Багийн ахлагч Х.Цэнд-Аюушын дамжуулалтаар О.Мижиддорж шигшээ багийн 100 дахь гоолыг оруулав.
Японы Осака мужийн “Панасоник” цэнгэлдэх хүрээлэнд 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ болон 2023 оны Азийн АШТ-ий эрх олгох “F” хэсгийн Монгол, Киргизийн тоглолт боллоо.
Монголын шигшээ багийн хувьд энэ тэмцээний сүүлийн тоглолтоо хийж буй бол Киргизийн багт хожил заавал зайлшгүй шаардлагатай тоглолт байв. Одоогоор хэсэгтээ долоон оноотой яваа киргизчүүд энэ тоглолтоос гурван оноо авсан бол Тажикстантай оноо тэнцэх, цаашлаад хэсэгтээ Японы ард хоёроор бичигдэх боломжтой байв.
Гэвч цар тахалд багагүй тоглогч, дасгалжуулагчид нь оролцоогүй. Улмаар хамгаалагч Айзар Акматов нь хаалган дээр зогсохоос өөр аргагүйд хүрчээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард япон мэргэжилтэн Масэ Шүүичиг томилогдсоноос хойш анхны тоглолтоо хийж буй манай шигшээгийн залуус ч энэ боломжийг алдсангүй. Тоглолтын 17 дахь минутад багийн ахлагч Х.Цэнд-Аюушын чөлөөт цохилтоос хийсэн дамжуулалтыг довтлогч О.Мижиддорж гоол болгосноор шигшээ багийн 100 дахь гоолыг орууллаа. Харамсалтай нь, эхний үеийн төгсгөлд Киргизийн багийн хагас хамгаалагч Кайрат Жиргалбек О.Мижиддорж дээр бүдүүлэг алдаа гаргав. Түүний алдааны уршгаар О.Мижиддорж бэртлээ сэдрээсэн тул М.Жансерикээр сэлгэхээс өөр арга байсангүй. Харин талбайн шүүгч киргиз тоглогчийг шар хуудсаар торгосон юм.
Эхний үед авсан давуу байдлаа хоёрдугаар үед ч хадгалж үлдсэнээр Монголын “Хөх чононууд” урьдчилсан шатанд хоёр дахь ялалтаа байгуулж, хэсэгтээ зургаан оноотой боллоо. Энэ хэсгийн бусад багуудын тоглолт дуусаагүй тул эцсийн үр дүн хараахан гараагүй байгаа. Одоогоор зургаан оноотой Мьянмар, Монголын баг ижил байгаа ч гоолын зөрүүгээр манай залуус ард нь бичигдэж байгаа билээ. Мьянмарчууд энэ сарын 11-нд Киргиз, 15-нд Тажикстаны багтай учраа таараад зургаагаас олон гоолын зөрүүгээр хожигдвол манай шигшээ баг хэсэгтээ дөрөвдүгээрт жагсах боломжтой ажээ.