Tag: Аргентинийн хөлбөмбөг

Серхио Агуэро “Манчестер Сити”-г орхино

Английн “Манчестер Сити” клуб аргентин довтлогч Серхио Агуэрог энэ улирлын дараа багаа орхих болсныг албан ёсоор мэдэгдлээ.

Өдгөө 32 настай С.Агуэро энэ улирлын дараа гэрээ шинэчлэхгүй болжээ. Тэрбээр 2011 онд Испанийн “Атлетико Мадрид” клубээс Английн “Манчестер Сити”-д ирж байв. Түүнээс хойш 384 тоглолтод оролцож 257 гоол оруулсан билээ.

Гэхдээ “Хотынхон” лидер тоглогчоо зүгээр нэг явуулчихгүй. Удирдлагуудын зүгээс гаргасан албан ёсны мэдэгдэлд ирэх жил С.Агуэро болон Давид Сильва, Винсент Компани нарын хөшөөг “Этихад” цэнгэлдэхийн гадна босгохоор төлөвлөж байгаа аж.

С.Агуэро энэ улиралд бэртлийн улмаас цөөн тоглолтод оролцсон. Нийт 14 тоглолтынхоо есөд нь гараанд гарч, гурван гоол оруулсан юм.

Хэдийгээр тааруухан улирлаа өнгөрүүлж байгаа ч түүнийг сонирхох багууд буурал Европоор их бий. Испанийн “Барселона”, Францын “ПСЖ”, Италийн “Ювентус”, “Интер Милан” гээд энэ жагсаалт цаашаа үргэлжилнэ. Өнгөрсөн долоо хоногт “Челси” клуб түүнийг Англид үлдэх шийдвэр гаргавал багтаа авчрах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.

С.Агуэро ба түүний тогтоосон дээд амжилтууд

Английн шигшээ багийн баруун жигүүрт тоглож явсан Ричардс нэгэн удаа С.Агуэрог Премьер лигийн шилдэг довтлогч гэж онцолж байв. Аргентин довтлогч одоогоор Английн дээд лигт 181 гоол шигтгэсэн. Энэ үзүүлэлтээрээ Алан Шьерер (260), Уэйн Руни (208) болон Андрью Коул (187) нарын ард бичигддэг. Премьер лигт 1992 оноос хойш өдгөө хүртэл 29 тоглогч 100-гаас дээш гоол оруулсан бөгөөд тэднээс цор ганц аргентин тоглогч нь Серхио юм. Түүнчлэн талбай дээр гоол оруулсан дундаж хугацаагаар тэр тэргүүлдэг.

Гоолын дундаж үзүүлэлт
ТоглогчТалбайд гоол оруулсан дундаж хугацааНийт гоол
Серхио Агуэро108.3 минут181
Терри Анри121.8 минут175
Харри Кэйн123.1 минут157
Мохамед Салах127.8 минут92
Руд Ван Нистелрой128.2 минут95
Хамгийн багадаа 20 гоол оруулсан тоглогчдын үзүүлэлт

Өнгөрсөн жил С.Агуэро 90.9 минут тутамд нэг гоол оруулсан үзүүлэлт нь түүний замналынх нь хоёр дахь шилдэг амжилт болсон юм. Тэрбээр “Манчестер Сити”-д ирсэн гурав дахь улиралдаа гоол оруулахад дундажаар 81.8 минут зарцуулсан нь оргил амжилт. Харин энэ улиралд 14 тоглолтод 453 минут талбайд гарахдаа гурван гоол оруулсан буюу дундажаар 151 минут зарцуулжээ.

УлиралТоглолтМинутГоолГоол оруулж буй дундаж минут
2011-12483,47730115.9
2012-13402,7117159.5
2013-14342,2892881.8
2014-15423,1983299.9
2015-16443,52029121.4
2016-17453,50033106.1
2017-18392,9343097.8
2018-19463,36832105.3
2019-20322,0912390.9
2020-21144533151
С.Агуэрогийн улирлын үзүүлэлт (бүх тэмцээнийг оролцуулаад)

“Манчестер Сити”-гийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан (257), легионер тоглогчдоос Премьер лигт хамгийн их гоолдсон (181) тоглогч гээд түүний нэр дээр бичигдэх рекорд цөөнгүй. Түүний оруулсан гоолын ачаар ситичүүд 2012 онд “Куинс Парк Ренжерс”-ийг хожоод анх удаа лигийн аварга болж байлаа. Одоогоор “Манчестер Сити”-гийн өмсгөлтэй 10 жил зүтгэхдээ 10 цом гардсан. Премьер лигийн аваргаар дөрөв, Холбооны цомд нэг, Лигийн цомд таван удаа түрүүлсэн юм.

Дуулиан: Диего Марадонагийн эмчийг шалгаж байна

Аргентинийн прокурорын байгууллагаас нэрт хөлбөмбөгчин Диего Марадонаг эмчилж байсан эмчийг буруутай эсэхийг шалгахаар болжээ.

Нэрт хөлбөмбөгчин асан Диего Марадона нас барахаасаа хоёр долоо хоногийн өмнө тархиндаа мэс засал хийлгэсэн билээ. Тэгвэл Аргентинийн хууль сахиулагчид нэрт хөлбөмбөгчний хувийн эмч Леополдо Лукег хагалгааны дараах эмчилгээнд хайнга хандсан эсэх тал дээр шалгалт хийж байгаа аж.

Буэнос Айрес хотын цагдаагийн байгууллагаас Л.Лукегийн гэр, хувийн эмнэлэг зэрэгт нь нэгжлэг хийсэн байна.

Энэ нэгжлэгийг Д.Марадонагийн охидынх нь хүсэлтээр хийсэн юм. Нэрт хөлбөмбөгчний ар гэрийн зүгээс эцгийнхээ эмчилгээний талаарх тодорхой мэдээлэл авах хүсэлт тавьжээ. Үүгээр ч зогсохгүй хөлбөмбөгчний өмгөөлөгч Матиас Морла ч үйчлүүлэгчийнхээ нас барсанд эмч буруутай эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг шаардсан билээ.

Доктор Л.Лукегийн ажлын газар, гэрийг орон нутгийн 30 гаруй цагдаа нар хамгаалж байна

М.Морлагийн хэвлэлийнхэнд ярьснаар бол түргэний дуудлага өгөөд ойролцоогоор 30 минутын дараа талийгаачийн гэрт очсон гэнэ. Гэхдээ эмнэлгийн зүгээс энэ мэдэгдлийг няцаасан юм.

Д.Марадонад хагалгаа хийсэн доктор Л.Луке ч хууль сахиулагчидтай хамтран ажиллаж байгаа юм. Өнөөдөр Буэнос Айрес хотод эмчийн гэрт 30 гаруй цагдаа нар нэгжлэг хийсэн. Мөн төдий тооны цагдаа нар хувийн эмнэлгийг нь шалгажээ.

Одоогоор эмчийг гэм буруутай гэж үзэн, ямар нэгэн ял тулгаагүй. Зөвхөн хувийн эмч нь байсан тул эмчлэх явцад ямар нэг зөрчил гарсан эсэхийг л албаныхан шалгаж байгаа юм.

Дуулиан: Аргентин улс гурав хоногийн гашуудал зарлав

ХХ зууны шилдэг хөлбөмбөгчин Диего Марадона 60 насандаа таалал төгслөө. Италийн хэвлэлд бичсэнээр түүнийг Буэнос-Айрос дахь гэртээ зүрхний шигдээсээр өөд болсныг зарласан юм.

Талийгаач өнгөрсөн аравдугаар сарын 30-нд 60 насныхаа төрсөн өдрийг тэмдэглээд маргааш нь бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн билээ. Улмаар тархинд нь цус хурсан оноштойгоор хагалгаанд орсон юм.

Хагалгаа амжилттай болж, эмнэлгээс Буэнос Айрос дахь гэртээ буцсан нэрт хөлбөмбөгчин эр хоёр долоо хоногийн дараа гэртээ зүрхний шигдээсээр өөд боллоо.

Нэрт хөлбөмбөгчнөө бурхны оронд одсонд Аргентин улсын төрийн тэргүүн Алберто Фернандес улс орон даяар гурав хоногийн гашуудал зарлаж буйг мэдэгдэв.

Уншигч таньтай хамт Диего Марадонагийн таван түүхэн мөчийг хамтдаа дурсая.

Анхны тоглолт

“Аргентинос Хуниорс” багийн ерөнхий менежер Хуан Карлос Монтес 1976 оны аравдугаар сарын 20-нд “Таллерес де Кордоба” багийн эсрэг тоглолтод залуу авьяастан, дөнгөж 15 настай байсан Диего Марадонаг талбайд гаргасан юм. Талбайд гарсан анхны тоглолтод бөмбөгөнд хүрсэн хоёр дахь оролдлогоороо Д.Марадона эсрэг багийн хамгаалагч Хуан Доменго Кабрераг чадварлаг хуурсан нь өдгөө үлгэр домог мэт яригддаг. Хожим их түүхийн гэрч болсон энэ тоглолт телевизээр гараагүй бөгөөд гэрэл зурагчин Хумберто Эсперанзагийн авсан зургийг “Эль Графико” сэтгүүл 2001 онд олонд дэлгэж байв.

Шийтгэл

1994 оны ДАШТ бол Д.Марадонагийн амьдралд хар толбо үлдсэн тэмцээн билээ. Энэ тэмцээний үеэр допингийн асуудалд холбогдсон аргентин эр хөөгдөж нутаг буцсан юм. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос Диегог нэг жилийн хугацаанд тэмцээнд оролцохыг хориглосон түүхтэй.

Залуучуудын ДАШТ

Аргентинийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Цесарь Луис Менотти 1978 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий шигшээд тухайн үед 17 настай байсан довтлогч Диего Марадонаг дуудаагүй юм. Харин дараа жил нь Японд болсон 20 хүртэлх насны залуучуудын ДАШТ-д үе тэнгийнхээ залуусаас онцгой чадвараараа эрхгүй ялгарч, дэлхий даяар нэрээ танилцуулсан билээ. Энэ тэмцээнд аргентинчууд анх удаа түрүүлж, Д.Марадона тэмцээний шилдэг тоглогчоор тодорчээ.

Итали

Испанийн “Барселона” клубэд төдий л амжилт гаргаж чадаагүй Д.Марадона 1984 онд Италийн “Наполи”-д ирэв. Энд тэр өмнө нь тоймтой амжилт үзүүлж байгаагүй даруухан багийн ахлагчаар талбайд гарч, 7 жил тоглохдоо лигийн аваргаар хоёр удаа тодорсон юм.

ХХ зууны шилдэг гоол

https://twitter.com/i/status/1331639508375396357

1986 оны ДАШТ-д Английн эсрэг оруулсан хоёр гоол нь түүхэнд нэрээ үлдээсэн. Нэг нь алдарт “Бурханы гар”. Харин бичлэг дээрх гоолыг өнгөрсөн зууны шилдэг гоол хэмээн мэргэжилтнүүд үнэлдэг билээ.

Хөлбөмбөг: Криштиану Роналду Мадрид хот руу очихоос татгалзав

Өмнөд Америк тивийн Аваргуудын лиг хэмээн нэрлэж болох “Либертадорес Цом” тэмцээний шигшээд Аргентинийн заналт хоёр баг болох “Бока Хуниорс”, “Ривер Плэйт” баг шалгарч үлдсэн. “Бока”-гийн талбайд болсон эхний тоглолт 2:2 харьцаатай өндөрлөж, хариу тоглолт “Ривер Плэйт”-ийн талбайд энэ сарын 24-нд болох ёстой байлаа.

Харамсалтай нь, хөгжөөн дэмжигчдийн халдлага хэрээс хэтэрсэн тул зохион байгуулагчид тоглолтыг цуцалсан юм. Ингээд зогсохгүй Аргентинаас өөр газар тэмцээнийг зохион байгуулах шийдвэр гаргасан. Ингээд энэ ням гаригт Испанийн Мадрид хотод “Сантияго Бернабеу” цэнгэлдэхэд явуулахаар болсон билээ.

Зохион байгуулагчид Аргентинийн шигшээгийн тоглогч Лионель Мессиг үзэгчийн хувиар урьсан. Тэгвэл Криштиану Роналдуд мөн урилга өгсөн ч португал эр очихгүй гэдгээ илэрхийлэв.

Испанийн хөлбөмбөгийн холбоо хоёр супер од тоглогчийг нэг дор цуг сууж, Өмнөд Америкийн АШТ-ийг үзэхийг хүссэн ч өнгөрсөн зун “Реал”-аас Италийн “Ювентус” руу очсон К.Роналду хуучин багийнхаа хотод очих бодолгүй байгаа аж.

Тоглолт энэ ням гаригт болно

Эх сурвалжийн мэдээлснээр К.Роналду хувийн шалтгааны улмаас татгалзсан хариу өгчээ. Тэрбээр хуучин багийнхаа удирдлагуудад сэтгэл дундуур байгаагаа нэг бус удаа хэвлэлээр ярьж байсан юм. “Ювентус” руу явсныхаа дараа өөрийг нь үл хүндэтгэсэн үйлдэл гаргасан гэж шүүмжлээд амжсан билээ. Тиймээс одоо Бернабеу цэнгэлдэхэд очих цаг нь биш гэж үзсэн бололтой.

Испанийн “Реал Мадрид” болон Италийн “Ювентус” клуб Аваргуудын лигт хоёул хэсгээ тэргүүлсэн тул хасагдах шатанд учраа таарах боломжтой байгаа билээ.

Сонирхуулахад, уг тоглолтын аюулгүй байдалтай холбоотойгоор “Бока”-гийн хулигаан хөгжөөн дэмжигчдийг Аргентин руу буцаасан байна. Түүнчлэн тоглолтын үеэр 2500 гаруй цагдаа хэв журам сахиулах аж.