Tag: Монголын шигшээ

Шигшээ багийн 100 дахь гоол ялалт авчирлаа

Багийн ахлагч Х.Цэнд-Аюушын дамжуулалтаар О.Мижиддорж шигшээ багийн 100 дахь гоолыг оруулав.

Японы Осака мужийн “Панасоник” цэнгэлдэх хүрээлэнд 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ болон 2023 оны Азийн АШТ-ий эрх олгох “F” хэсгийн Монгол, Киргизийн тоглолт боллоо.

Монголын шигшээ багийн хувьд энэ тэмцээний сүүлийн тоглолтоо хийж буй бол Киргизийн багт хожил заавал зайлшгүй шаардлагатай тоглолт байв. Одоогоор хэсэгтээ долоон оноотой яваа киргизчүүд энэ тоглолтоос гурван оноо авсан бол Тажикстантай оноо тэнцэх, цаашлаад хэсэгтээ Японы ард хоёроор бичигдэх боломжтой байв.

Гэвч цар тахалд багагүй тоглогч, дасгалжуулагчид нь оролцоогүй. Улмаар хамгаалагч Айзар Акматов нь хаалган дээр зогсохоос өөр аргагүйд хүрчээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард япон мэргэжилтэн Масэ Шүүичиг томилогдсоноос хойш анхны тоглолтоо хийж буй манай шигшээгийн залуус ч энэ боломжийг алдсангүй. Тоглолтын 17 дахь минутад багийн ахлагч Х.Цэнд-Аюушын чөлөөт цохилтоос хийсэн дамжуулалтыг довтлогч О.Мижиддорж гоол болгосноор шигшээ багийн 100 дахь гоолыг орууллаа. Харамсалтай нь, эхний үеийн төгсгөлд Киргизийн багийн хагас хамгаалагч Кайрат Жиргалбек О.Мижиддорж дээр бүдүүлэг алдаа гаргав. Түүний алдааны уршгаар О.Мижиддорж бэртлээ сэдрээсэн тул М.Жансерикээр сэлгэхээс өөр арга байсангүй. Харин талбайн шүүгч киргиз тоглогчийг шар хуудсаар торгосон юм.

Эхний үед авсан давуу байдлаа хоёрдугаар үед ч хадгалж үлдсэнээр Монголын “Хөх чононууд” урьдчилсан шатанд хоёр дахь ялалтаа байгуулж, хэсэгтээ зургаан оноотой боллоо. Энэ хэсгийн бусад багуудын тоглолт дуусаагүй тул эцсийн үр дүн хараахан гараагүй байгаа. Одоогоор зургаан оноотой Мьянмар, Монголын баг ижил байгаа ч гоолын зөрүүгээр манай залуус ард нь бичигдэж байгаа билээ. Мьянмарчууд энэ сарын 11-нд Киргиз, 15-нд Тажикстаны багтай учраа таараад зургаагаас олон гоолын зөрүүгээр хожигдвол манай шигшээ баг хэсэгтээ дөрөвдүгээрт жагсах боломжтой ажээ.

Монгол улсын шигшээ багийн ахлагчийн халаа

Монголын орчин үеийн хөлбөмбөгийн нүүр царай, тэдэн дундаа тодоос тод гялалзсан Монголын шигшээ багийн ахлагч Норжмаагийн Цэдэнбал хөлбөмбөгчийн замналаа өндөрлөх болсноо зарлалаа.

Н.Цэдэнбал

Төрөлхийн даруухан Цэдэнбалын хөлбөмбөгийн замнал даруухан гэгч нь үргэлжилсэн юм шиг санагддаг. Зарим тоглогчид 30 нас хүрээд ирэхээрээ унтарч эхэлдэг бол Цэдэнбал эсрэгээрээ гуч хүрээд шатаж, галлаж эхэлсэн юм. 2018 онд Монгол улсад Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээн болж, манай шигшээ Макао, Умард Марианы арлын улсын багийг буулган аваад байлаа.

Сүүлийн тоглолт Гуамын эсрэг. Тэнцэхэд л цаашаа шалгарах ёстой байсан ч 90 дэх минутад манайх хаалгандаа гоол алдчихав. Уйлахад ч багадмаар тийм л мөч болсон. Манай залуус шүд зуун босоод тэмцэх ёстой байлаа. Шүүгч 4 минут нэмж сунгав. Сүүлчийн хором. Жансерик баруун жигүүрээс арагш суулгасан дамжуулалт өгөхөд Балжинням бөмбөгийг ард үлдээв. Цэдэнбал ирсэн бөмбөгийг солгой хөлөөрөө цөм цохиж тэнцээний гоолыг орууллаа. Одоо харин бахархалтай гэгч нь уйлж болохоор байлаа. Би лав тэсэлгүй уйлсан, орилсон, дэвхэцсэн.

https://www.youtube.com/watch?v=f0-EhuopjEk

Эх орныхоо шигшээ багийг дэмжсэн цагаасаа хойш тийм зүйл мэдэрч үзээгүй байсан юм. Цээгий маань тэр мөчийг бидэнд бэлэглэсэн. Үүнээс хойш ч чи Монгол түмнээ олон баярлуулсаан. Брунейн эсрэг “Катар-2022” ДАШТ-ний циклийн анхны гоолыг бахдам гэгч зоож, ФИФА-ийн ерөнхийлөгчөөс батламж гардан авсныг чинь бид мэднэ. Хариу тоглолт дахиад л Брунейн талбайд болоход шийдвэрлэх мөчид бас л чи торгуулийн цохилтоо найдвартай хийж, түүхэндээ бид анх удаагаа ДАШТ-ний урьдчилсан шатны хэсэгт багтаж, Японы эсрэг тоглох боломж тохиосон юм шүү дээ. Монголын шигшээ багийн төлөө 27 тоглолт, 4 гоол. Хэзээ ч үл мартагдах сайхан дурсамжууд. Гайхалтай замнал.

Баярлалаа Цэдэнбал минь. Монголын шигшээ багийн төлөө, монголын хөлбөмбөгийн төлөө, монгол улсын шигшээ багийн үнэнч дэмжигчдийн төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа. Супер тоглогчид мэндэлдэг. Цаг нь болохоор тэд спортоо орхино, мэдээж хөнгөн гунигтай. Гэхдээ бахархал дүүрэн, тийм л мэдрэмж. Монголын хөлбөмбөгт даруухан орж ирсэн Цээгий минь даруухан гэгч нь пүүзээ хананд өлгөх болсноо зарлалаа.

Х.Цэнд-Аюуш

Харин одоо Монгол улсын үндэсний шигшээ багийн ахлагч Хүрэлбаатарын ЦЭНД-АЮУШ. Хэдхэн хоногийн өмнө Монголын нэрт хөлбөмбөгчин, шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал зодог тайлж буйгаа зарласан бөгөөд шигшээ багийн ахлагчийн тууз Х.Цэнд-Аюуш руу шилжсэн байна. Зүй ёсны хэрэг. Монголын энэ цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин Цэндээ маань шигшээ багийн төлөө 29 тоглолт хийгээд буй. Хамгийн анх 2007 онд 17 нас, 7 сар, 29 хоногтойдоо Хойд Солонгосын эсрэг тоглолтын 57′ минутад талбайд гарч дэбютээ хийж байлаа.

Харин түүнээс хойш оролцсон шигшээгийн бүхий л тоглолтод гараанд гарсан гэх мундаг үзүүлэлттэй Цэндээгийн шигшээн замнал бас л сонирхолтой. Үргэлж дардан байгаагүй. 2015 оны гуравдугаар сард ДАШТ-ний өмнөх урьдчилсан шатанд Зүүн Тиморын эсрэг тоглосноос хойш хэсэг шигшээд дуудагдаагүй. Энэ хооронд тэрээр хүнд бэртэл авсан, бас шигшээ багийн удирдлагуудтай таарамжгүй харьцаатай байснаас болсон уу ямартай ч улсынхаа төлөө дахиж тоглоогүй юм. Өөрөө ч энэ үедээ бараг шигшээгээсээ зодог тайлах тухай ч бодсон гэдэг.

Хөлбөмбөгчдийн замнал унаж, бас сэргэдэг. 2018 онд Цэндээ Дэрэн клубт ирсэн, улмаар дасгалжуулагч Войкан Бралушичийн удирдлага дор тэр “дахин төрсөн” юм. Бэлтгэл сургуулилтаа махруу хийж, өөрийн шилдэг формоо олж авснаар шигшээ багийн дуудлагаа дахин хүлээн авалгүй яахав. Ингээд 2018 оны намар 3 жилийн дараа дахин Монгол улсынхаа төлөө зүтгэж эхэллээ. Тэр цагаас хойш өдийг хүртэл манай шигшээ баг нийт 20 орчим тоглолт хийхэд Цэнд-Аюуш бүгдэд нь оролцож гараанаас тоглосон төдийгүй нэг ч минут сэлгээнд суулгүй, дундын шугамын тулах баганын үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр иржээ. Шигшээ багийн энэ хүртэл үзүүлсэн амжилтад түүний гүйцэтгэсэн нөлөө хэмжээлшгүй их гэдгийг манай хөлбөмбөгчид, дэмжигч нар мэднэ. Нэр алдарт хүрсэн супер хөлбөмбөгчдийн тухай сонсоход бүгд нэг л зүйлээрээ ялгардаг. Тэр бол хандлага, бэлтгэл дээрх хичээл зүтгэл, өөрийгөө бусдаас илүү бэлдэж, дайчлах чадвар юм билээ. Цэндээ бол яг л тийм төрлийн хөлбөмбөгчин. ‘За өнөөдөр ингэсгээд аргалчихъя’ гэсэн халтуурдсан хандлага түүнээс хэзээ ч гардаггүй, үргэлж бэлтгэлээ тултал хийж, бэлтгэлийн тоглолтын үеэр ч жинхэнэ мэт бүхнээ дайчилдаг гэдгийг хамт тоглодог найзууд, дүү нараас нь сонсож байлаа.

Тэр бол үнэхээр төрмөл авьяаслаг хөлбөмбөгчин санагддаг. Бас гайхалтай тэмцэгч сэтгэхүйтэй. Талбайн дундын шугаманд тэмцэн тулалдаж буйг харах үнэхээр урамтай байдаг. Хөлбөмбөг өндөр хөгжсөн оронд бол нэр алдраа цуурайтуулсан тамирчин болох байсан гэж боддог юм, заримдаа. Үнэхээр түүнд бүх зүйл бий. Өнөөдөр өглөө үүрээр Монголын шигшээ баг ДАШТ-ний урьдчилсан шатны сүүлчийн тоглолтоо (Киргизийн эсрэг тоглоно) хийхээр Японыг зорилоо. Бүрэлдэхүүнийг харахад шигшээ баг маань туйлын залуужсан нь илт. Даган дуурайх, удирдан манлайлж чиглүүлэх гайхалтай ах, ахлагч тэдэнд байгаа нь сайн хэрэг.

Лүмбэнгарав, Гарьдмагнай, Төрбат, Цэдэнбал. Одоо Цэнд-Аюуш Монголын шигшээ багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэх хүндтэй хэрнээ хариуцлагатай албыг хүлээн авсан “талбайн жанжин”-даа амжилт хүсье!