Tag: Английн Премьер лиг

Хөлбөмбөг: Сон Хын Мин гараа хугалжээ

Английн “Тоттенхэм” клубын довтлогч Сон Хын Мин “Астон Вилла”-гийн эсрэг гараа хугалсан тул энэ улирлыг дуустал талбайд гарахгүй байж магадгүй боллоо.

Энэ жил 27 настай солонгос довтлогч тун удахгүй гарандаа хагалгаа хийлгэх тул хэдэн долоо хоногийн турш талбайд гарахгүй боллоо. “Тоттенхэм”-ийн дасгалжуулагч Жозе Моуринью хэвлэлийн бага хурал зарлах үеэр гол довтлогчоо гэмтлийн улмаас улирал дуустал талбайд гарахгүй байх вий гэхээс болгоомжилж байгаагаа илэрхийлсэн. Энэ долоо хоногийн сүүлээр болох хагалгааны дараа Соныг хэдий хугацааны дараа эргэн ирэх боломжтой талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирэх аж.

Сон Хын Мин “Астон Вилла”-гийн эсрэг 94 дэх минутад гоолдож, багаа ялалтад хөтөлсөн билээ. Гэхдээ тэр энэ тоглолтын эхний хагаст гарандаа бэртэл авсан гэнэ.

Түүний энэ удаад авсан бэртэл нь гурван жилийн өмнө БНСУ-ын шигшээд тоглож байхдаа гараа хугалсантай нь төстэй гэж “The Athletic” хэвлэлд онцолжээ. Сон тэр бэртлийн дараа хагалгаанд орж, хоёр сар талбайд гараагүй юм.

Домог: Петр Чех энэ улирлын дараа хөлбөмбөгөө орхино

Английн “Арсенал” клубийн ахмад хаалгач Петр Чех энэ улирлыг дуусгаад их спортоо орхино.

Өдгөө 36 настай “Арсенал”-ын ахмад хаалгач Петр Чех энэ улирлыг дуусгаад их спортоо орхино гэдгээ зарлав. Тэрбээр 2015 онд “Арсенал”-ыг зорихоосоо өмнө 11 жилийн турш “Челси”-гийн хаалгыг манасан билээ.

Мэргэжлийн хөлбөмбөгчний гэрээ байгуулаад хэдийнэ 20 жилийг ардаа үдсэн П.Чех одоо цаг нь ирсэн гэж шийджээ.

П.Чех 2004 онд Францын “Реннес” клубээс “Челси”-д очиж байв. Лондоны багт тэр 13 цом өргөсөн. Аваргуудын лигт нэг, Премьер лигт дөрвөн удаа түрүүлсэн юм. Түүнчлэн “Челси”-гийн түүхэнд хамгийн олон тоглолтод буюу 228 тулаанд хаалгандаа гоол алдаагүй үзүүлэлтээр рекорд тогтоосон билээ.

П.Чехийн Премьер лигийн замналЧелсиАрсенал
Оролцсон тоглолт333110
Минут29,7139,783
Алдсан гоол241125
Гоол алдсан минутын дундаж12378
Хаалгандаа гоол алдаагүй16240
Хаалгандаа гоол алдаагүй хувь48.6%36.4%
Хаалт800336
Амжилттай хаасан хувь76.7%72.4%

Сонирхуулахад, домогт хаалгачаа их спортоо орхих үед “Челси” клуб зүгээр суухгүй нь бололтой. Одоогоор баттай мэдээлэл биш боловч theTimes-ын мэдээлснээр бол П.Чехийг зодог тайлсны дараа туслах дасгалжуулагч эсвэл клубийн элч төлөөлөгчөөр ажиллуулах хүсэлтэй байгаа гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Роман Абрамовичтой одоог хүртэл дотно харилцаатай, тэд дараагийн алхамаа хэлэлцэж тохиролцсон тул П.Чех хөлбөмбөгөө орхино гэдгээ зарласан бололтой.

Харри Кэйн хоёр сар талбайд гарахгүй

Английн шигшээ болон “Тоттенхэм” клубийн довтлогч Харри Кэйн шагайны бэртлийн улмаас гуравдугаар сар хүртэл талбайд гарахгүй болжээ.

“Манчестер Юнайтед” багийн эсрэг тоглолтод шагайндаа бэртэл авсан Х.Кэйн ирэх гуравдугаар сарын эхээр л бэлтгэлдээ эргэн ирэх бололтой. Ингэснээр Аваргуудын лигийн шөвгийн 16-д “Борусси Дортмунд”-ын эсрэг хийх тоглолтод оролцохгүй нь тодорхой болов.

Ийнхүү “Тоттенхэм”-д маш том гарз учирлаа. Тус багийн солонгос довтлогч Сон Хын Мин Азийн АШТ-д оролцохоор шигшээ багаа зорьсон юм. Зөвхөн энэ улиралд гэхэд дээрх хоёр тоглогч “Тоттенхэм”-ийн оруулсан нийт гоолын 47 хувийг нь эзэлдэг.

Энэ жил 25 настай Харри Кэйн дасгалжуулагч Маурисио Почеттиногийн гол “зэвсэг” гэдэг нь ойлгомжтой. Энэ улиралд гэхэд 30 тоглолтод оролцоод 20 гоол оруулсан. Аргентин менежер “Тоттенхэм”-ийг удирдах болсноос хойш 217 тоглолтод 155 гоол оруулсан аж. 2014-15 оны улирлаас хойш “Тоттенхэм” Премьер лигт гол довтлогчгүйгээр 23 тоглолтод оролцоод 13-т нь ялсан баримт бий. Тэд мөн таван удаа тэнцэж, таван удаа хожигдсон үзүүлэлттэй.

Харри Кэйний өнжих магадлалтай тоглолтууд:


  • I.20: Фүлхэм (зочлон тоглолт – Премьер лиг)
  • I.24: Челси (зочлон тоглолт – Лигийн цом)
  • I.27: Кристал Палас (зочлон тоглолт – Холбооны цом)
  • I.30: Уатфорд (гэртээ – Премьер лиг)
  • II.2: Ньюкастл (гэртээ – Премьер лиг)
  • II.10: Лестер Сити (гэртээ – Премьер лиг)
  • II.13: Борусси Дортмунд (гэртээ – Аваргуудын лиг)
  • II.16: Холбооны цомын тавдугаар шат (хэрвээ шалгарвал)
  • II.23: Барнли (зочлон тоглолт – Премьер лиг)
  • эсвэл II.24: Лигийн цомын шигшээ тоглолт
  • II.27: Челси (зочлон тоглолт – Премьер лиг)
  • III.5: Борусси Дортмунд (зочлон тоглолт – Аваргуудын лиг)
  • III.9: Саутхэмптон (зочлон тоглолт – Премьер лиг)

“Челси”-гийн хөгжөөн дэмжигч цэнгэлдэхэд орох эрхээ гурван жилээр хасуулав

Английн “Челси” клубийн дэмжигч, 20 настай Жорж Брэдли хэмээх залууг ижил хүйстнүүдийг доромжилсон хэмээн цэнгэлдэхэд хөлбөмбөг үзэх эрхийг нь гурван жилээр хаслаа.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд “Челси” клуб “Брайтон”-ы талбайд зочлох үеэр Жорж Брэдлиг ижил хүйстэн хөгжөөн дэмжигчийг ялгаварлан гадуурхсан, үг хэлээр доромжилсон үйлдэлд нь шийтгэл оноожээ. Түүнийг цэнгэлдэхэд хөлбөмбөг үзэх эрхийг нь гурван жилээр хасч, 965 фунтаар торгосон байна.

“Челси”-гийн хөгжөөн дэмжигчид арьс өнгөний болон ялгаварлан гадуурхах зэргээс болж тоглолт үзэх эрхээ хасуулсан анхны тохиолдол энэ биш юм. Өмнө нь “Манчестер Сити”-гийн довтлогч Рахем Стерлингийг доромжилсон тул тус багийн дөрвөн хөгжөөн дэмжигч хайртай багийнхаа тоглолтыг цэнгэлдэхэд үзэх эрхгүй болсон билээ.

Кристиан Пулишич хамгийн өндөр үнэ хүрсэн Америк тоглогч боллоо

Английн “Челси” клуб “Борусси Дортмунд”-ын залуу од Кристиан Пулишичийг 64 еврогоор авлаа.

Өдгөө 20 настай америк залууг Английн “Ливерпуль”, “Арсенал” клуб сонирхож байсан ч “Челси” өөрийн болгосон юм. АНУ-ын шигшээ багт ДАШТ-ий урьдчилсан шатанд гоол оруулсан хамгийн залуу тоглогч (17 нас, 349 хоног) болж байсан К.Пулишич америк тоглогчдоос хамгийн өндөр үнэ хүрсэн хөлбөмбөгчин боллоо. Түүнээс өмнө 2017 онд Жон Бруксийн төлөө “Вольфсбург” 20 сая еврог төлсөн нь дээд үнэ байв.

Гэхдээ К.Пулишич шууд Англи руу явахгүй. Түүнийг ирэх зун хүртэл “Борусси Дортмунд” зээлээр ашиглаж байгаад Лондон руу явуулахаар болжээ.

К.Пулишич залуугаасаа тодорсон хөлбөмбөгчин. Тэрбээр 17 нас хүрээд Германы Бундес лигт анхны тоглолтоо хийсэн бол үүнээс хоёр сарын дараа шигшээгийнхээ дуудлагыг хүлээн авсан билээ. Харин одоогоор “Борусси Дортмунд”-ын төлөө 81 тоглолтод оролцсон. Үүнээс 20 нь Аваргуудын лигийн тоглолт байв.

Түүний Германы багтай хийсэн гэрээ нь 2020 онд дуусах байлаа.

Кристианы өвөө Мате Пулишич Хорватын иргэншилтэй. Харин эцэг нь АНУ-д ажиллаж амьдарч байхдаа хүү нь төржээ. Тиймээс АНУ-ын иргэншилтэй ч Кристиан Германд тоглох болсноор Хорватын давхар иргэншилтэй болсон юм. Аав нь мэргэжлийн футзалын хөлбөмбөгчин байсан ч хожим дасгалжуулагчаар ажиллах болсон юм. Харин Кристиан хөлбөмбөгийн ур чдадвараа хөгжүүлэхээр долоон настайгаасаа Англид суурьшсан ч удалгүй эцэг дээрээ эргэн ирж, төрөлх нутагтаа хөлбөмбөгийн “боловсрол” эзэмшсэн аж.

Хорватын иргэншилтэй болсон үед нь шигшээ багт тоглох урилга илгээсэн ч тэр татгалзаж, харин АНУ-ын багтаа зүтгэх шийдвэр гаргасан билээ.

Жозе Моуринью халагдлаа

Английн “Манчестер Юнайтед” клуб дасгалжуулагч Жозе Моуриньюг халах шийдвэр гаргалаа. 

Өнгөрсөн долоо хоногт “Ливерпуль” багт 3:1-ээр хожигдож, 1990 оноос хойш буюу Английн Премьер лиг нэртэй болсноос хойш хамгийн тааруу гараагаа эхлүүлсэн “Манчестер Юнайтед” багийнхан португал мэргэжилтэн Жозе Моуриньюг халах шийдвэр гаргалаа.

“Дэйли Рекордс”-ын мэдээлснээр “Юнайтед” клуб түүнийг нэгдүгээр сараас өмнө халвал 24 сая фунтын нөхөн төлбөр олгох байсан юм. Тэрбээр есдүгээр сард сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Намайг эрт халагдах аюултай гэж анхааруулсан. Гэхдээ би тэгж бодохгүй байна. Эрт халагдвал нөхөн төлбөрт хэдийг төлөхийг мэдэх үү” гэж ярьж байлаа.

“Манчестер Юнайтед”-ийн удирдлагууд шинэ дасгалжуулагчаа 48 цагийн дотор томилно гэдгээ мэдэгдсэн. Харин тэр хүртэл дасгалжуулагчийн албыг Майкл Каррик түр хариуцах аж. 

“Лестер Сити”-гийн эмгэнэлт явдлын ослын шалтгаан тодорхой боллоо

“Лестер Сити” клубийн эзэн Вишай Шривадданапрабха болон өөр дөрвөн хүний сууж явсан нисдэг тэрэгний ослын шалтгааныг олон нийтэд танилцуулав. Уг нисдэг тэрэгний сүүл хэсгийн сэнсэнд асуудал үүсч, нисэх механизм алдагдсан тул осол болсон гэж шинжээчид үзсэн байна.

Агаарын ослын шалтгааныг тодруулдаг байгууллагын дүгнэлтээр нисдэг тэрэгний дөрөө сүүлний сэнстэй холбогдоогүй байсан тул хэм алдагдаж осолдсон гэж үзлээ. Сүүл хэсгийн сэнс ажиллагаагүй болсноор “AW169” нисдэг тэрэг агаарт удирдлагаа алдаж, “Кинг Пауэр” цэнгэлдэхийн ойролцоо осолдсон юм.

Уг нисдэг тэргэнд “Лестер Сити”-гийн эзэн Вишай Шривадданапрабхагаас гадна түүний арын албанд ажилладаг 2005 онд Тайландын Мисс Универс тэмцээний хоёрдугаар байрт орж байсан Нүсара Сүкнамай, Кавепорн Пунпаре болон нисдэг тэргийг жолоодож байсан нисгэгч Эрик Сваффер, Изабела Роза Лечовиш нар өөд болсон юм.

Осол болсон газар

Нүдээр харсан гэрч нарын яриагаар нисдэг тэрэг 40 орчим секунд хэвийн ажиллагаатай хөөрөөд удалгүй агаар дээр хөдөлгөөнгүй болж, улмаар доош осолдсон гэнэ. Ойролцоогоор 131 метрийн өндрөөс доош унасан юм.

Сесар Аспиликуэта гэрээгээ сунгалаа

Английн “Челси” клуб ахлагч Сесар Аспиликуэтатай гэрээгээ сунгалаа. Испани хамгаалагч дөрвөн жилийн гэрээг үзэглэж, 2022 он хүртэл багтаа зүтгэх юм.

“Челси”-гийн хамгаалалтын гол тоглогч, өдгөө 29 настай Сесар Аспиликуэта 2012 онд Францын “Марсель” клубээс 7 сая фунтаар Английн багт очиж, одоо долоо дахь улирлаа Лондоны багт өнгөрүүлж байгаа юм. Тэрбээр 2013 оноос улсынхаа шигшээд дуудагдаж, энэ хугацаанд 25 тоглолтод оролцсон аж.

Харин “Челси” клубийн төлөө 298 тоглолтод оролцсон юм.

Түүнчлэн Премьер лигийн аварга цолыг хоёр удаа, Холбооны цом, Лигийн цом, Европа лигийн аварга болжээ. 2014 онд клубийнхээ шилдэг тоглогчоор тодорсон удаатай.

Шинэчлэгдсэн гэрээгээр Сесар долоо хоногт 150 мянган (өмнө нь 120 мянган фунт) фунтын цалин авахаар болжээ.

 

 

Сол Кэмпбелл “Макклесфелд”-ийг удирдана

Английн хоёрдугаар дивизионы “Макклесфелд” клубийн шинэ менежерээр Сол Кэмпбелл томилогдлоо. Тэрбээр анхны ажлаа хүлээн авч, 18 сарын гэрээ байгуулжээ.

Английн “Арсенал” болон шигшээ багийн хамгаалагч байсан Сол Кэмпбелл 2012 онд хөлбөмбөгөө орхисноос хойш зургаан жилийн дараа менежерийн ажилд томилогдлоо. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард ажлаа өгсөн дасгалжуулагч Марк Йатесийг орлож, “Макклесфелд” клубийг удирдах юм.

Сол өмнө нь Английн 21 хүртэлх насны шигшээ багт тамирчдыг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдаж, шигшээ багийн албанаас дасгалжуулагчийн гараагаа эхэлсэн ч одоо л жинхэнэ дасгалжуулагчаар томилогдож байгаа аж.

Өдгөө 44 настай англи эр өмнө нь “Оксфорд Юнайтед”, “Олдхэм”, “Гримсби” клубтэй нэр холбогдсон ч албан ёсоор томилогдоогүй.

С.Кэмпбелл 1992-2001 оны хооронд “Тоттенхэм”-д, 2001-2006 оны хооронд “Арсенал” клубт ид үеэ өнгөрүүлсэн. Энэ хугацаанд Английн Премьер лигийн аварга цолыг хоёр удаа (2001-02, 2003-04), Холбооны цомыг гурван удаа (2001-02, 2004-05, 2007-08) хүртсэн бол Лигийн цомыг 1998-99 онд авсан юм.

С.Кэмпбелл “Мосс Рөүс” цэнгэлдэхэд зочилж, шинэхэн шавь нарынхаа бэлтгэлийг ажигласан гэнэ.

Рахем Стерлинг гэрээгээ сунгав

Английн шигшээ болон “Манчестер Сити” клубийн довтлогч Рахем Стерлинг одоо байгаа гэрээгээ шинэчилж, дахин гурван жил буюу 2023 он хүртэл багтаа зүтгэхээр боллоо. Энэ хугацаанд тэр долоо хоногт 300 мянган фунтын цалин авах юм.

Өдгөө 23 настай довтлогчийн өмнөх гэрээ ирэх улирлын дараа дуусах байсан ч гэрээгээ сунгахаар болжээ.

Р.Стерлинг 2015 онд “Ливерпуль” клубээс “Манчестер Сити” рүү 49 сая фунтын үнээр очсон. Харин одоо гэрээгээ шинэчилснээр Премьер лигт хамгийн өндөр цалинтай тоглогчдын нэг боллоо. Энэ улирлын өмнөх үзүүлэлтээр долоо хоногт 300 мянган фунтаас илүү цалин авдаг хоёр тоглогч байв. Тэд бол “Манчестер Юнайтед”-ийн хагас хамгаалагч Алекс Санчес долоо хоногт 315 мянган фунт, “Арсенал”-ын хагас хамгаалагч Месүт Өзил долоо хоногт 306 мянган фунтын цалин авч байв. Энэ жагсаалтын гуравдугаарт Р.Стерлинг бичигдэж, Пол Погбаг ардаа орууллаа.

Тэрбээр өмнө нь 150 мянган фунтын цалин авч байсан юм.

 

Дуулиан: “Лестер Сити” клубийн эзэн Вишай Шривадданапрабхагийн хувийн онгоц осолджээ

Английн “Лестер Сити” клубийн тайланд эзэн Вишай Шривадданапрабхагийн хувийн онгоц тус клубийн “King Power” цэнгэлдэхийн ойролцоо осолджээ. Премьер лигийн хүрээнд “Уэйст Хэм Юнайтед”, “Лестер Сити” багууд 1:1-ээр эвийн гэрээ байгуулсан тоглолтын дараа нэг их удалгүй хөөрсөн онгоц ойролцоох машины зогсоолын гадна осолдсон байна. Нүдээр харсан гэрч нарын мэдүүлгээр онгоцны мотор гэнэт ажиллахаа больж, доошоо шидэгдсэн гэнэ. 

2010 оноос хойш “Лестер Сити”-гийн эзэн болсон В.Шривадданапрабха өдгөө 60 настай. Тэрбээр 4.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй юм. Дөрвөн хүүхэдтэй, хөрөнгийнхээ хэмжээгээр улсдаа тавдугаарт жагсдаг. Осол болох үеэр тэрбээр онгоцонд суусан ч одоогоор амь насаа алдсан эсэх нь тодорхойгүй байгаа аж. Түүнчлэн хичнээн хүн уг онгоцонд байсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн гэрчийн мэдүүлснээр осол болсны дараахан багийн зарим тоглогчид цэнгэлдэхээс гарч явсан. Багийн хаалгач Каспер Шмэйхель хамгийн түрүүнд осол болсон газар ирж, уйлж байсныг харсан аж. “Лестер Сити”-гийн эзэн тай эр гэртээ хийсэн тоглолт бүрийн дараа талбайн дундаас нисдэг тэргээр хөөрдөг гэнэ.