн гэж үздэг. Түүнийг дээрх хугацаанд олсон орлогодоо татвар төлөхөөс зайлсхийж, гадаадын татвар бага авдаг бүс нутгуудад мөнгөө байршуулсан, бага татвар төлөхийг оролдсон гэж буруутгасан юм.

Испани хэлээр мэдээлэл түгээдэг EFE мэдээллийн агентлагийн мэдээлснээр бол К.Роналду гадаадын дөрвөн банкинд байршуулсан нийт 5.7 сая евро бүхий дөрвөн хэргийг хүлээн зөвшөөрсөн гэнэ.

К.Роналдугийн шүүх хурал 15 минут үргэлжилж, нэрт хөлбөмбөгчин буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн бичигт гарын үсэг зураад гарчээ.

“Реал Мадрид”-ын хагас хамгаалагч асан Шави Алонсо энэ долоо хоногт шүүхэд дуудагдсан юм

Испанийн татварын асуудлаар шүүхийн хаалга татаагүй хөлбөмбөгчин хүн олон. Энэ долоо хоногт К.Роналдугаас гадна “Реал Мадрид”-д зүтгэж байсан Шави Алонсо мөн хуулийн өмнө буруутай эсэхээ хэлэлцсэн. Ш.Алонсог ойролцоогоор хоёр сая еврогийн татварын асуудалд буруутгасан юм. Тэднээс гадна Лионель Месси, Нэймар, Марсело нарын алдартнууд татвараас зугтсан асуудлаар шүүхийн хаалга татаж байв.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *