Tag: Ана Брнабич

Covid 19: Лука Йович хорио цээрийн дэглэм зөрчсөнд Сербийн ерөнхий сайд бухимдав

Испанийн “Реал Мадрид” клубын серб довтлогч Лука Йович хорио цээрийн дэглэм зөрчсөн байна.

Өдгөө 22 настай Л.Йович Сербийн Белград хотод найз охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэж, 28 хоногийн хорио цээрийг үл тоожээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Испаниас төрөлх нутагтаа ирсэн юм.

Улмаар найз охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэсэн нь Сербийн ерөнхий сайд Ана Брнабичийн уурыг хүргэжээ.

“Бидэнд олон сая ам.доллар олдог ч хууль дүрмийг үл тоомсорлодог хөлбөмбөгчинтэй гэдгээ харлаа” гэж Ана Брнабич бухимдлаа илэрхийлжээ.

Сербийн Ерөнхий сайд Ана Брнабич

Тэр ч бүү хэл, залуу хөлбөмбөгчин эрд хуулийн хариуцлага хүлээж магадгүй гэнэ. Тус улсын Дотоод хэргийн сайд Небоиса Стефановичийн мэдээлснээр тус улсад өөрийгөө тусгаарлах, хорио цээрийн дэглэмийг зөрчсөн бол 1-12 жил хүртэлх хорих ялтайг сануулжээ.

“Хөлбөмбөгчин, эсвэл баян байхаас үл хамаарч, хууль эрх тэгш үйлчлэх ёстой” гэж Н.Стефанович хэвлэлд ярьжээ.

Испанид корона вирусын халдвар авсан 17 мянган тохиолдол илэрч, одоогийн байдлаар 803 нас барсан. Харин Сербид 103 халдварын тохиолдол илэрч, одоогоор нас барсан хүн гараагүй юм.

“Реал Мадрид”-ын сагсан бөмбөгийн багийн америк тоглогч Трэй Томпскиноос корона вирусын халдвар илэрсэн тул нэг бэлтгэлийн бааз ашигладаг Эзэн хааны багийнхан бүх тоглогчдоо тусгаарласан. Харин Л.Йович өнгөрсөн долоо хоногт Сербид буцаж ирсэн юм.