Гоолын бороо орсон өдөр

“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий Ази дахь урьдчилсан шатны гурав дахь тулаанууд боллоо.

Гурав дахь тойргийн тоглолтууд:
(10 сарын 10)

Хэсэг А: Сири 2:1 Мальдив, БНХАУ 7:0 Гуам
Хэсэг Б: Австрали 5:0 Балба, Йордан 0:0 Кувэйт
Хэсэг С: Иран 14:0 Камбож, Ирак 2:0 Хонконг
Хэсэг Д: Саудын Араб 3:0 Сингапур, Узбекистан 5:0 Йемен
Хэсэг Е: Оман 3:0 Афганистан, Бангладеш 0:2 Катар
Хэсэг Ф: Япон 6:0 Монгол, Кыргыз 7:0 Мьянмар
Хэсэг Ж: Арабын Нэгдсэн Эмират 5:0 Индонез, Вьетнам 1:0 Малайз
Хэсэг Х:
Ливан 2:1 Туркменистан, БНСУ 8:0 Шри Ланка

Өчигдөр ДАШТ-ий урьдчилсан шатны зургаан тоглолт явагдаж, гэрийн эзэн багууд өрсөлдөгчөө олон гоолын зөрүүгээр “гомдоосон” олон тоглолт боллоо. Австрали, Япон, БНСУ, Иран зэрэг тивийн томоохон төлөөлөгчид учраагаа багадаа таван гоолын зөрүүгээр ялсан. Иранчууд нутагтаа Камбожийг хүлээн авч, 14:0-ээр бут ниргэлээ.

Япон 6:0 Монгол
Гоол: Такүми Минамино (22), Маяа Ёшида (29), Юто Нагатомо (34), Кэнсүкэ Нагаль (40), Ватарү Эндо (57), Дайчи Камада (82)


Одоогоос 55 жилийн өмнө буюу 1964 оны аравдугаар сарын 10-нд Токиогийн олимп хөшгөө нээж байв. Хагас зуун жилийн дараах яг энэ өдөр “Катар 2022”-ын урьдчилсан шатны тоглолт Японд болсон юм.

Энэ тоглолт Японы шигшээ багийн 2020 он хүртэл албан ёсны тоглолтоо хийх гэрээтэй “Сайтама 2002” цэнгэлдэхэд боллоо. 2001 оны аравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн тус цэнгэлэдэхэд 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ болсноос гадна 2020 оны олимпийн хөлбөмбөгийн зарим тоглолт зохион байгуулахаар төлөвлөж буй. Японы шигшээ багаас гадна “Урава Рэд Даймондс” багийн гэр аж.

Нийт 63,700 хүний суудалтай тус цэнгэлдэхэд болсон Япон, Монголын тоглолтыг шууд үзэж сонирхохоор 43,122 хүн цугласан. Эхний 20 минутад хоёр баг гоол оруулж чадаагүй. Харин 22 дахь минутад гоолын салхийг хагалж, Австрийн “Рэд Булл Зальцбург” багийн хагас хамгаалагч Такүми Минамино анхны гоолыг оруулав. Өдгөө 24 настай Т.Минаминогийн шигшээдээ хийсэн найм дахь гоол гэнэ. Тэрбээр өнгөрсөн сард Мьянмарын хаалгыг бас мялаасан билээ.

Үүнээс хойш нэг их удалгүй Английн “Саутхэмптон” клубт данстай хамгаалагч Маяа Ёшида тооны харьцааг холдуулав. Шигшээдээ 2010 оноос хойш хүчин зүтгэж буй 31 настай япон эр улсынхаа төлөө 98 тоглолтод оролцож, 11 дэх гоолоо оруулсан нь энэ юм.

Гурван минутын дараа Японы өөр нэгэн туршлагатай хамгаалагч болох Юто Нагатомо гоолдов. Өнгөрсөн сард 33 нас хүрсэн Ю.Нагатомо шигшээдээ 120 дахь тоглолтоо хийлээ. Одоогийн байдлаар Японы шигшээд хамгийн олон тоглолт хийсэн гурав дахь тоглогч юм.

Эхний хагас өндөрлөхөөс таван минутын өмнө “ФС Токио” багийн довтлогч Кэнсүкэ Нагай тооны харьцааг 4:0 болгов.

https://youtu.be/If-p4SPVqA4

Хоёрдугаар хагасын 57 дахь минутад булангаас ирсэн бөмбөгийг Ватарү Эндо мөргөж оруулсан. Одоогоор Германы “Штутгарт” клубт зээлээр тоглож буй В.Эндо шигшээдээ 21 тоглолт хийсний эцэст анх удаа гоолдсон юм.

Тоглолтын эцсийн цэгийг 82 дахь минутад Бельгийн лигт данстай Дайчи Камада тавилаа. Өдгөө 23 настай Д.Камада энэ жилээс шигшээдээ багтаж, гурав дахь тоглолтоо хийгээд анхны гоолоо орууллаа.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *