Монголын хөлбөмбөгийн холбооны урилгаар хоёр хоногийн дараа буюу энэ сарын 12-нд дэлхийн шилдэг хаалгачдын нэг Петер Шмейхель манай улсад ирнэ. Тэрбээр Монголын хөлбөмбөгийн оны шилдгийг шалгаруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаанд оролцохоор ирж буй юм.
“Лестер Сити” клубийн хаалгач Каспер Шмейхель хоёр жилийн өмнө нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Би 29 настай, хоёр хүүхдийн эцэг. Гэхдээ хүмүүс намайг ааваар минь илүү таньдаг хэвээрээ” гэж ярьж байв. Тийм ээ, түүний эцэг нь Петер Шмейхель учраас тэр. Данийн шигшээгийн нэгдүгээр хаалгач Каспер Шмейхелийг “Лестер Сити”-г Премьер лигийн аваргаар анх удаа тодроход хүмүүс илүү сайн мэддэг болсон юм. Өнгөрсөн зун болсон ДАШТ-ээр Каспер шаггүй хаалгач гэдгээ дахин нэг бататгаж амжсан.
1991 оны зун. Данийн “Брондбю” хөлбөмбөгийн клуб лигийнхээ аваргаар тодорч, түүхэндээ тав дахь цомоо өргөв. Аваргалсан клубийнхэн баяраа хөгжөөн дэмжигчиддээ цуг тэмдэглэх үеэр тэр үед дөрвөн настай жаахан хүүг хамгаалагч нар дотогш орохыг хориглож байв. Энэ хүү бол ирээдүйд улсынхаа өнгийг тодорхойлсон, аав шигээ шилдэг хаалгач болно гэдгийг тэд мэдээгүй юм. Тэр дөрвөн настай хүүгийн эцэг нь Петер Шмейхель. Энэ явдлаас хойш хэдэн долоо хоногийн дараа Петер Английн “Манчестер Юнайтед” клубийн нэгдүгээр хаалгач болов. Яг 25 жилийн дараа хүү Каспер нь аавынхаа явсан замаар Англид очиж, “Лестер Сити”-тэй хамт “Үнсгэлжингийн үлгэр” бүтээсэн түүхтэй.
Петер Шмейхель Данийн Копенхаген хотод польш цагаачийн гэр бүлд төрж, өссөн. Түүний эцэг Толек 1960-аад оны үед Дани руу цагаачилсан польш хүн байлаа. Аавынхаа талаар Петерийн хэвлэлд ярьсан түүх гунигтай. Дайны үед хорвоод мэндэлсэн Толекийн хүүхэд нас тун хэцүү өнгөрчээ. Петерийн өвөө нь дайн дөнгөж эхлэх үеэр цэргүүдэд буудуулж нас баржээ. Харин эцэг нь амьдралд амар бууж өгөөгүй, маш тэвчээртэй нэгэн байлаа. Петерийн эцэг хөгжимчин хүн байсан бол хүү нь бас ач хүү нь хөлбөмбөгчин болсон юм.
Петер Шмейхель Данийн клубээс 500 мянган фунтын үнээр “Манчестер Юнайтед” багт очсон. Хожим Сер Алекс Фергюсон түүний талаар “Зууны наймаа” гэж онцолсон удаатай. Польш гаралтай дани эр найман жилийн хугацаанд Улаан чөтгөрүүдийн хаалгыг манахдаа Премьер лигт тав, Холбооны цомд гурван удаа түрүүлж, 1999 онд Аваргуудын лигт аваргалж байв. Аваргуудын лигт түрүүлэх үед Петер тус багийн ахлагч нь байлаа. 1998-99 оны улирлын дараа 35 настай байсан Петер “Манчестер Юнайтед”-ийг орхих шийдвэр гаргаж байв. Түүнийг багаа орхисноос хойш Эдвин ван дер Сарыг 2005 онд авчрах хүртлээ зургаан жилийн хугацаанд “Манчестер Юнайтед”-ийн хаалгыг 9 өөр хаалгач манаж байлаа.
Петер зөвхөн “Манчестер Юнайтед” багтаа гайхалтай амжилт үзүүлсэн тоглогч биш. Данийн шигшээдээ ч баатарлаг гавьяа байгуулсан нэгэн. Эрэлхэг тугалган цэрэг, Цасан хатан, Ямх охин, Нугасны муухай дэгдээхэй зэрэг олон гайхалтай үлгэрийг зохиосон Ханс Христиан Андерсений нутгийн хөлбөмбөгчид 1992 оны зун хөлбөмбөгийн түүхэнд бас нэгэн үлгэр бичсэн түүхтэй. Тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд оролцох урьдчилсан шатанд Данийн шигшээ баг Югославын ард жагссан юм. Гэвч Югославт иргэний дайн дэгдсэн учир хөлбөмбөгийн холбооноос хориг тавьж, урьдчилсан шатанд хоёрдугаар байр эзэлсэн даничууд ЕВРО 92-ын эрхээ авчээ.
Тивийн аварга эхлээд дуусах хүртлээ даничууд үлгэрийг амилуулна гэдэгт итгэх хүн ховор байсан юм. Азаар тэмцээнд оролцох эрхтэй болсон тэд Франц, Англи болон талбайн эзэн Шведтэй нэг хэсэгт орсон. Эхний учраа англичуудтай хийхэд 0:0-ээр эвийн гэрээ байгуулсан юм. Энэ тоглолтын талаар Петер “Тоглолт тэнцсэн ч бид хожсон юм шиг баярлаж байлаа. Англичуудтай нэг түвшинд гэдгээ мэдсэн нь бидний цаашдын тоглолтод их урам өгсөн” гэж ярьсан аж. Харамсалтай нь, дараагийн тоглолтод талбайн эзэн Шведэд 1:0-ээр ялагдсан. Энэ тоглолтын дараа хүн бүр л Данийн шигшээг хасагдсанд тооцож байв. Учир нь хэсгийн сүүлийн учраа нь хүчирхэг Францын шигшээ баг байлаа. Даничууд энэ тоглолтод 2:1-ээр ялснаар хагас шигшээд шалгарсан юм. Хасагдах шатанд Нидерландын шигшээ багтай үндсэн цагт 2:2-ээр тэнцэхэд Хенрик Ларсен хоёр гоол оруулсан юм. Нэмэлт цагт тооны үр дүн өөрчлөгдөөгүй тул торгуулийн цохилтоор шийдэх боллоо. Торгуулийн цохилт цохисон 10 тоглогчоос ердөө ганцхан хүн алдсан нь алдарт Марко ван Бастен.
Аваргын төлөө тэдэнтэй дэлхийн аваргууд болох Германы хүчирхэг баг учраа таарсан. Эхний гоолыг даничууд оруулсан хэдий ч аваргууд тоог тэнцүүлэхээр дайрч байлаа. Эхний хагасын сүүлийн минутад Юрген Клинссманы цохисон бөмбөгийг хаасан талаараа Петер хожим амьдралдаа хийсэн хамгийн шилдэг хаалт гэж онцолсон юм.
Петер Шмейхель шигшээ багийнхаа хамтаар Европын аварга болж, Английн Премьер лигт таван удаа түрүүлж, Аваргуудын лигийн цомыг өргөж байлаа. Гэхдээ түүний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хүүгийнх нь “Лестер Сити”-д түрүүлсэн амжилт юм.
Түүний Монголд байх цагийн хуваарь:
- 12-р сарын 12-нд 07:00 цагаас ? Монголд газардана ???️ – Түүнийг тосч авч, уулзахыг хүссэн хүн бүрт нээлттэй. “Манчестер Юнайтед”-ийн өмсгөлтэй ирсэн эхний 40 хүнд “Алтан бөмбөг 2018”-д оролцох урилга өгөх аж.
- 12-р сарын 12-нд 18:00 цагаас ? Алтан Бөмбөг-2018 Ёслолын Ажиллагаа-нд оролцоно. ⚽️??
- 12-р сарын 12-нд 21:00 цагаас ? Highland Park Mongolia-д Петер Шмейхельтэй ҮДЭШ арга хэмжээнд оролцож, хөгжөөн дэмжигчидтэй чөлөөтэй ярилцаж, цагийг зугаатай өнгөрөөнө.