Туркийн шигшээ багт 112 тоглолт хийж, 51 гоол оруулсан Хакан Шюкюр 2011 онд одоогийн Ерөнхийлөгч Таийп Эрдоганы “Шударга ёс, хөгжил” намд элссэн ч үзэл бодлын зөрчилдөөн үүссэн тул хоёр жилийн дараа намаас гарсан билээ.
Хакан Шюкюр саяхан Германы “Welt am Sonntag” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа төрийн эргэлтэд оролцсон гэж буруутгагдсанаас хойш амьдрал нь тун хэцүү болсон талаар ярьжээ.
“Би хоосорсон. Т.Эрдоган миний бүх зүйлийг авсан. Эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, ажиллах боломж гээд бүх зүйлийг маань дээрэмдсэн” гэж 48 настай довтлогч онцолсон байна.
“Т.Эрдоганаас зайгаа барьсан цагаас хойш намайг сүрдүүлэх нь энгийн үзэгдэл болсон. Эхнэрийг маань дэлгүүрт явж байхад дайрч, хүүхдүүдийг маань доромжилсон. Аав маань шоронд орж, миний бүх эд хөрөнгийг хурааж авсан” гэж Хакан цааш нь үргэлжлүүлсэн юм.
Аргаа барсан Х.Шюкюр АНУ-ын Калифорниа муж руу нүүж, тэндээ кафе ажлуулж байсан ч үл таних этгээдүүд сүрдүүлэх болсон тул бизнес хийхээ больсон аж. Одоо тэр “Uber” тэрэг жолоодож, ном зарах болжээ.