Tag: Аргентин

Серхио Агуэро “Манчестер Сити”-г орхино

Английн “Манчестер Сити” клуб аргентин довтлогч Серхио Агуэрог энэ улирлын дараа багаа орхих болсныг албан ёсоор мэдэгдлээ.

Өдгөө 32 настай С.Агуэро энэ улирлын дараа гэрээ шинэчлэхгүй болжээ. Тэрбээр 2011 онд Испанийн “Атлетико Мадрид” клубээс Английн “Манчестер Сити”-д ирж байв. Түүнээс хойш 384 тоглолтод оролцож 257 гоол оруулсан билээ.

Гэхдээ “Хотынхон” лидер тоглогчоо зүгээр нэг явуулчихгүй. Удирдлагуудын зүгээс гаргасан албан ёсны мэдэгдэлд ирэх жил С.Агуэро болон Давид Сильва, Винсент Компани нарын хөшөөг “Этихад” цэнгэлдэхийн гадна босгохоор төлөвлөж байгаа аж.

С.Агуэро энэ улиралд бэртлийн улмаас цөөн тоглолтод оролцсон. Нийт 14 тоглолтынхоо есөд нь гараанд гарч, гурван гоол оруулсан юм.

Хэдийгээр тааруухан улирлаа өнгөрүүлж байгаа ч түүнийг сонирхох багууд буурал Европоор их бий. Испанийн “Барселона”, Францын “ПСЖ”, Италийн “Ювентус”, “Интер Милан” гээд энэ жагсаалт цаашаа үргэлжилнэ. Өнгөрсөн долоо хоногт “Челси” клуб түүнийг Англид үлдэх шийдвэр гаргавал багтаа авчрах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.

С.Агуэро ба түүний тогтоосон дээд амжилтууд

Английн шигшээ багийн баруун жигүүрт тоглож явсан Ричардс нэгэн удаа С.Агуэрог Премьер лигийн шилдэг довтлогч гэж онцолж байв. Аргентин довтлогч одоогоор Английн дээд лигт 181 гоол шигтгэсэн. Энэ үзүүлэлтээрээ Алан Шьерер (260), Уэйн Руни (208) болон Андрью Коул (187) нарын ард бичигддэг. Премьер лигт 1992 оноос хойш өдгөө хүртэл 29 тоглогч 100-гаас дээш гоол оруулсан бөгөөд тэднээс цор ганц аргентин тоглогч нь Серхио юм. Түүнчлэн талбай дээр гоол оруулсан дундаж хугацаагаар тэр тэргүүлдэг.

Гоолын дундаж үзүүлэлт
ТоглогчТалбайд гоол оруулсан дундаж хугацааНийт гоол
Серхио Агуэро108.3 минут181
Терри Анри121.8 минут175
Харри Кэйн123.1 минут157
Мохамед Салах127.8 минут92
Руд Ван Нистелрой128.2 минут95
Хамгийн багадаа 20 гоол оруулсан тоглогчдын үзүүлэлт

Өнгөрсөн жил С.Агуэро 90.9 минут тутамд нэг гоол оруулсан үзүүлэлт нь түүний замналынх нь хоёр дахь шилдэг амжилт болсон юм. Тэрбээр “Манчестер Сити”-д ирсэн гурав дахь улиралдаа гоол оруулахад дундажаар 81.8 минут зарцуулсан нь оргил амжилт. Харин энэ улиралд 14 тоглолтод 453 минут талбайд гарахдаа гурван гоол оруулсан буюу дундажаар 151 минут зарцуулжээ.

УлиралТоглолтМинутГоолГоол оруулж буй дундаж минут
2011-12483,47730115.9
2012-13402,7117159.5
2013-14342,2892881.8
2014-15423,1983299.9
2015-16443,52029121.4
2016-17453,50033106.1
2017-18392,9343097.8
2018-19463,36832105.3
2019-20322,0912390.9
2020-21144533151
С.Агуэрогийн улирлын үзүүлэлт (бүх тэмцээнийг оролцуулаад)

“Манчестер Сити”-гийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан (257), легионер тоглогчдоос Премьер лигт хамгийн их гоолдсон (181) тоглогч гээд түүний нэр дээр бичигдэх рекорд цөөнгүй. Түүний оруулсан гоолын ачаар ситичүүд 2012 онд “Куинс Парк Ренжерс”-ийг хожоод анх удаа лигийн аварга болж байлаа. Одоогоор “Манчестер Сити”-гийн өмсгөлтэй 10 жил зүтгэхдээ 10 цом гардсан. Премьер лигийн аваргаар дөрөв, Холбооны цомд нэг, Лигийн цомд таван удаа түрүүлсэн юм.

Э.Креспогийн анхны цом

1990-ээд оны сүүлч 2000-аад оны эхэн үеийн Аргентиний шилдэг довтлогчдын нэг Эрнан Креспо дасгалжуулагчийн хувиар анхны цомоо хүртлээ. Түүний дасгалжуулсан “Дефенса Хустисия” баг Өмнөд Америкийн цомын тэмцээн буюу Copa Sudamericana-гийн финалд нутаг нэгт “Ланус”-ыг 3:0-ээр хожжээ. Тэд шувтаргын шатанд хүрэх замдаа Парагвайн “Спортиво Лукеньо”, Бразилийн “Васко да Гама”, “Байа”, Чилийн “Кокимбо Унидо” багуудыг буулган аваад байв. Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо (CONMEBOL)-ноос шигшээ тоглолтыг 2020 ондоо багтааж зохион байгуулахаар төлөвлөж байсан ч коронавирусын улмаас 2021 оны нэгдүгээр сарын 23-нд болсон юм.

Либертадоресийн цом болон UEFA-гийн цомын аварга, “Челси”-д Английн аварга болж, “Интер”-ийн хамтаар Сери А-д гурвантаа түрүүлж байсан Эрнан Креспо өөрийн тоглосон Европын анхны баг “Парма”-даа мэргэжлийн хөлбөмбөгчний сүүлийн хоёр жилээ өнгөрүүлж, 2012 онд зодог тайлсан билээ.

Тэрбээр дасгалжуулагчийн албанд шилжсэнийхээ дараа “Парма”-гийн залуучуудын баг, Италийн “Модена”, нутгийнхаа “Банфилд” клубүүдийг удирдаж байгаад өнгөрсөн жил “Дефенса Хустисия”-д ирсэн юм.

Хөлбөмбөг: Диего Марадонагийн нас барсан шалтгааныг тодорхойлов

Аргентинийн нэрт хөлбөмбөгчин Диего Марадонагийн цогцост хийсэн нарийвчилсан задлан шинжилгээг мэргэжилтнүүд танилцууллаа.

Өнгөрсөн сарын 25-нд 60 насандаа зүрхний шигдээс өвчнөөр өөд болсон Диего Марадонагийн цогцост задлан шинжилгээ хийж, үхлийн шалтгааныг ил болгожээ. Шинжилгээгээр талийгаачийн бөөр, зүрх болон уушигны ажиллагаа муу байсан нь нас барах шалтгаан болсон гэв. Нэрт хөлбөмбөгчнийг өөд болох үедээ согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн, мансуурсан байсан гэх цуурхалд ч энэ шинжилгээ хариу өгч байна. Учир нь талийгаачийн биеэс ямар нэг мансуурах төрлийн бодис хэрэглэсэн гэх нотолгоо олдоогүй байна.

Хууль сахиулагчид Д.Марадонаг өөд болсоноос дөрөв хоногийн дараа түүний хувийн эмч Леополдо Лукег байцааж, түүний ажил болон гэрт нь нэгжлэг хийсэн билээ. Үүнтэй холбоотойгоор нэрт хөлбөмбөгчний нас барсан шалтгааныг тодруулахаар задлан шинжилгээ хийсэн аж.

Диего Марадона: Аргентинийн сенатын гишүүн шинэ мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргах хуулийн төсөл өргөн барьжээ

Аргентины сенатын гишүүн нэрт хөлбөмбөгчин Диего Марадонагийн зурагтай шинэ мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргах санал гаргажээ.

Тус улсын сенатын гишүүн Норма Дуранго нэрт хөлбөмбөгчний зурагтай 1000 песо (34,980 төгрөг) гүйлгээнд гаргах хуулийн төслийг Конгрессод өргөн барилаа.

Шинэ мөнгөн дэвсгэрт нэг талдаа талийгаачийн нүүр зурагтай, харин нөгөө талд нь түүний алдартай гоолынх нь зураг байрлана гэж тус хуулийг санаачлагч эмэгтэй ярьсан юм. Аргентины “La Nacion” хэвлэлийн газрын мэдээлснээр Д.Марадонагийн Английн эсрэг оруулсан “Зууны гоол”-ыг мөнхөлнө гэж таамаглаж байгаа аж.

Зууны гоол

Хэрвээ хууль батлагдвал Д.Марадонагийн зурагтай мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гараад зогсохгүй шуудангийн марк хүртэл гарах аж. Хатагтай Н.Дуранго энэ хуулийнхаа талаар “Зөвхөн шүтээнээ хүндэтгэж байгаа хэрэг биш. Эдийн засгийн хувьд ч ашигтай шийдвэр. Жуулчдын анхаарлыг татах нь гарцаагүй” хэмээн тодотгожээ. Түүний хуулийн төслийг ирэх оны эхээр хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм.

Дуулиан: Аргентин улс гурав хоногийн гашуудал зарлав

ХХ зууны шилдэг хөлбөмбөгчин Диего Марадона 60 насандаа таалал төгслөө. Италийн хэвлэлд бичсэнээр түүнийг Буэнос-Айрос дахь гэртээ зүрхний шигдээсээр өөд болсныг зарласан юм.

Талийгаач өнгөрсөн аравдугаар сарын 30-нд 60 насныхаа төрсөн өдрийг тэмдэглээд маргааш нь бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн билээ. Улмаар тархинд нь цус хурсан оноштойгоор хагалгаанд орсон юм.

Хагалгаа амжилттай болж, эмнэлгээс Буэнос Айрос дахь гэртээ буцсан нэрт хөлбөмбөгчин эр хоёр долоо хоногийн дараа гэртээ зүрхний шигдээсээр өөд боллоо.

Нэрт хөлбөмбөгчнөө бурхны оронд одсонд Аргентин улсын төрийн тэргүүн Алберто Фернандес улс орон даяар гурав хоногийн гашуудал зарлаж буйг мэдэгдэв.

Уншигч таньтай хамт Диего Марадонагийн таван түүхэн мөчийг хамтдаа дурсая.

Анхны тоглолт

“Аргентинос Хуниорс” багийн ерөнхий менежер Хуан Карлос Монтес 1976 оны аравдугаар сарын 20-нд “Таллерес де Кордоба” багийн эсрэг тоглолтод залуу авьяастан, дөнгөж 15 настай байсан Диего Марадонаг талбайд гаргасан юм. Талбайд гарсан анхны тоглолтод бөмбөгөнд хүрсэн хоёр дахь оролдлогоороо Д.Марадона эсрэг багийн хамгаалагч Хуан Доменго Кабрераг чадварлаг хуурсан нь өдгөө үлгэр домог мэт яригддаг. Хожим их түүхийн гэрч болсон энэ тоглолт телевизээр гараагүй бөгөөд гэрэл зурагчин Хумберто Эсперанзагийн авсан зургийг “Эль Графико” сэтгүүл 2001 онд олонд дэлгэж байв.

Шийтгэл

1994 оны ДАШТ бол Д.Марадонагийн амьдралд хар толбо үлдсэн тэмцээн билээ. Энэ тэмцээний үеэр допингийн асуудалд холбогдсон аргентин эр хөөгдөж нутаг буцсан юм. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос Диегог нэг жилийн хугацаанд тэмцээнд оролцохыг хориглосон түүхтэй.

Залуучуудын ДАШТ

Аргентинийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Цесарь Луис Менотти 1978 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий шигшээд тухайн үед 17 настай байсан довтлогч Диего Марадонаг дуудаагүй юм. Харин дараа жил нь Японд болсон 20 хүртэлх насны залуучуудын ДАШТ-д үе тэнгийнхээ залуусаас онцгой чадвараараа эрхгүй ялгарч, дэлхий даяар нэрээ танилцуулсан билээ. Энэ тэмцээнд аргентинчууд анх удаа түрүүлж, Д.Марадона тэмцээний шилдэг тоглогчоор тодорчээ.

Итали

Испанийн “Барселона” клубэд төдий л амжилт гаргаж чадаагүй Д.Марадона 1984 онд Италийн “Наполи”-д ирэв. Энд тэр өмнө нь тоймтой амжилт үзүүлж байгаагүй даруухан багийн ахлагчаар талбайд гарч, 7 жил тоглохдоо лигийн аваргаар хоёр удаа тодорсон юм.

ХХ зууны шилдэг гоол

https://twitter.com/i/status/1331639508375396357

1986 оны ДАШТ-д Английн эсрэг оруулсан хоёр гоол нь түүхэнд нэрээ үлдээсэн. Нэг нь алдарт “Бурханы гар”. Харин бичлэг дээрх гоолыг өнгөрсөн зууны шилдэг гоол хэмээн мэргэжилтнүүд үнэлдэг билээ.

Covid 19: Паоло Дыбала халдвар авчээ

Аргентинийн шигшээ болон Италийн “Ювентус” клубын довтлогч Паоло Дыбала болон түүний найз бүсгүй халдвар авчээ.

Италийн “Ювентус” клубээс корона вирусын халдвар авсан гурав дахь тоглогч нь Паоло Дыбала боллоо. Тэрбээр энэ талаар өөрийн инстаграм хуудсандаа өнөөдөр зарласан юм. Өдгөө 26 настай аргентин довтлогч халдвар авснаа зарласнаар төвийн хамгаалагч Даниел Ругани, франц тоглогч Блаис Матуиди нарын хамт “Ювентус”-ын гурав дахь тоглогч нь болсон юм.

П.Дыбала болон түүний найз бүсгүй Ориана Сабатини нарын биеийн байдал сайн байгаа талаар хөлбөмбөгчин эр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

П.Дыбалагийн найз бүсгүй О.Сабатини

Сонирхуулахад, П.Дыбалагийн найз бүсгүй О.Сабатини дуучин, жүжигчин мэргэжилтэй нэгэн. Түүнчлэн алдарт теннисчин, 1990 онд Америкийн Их Дуулгад түрүүлж байсан Габреала Сабатинигийн үеэл дүү аж.