Tag: арсенал

“Спотифай”-ийн үүсгэн байгуулагч Арсеналаас татгалзсан хариу авчээ

Өнгөрсөн сард Европын Супер Лигийн (ЕСЛ) шуугиан гарч хөгжөөн дэмжигчид Эмиратес цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа цугларч эсэргүүцлээ илэрхийлэх үеэр “Спотифай” компаний гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Даниель Ек “Арсенал” клуб хэзээ нэгэн цагт зарагдахаар бол худалдаж авах сонирхолтой байгаагаа илэрхийлээд байсан билээ.

Тухайн үед өөрийн твиттертээ “Би ухаан орсон цагаасаа хойш л Арсенал-ыг дэмжиж байсныгаа санадаг юм. Хэрэв КСЕ Арсенал-ыг зарна гэвэл би энэ өрсөлдөөнд баяртайгаар нэгдэх болно.” хэмээжээ.

Гэсэн хэдий ч өнгөрсөн бямба гарагт “Арсенал”-ын эзэн Стен Кроенкийн гэр бүл түүний саналд татгалзсан хариу өгчээ. Ек өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Арсенал” клубд санал хүргүүлээгүй гэх “худал мэдээллийг” залруулж мэдэгдэл хийсэн байна.

“Энэ долоо хоногт Жош Кроенке (Стен Кроенкийн том хүү) болон түүний банкируудтай бид уулзаж фенүүдийн өмчлөл, дэмжигчдийн алтан хувьцааг багтаасан санал хүргүүлсэн. Харин тэд -Бидэнд энэ мөнгө хэрэггүй хэмээн хариулсан юм. Би тэдний шийдвэрийг хүндэтгэж байгаа. Мөн нөхцөл байдал өөрчлөгдсөн ч би энэ клубыг сонирхсон хэвээр байгаа гэдгээ мэдэгдье.”

Форбес сэтгүүлд бичсэнээр Ек өнгөрсөн сард 2.8 тэрбумаар Арсеналыг үнэлж, худалдан авах хөрөнгөө баталгаажуулсан юм. Их Британий зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд Арсеналын домогт тоглогчид болох Тьерри Анри, Деннис Бергкамп, Патрик Виейра нар Екийн саналыг дэмжиж байгааг мэдээлэлж байсан юм.

    Алдрын танхим: ТИЕРРИ АНРИ

    Английн премьер лигийн Алдрын танхимд нэрээ мөнхөлж буй анхны хоёр тоглогчийн нэг нь Аугаа Арсеналын домогт довтлогч Тиерри Даниел Анри байх жамтай байжээ. Арсэн Вэнгэр түүнийг 1999 онд Ювэнтусаас авчирснаас хойш нийт 258 тоглолтод 175 гоол, 74 ассисттай Арсеналын замналаа өндөрлөсөн байдаг. Энэ хугацаанд хоёр удаа АПЛ-ийн түрүүг авахдаа дөрвөн удаа лигийн мэргэн буучаар тодорсон. Арсеналын бүх цаг үеийн мэргэн буучдын эгнээг тэргүүлдэг тэрбээр өөрөө ийнхүү ярьж байна.

    Хөлбөмбөгийг өөрчилье гэж бодож байсан минь үнэн юм. Цом өргөх нэг хэрэг, гоолын тоогоор тэргүүлэх ч бас нэг хэрэг, харин чи өөрийн тоглодог байрлалаа өргөж чадсан уу гэдэг бол бүр өөр хэрэг шүү. Ноён Дэвид Дэйн надад Иан Райтын бичлэгтэй диск өгөөд “Тиерри, чи ийм юм л хийх ёстой” гэж хэлж байсныг санаж байна. Хөөх, оролдоод үзье ээ л гэсэн.

    Алан Шийрэртэй зэрэгцээд ингээд Премьер лигийн Алдрын танхимд нэрээ мөнхлүүлнэ гэдэг бол ёстой онцгойгоос онцгой юм. Бага байхдаа зүгээр л хөлбөмбөгийн гуталтай болохыг л бодож явдаг байсан бол одоо ингээд Алдрын танхим яриад байж байх юм гэж хэн бодох билээ. Замналынхаа турш би зорилгын төлөө хамаг хүчээ дайчлан зүтгэсээр ирсэн, яагаад гэвэл фэнүүд үүнийг л харахыг хүсдэг. Анх тоглож эхэлж байхад минь чи алдрын танхимд нэрээ мөнхлүүлнэ гэсэн бол би итгэх ч үгүй байсан. Энэ бол жинхэнэ нэр төрийн хэрэг.

    Өмнө нь Арсеналын мэргэн буучдыг тэргүүлж асан Иан Райт: Жигүүрээс төв рүү гоолоор бөмбөгдөөд л ороод ирсэн. Зүүн хөл, баруун хөл, хурд. Сүрдмээр гамшигт үзэгдэл чамайг чиглээд ирнэ л гэсэн үг.

    Ливерпүүлийн төвийн хамгаалагч асан Жэми Каррагер Арсеналын 2003/04 улирлын босоо аварга “Ялагдашгүй” бүрэлдэхүүний эсрэг тулж байсан тухайгаа ийнхүү дурсав: Тиерри Анри, “Ялагдашгүй” багийн эсрэг тулна гэдэг миний бодлоор хөлбөмбөг дэх хамгийн хэцүү ажил болно. Мотоциклтой давхиад байгаа юм шиг л санагддаг байсан. Өөдөөс нь тоглоно гэж ёстой хар дарсан зүүд.

    Ливерпүүл, Тоттенам клубын хагас хамгаалагч асан Жэми Рэднапп: Зарим нэг тоглогчдын эсрэг талбайд гарах гээд хонгилд зогсож байхдаа л “Өнөөдөр ч балрах нь дээ” гэж бодогддог. Үнэнийг хэлэхэд би түүнээс бүр балмагддаг байсан шүү.

    Зургийн эх сурвалж: hierry-henry-first-inductees-premier-league-hall-fame

    Мэдээлэл бэлдсэн: Д.Цогчулуун

    Европын супер лиг: Английн багууд өрсөлдөөнөөс гарлаа

    Европын Супер Лиг (ЕСП)-д оролцохоо мэдэгдэж байсан Премьер лигийн зургаан баг бодлоо өөрчилжээ.
    “Манчестер Юнайтед” клуб хөгжөөн дэмжигчид, Их Британийн Засгийн газар, гол хувьцаа эзэмшигчдийнхээ байр суурийг анхааралтай сонссоны эцэст энэ шийдвэрийг гаргасан гэж мэдэгдсэн байна. Харин “Челси” багийнхаа тоглогчдын болон хөгжөөн дэмжигчдийн ашиг сонирхлыг харгалзан үзэж, нэрээ татаж буйгаа зарлажээ. “Брайтон”-ы эсрэг хийх тоглолтын өмнө Лондоны “Стамфорд Бриж” цэнгэлдэх хүрээлэнгийн гадна хөгжөөн дэмжигчид нь эсэргүүцлээ илэрхийлсний дараа тус клуб ийм шийдвэр гаргасан юм. Үүний дараа “Манчестер Сити”, “Арсенал”, “Тоттенхам Хотспур”, “Ливерпүүл” клуб ч мөн адил шинэ лигт тоглохоос татгалзав.


    УЕФА-гийн Ерөнхийлөгч Александр Сеферин “Энэ лигт тоглосон тамирчид Олон улсын тэмцээнд оролцох боломжгүй болно” гэж анхааруулсан билээ. Багуудын татгалзсан шийдвэрийн дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Одоо бүх юм эргээд хуучиндаа орсон болохоор хэлэлцээрээ үргэлжлүүлж гарц шийдлээ олох л үлдлээ” хэмээн баяртайгаар мэдэгдсэн юм.

      Европын Сүпер Лиг болох уу

      Европ тивийн дөрвөн улсын шилдэг 12 клуб нэгдэж Европын Сүпер Лиг хийхээр болсноо зарлалаа.

      Тодруулбал, Английн зургаа, Италийн гурав, Испанийн гурван баг шинэ тэмцээнийг дэмжихээ илэрхийлжээ. цар тахлын улмаас их хэмжээний алдагдалд ороод байгаа тул Аваргуудын лигээс тусдаа тэмцээн зохион байгуулахаар болсноо зарлав. Тус лигийн ерөнхийлөгчөөр “Реал Мадрид” клубын ерөнхийлөгч Флорентино Перез ажиллах ба тэрбээр энэ талаар “Бид бүхий л чадлаараа хичээж, дэлхийн хөлбөмбөгт тусалж, зохих байр сууринд хүргэх болно” гэж мэдэгджээ.

      Тэмцээний санхүүжилтыг “JPMorgan” хөрөнгө оруулалтын банк хариуцаж зургаан тэрбум орчим ам.долларыг гаргах бөгөөд лигт оролцох урилгыг хүлээн авсан баг 425 сая ам.долларыг авах гэнэ. (Сонирхолтой нь, энэ мөнгөн дүн нь шилдэг багуудын 2020 оны бүтэн жилийн санхүүгийн тайлантай харьцуулж харахад бүтэн жилийн орлогоо олох боломжтой харагдана. УНШИХ)

      Тус лиг нь 20 багаас бүрдэх ба 15 клуб тогтмол оролцох бол үлдсэн таван эрхийн төлөө бусад багууд өрсөлдөнө. Мөн эдгээр клубууд нь хоёр хэсэгт хуваагдаж тоглох төдийгүй амжилтаараа хэсгээ тэргүүлсэн найман клуб хасагдах шатанд өрсөлдөх юм.

      Сүпер лигийг 2023/2024 оны улирлаас эхлэх боломжтой хэмээн үзэж байгаа бөгөөд одоогоор үндсэн 12 клуб тодроод байна. Үүнд:

      • Англи- “Манчестер Юнайтед”, “Манчестер Сити”, “Челси”,  “Арсенал”, “Тоттенхэм”, “Ливерпүүл”
      • Испани- “Атлетико Мадрид”, “Барселона”, “Реал Мадрид”
      • Итали- “АС Милан”, “Интер Милан”, “Ювентус”

      Гэхдээ уг тэмцээн зохиогдох эсэх нь эргэлзээтэй. Учир нь Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) болон Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA) энэхүү тэмцээнийг эсэргүүцэж байна. Хэрвээ багууд шинэ тэмцээнд оролцвол дотоодын лиг болон олон улсын тэмцээнээс хасах, тоглогчдыг шигшээ багт дуудахгүй гэх нэн хатуу шаардлага тавив.

      Мөн шилдэг клубуудээ алдах аюулд ороод байгаа Англи, Испани, Италийн лигийн холбоо мөн адил энэ тэмцээний эсрэг байгаа аж. Эцэст нь холбоод ялах уу? клубууд ялах уу? гэдгийг харах л үлдлээ.

      Харин таны хувьд энэ шинэ тэмцээнийг яаж хүлээж авах вэ?

      Киеран Тиернигийн тухай

      Вэст Бромвич Албионыг талбай дээр нь 4-0 харьцаагаар хожсон тоглолтын өмнө бие халаалт хийхдээ энгийн шорт футболктой гарч хавийн амьтдын амыг ангайлгасан манай 23 настай шотланд залуу энэ талаараа ийнхүү ярьжээ.

      Насаараа л Шотландад тоглосон болохоор иймэрхүү юманд дасчихжээ. Жаахан хүйтэн байхад хэнд ч гай болохгүй л дээ. Манайхан намайг хөндлөн дамжуулалт өгсөн гэж шоолоод байгаа. Ахиж нэг харахаас. Мэдээж гоолдсондоо баяртай байлгүй яахав, би ямар дандаа гоолдоод байдаг биш.

      Артэта: Манайхан бүгд л ороолт, бээлий, малгай өмсөцгөөж байтал мань хүн шууд л шорт, футболктойгоо гараад явчихсан. Дүр үзүүлж байгаа юм биш л дээ, надад итгээрэй, угаасаа тэгээд сурчихсан юм байгаам. Намайг анх клубт ирэхэд мөрөндөө гэмтэлтэй гээд байж байсан. Надад бол маш авьяастай, элдэв ааш авиргүй, яг сайхан зүтгэлтэй тоглогч харагдсан. Хамт ажиллахад маш урамтай байдаг, өдөр болгон улам сайжрах гэж чармайн бэлтгэдэг болохоор гоол хийсэнд нь өмнөөс нь их баярлаж байгаа.

      Мартин Кеовн: Яалт ч үгүй хуучны барилтай залуу. Магадгүй ахлагчийн материал ч юм уу. Бэлтгэл дээр жаахан дарж тогло гэж захихгүй бол болдоггүй гэж сонссон. Тиймэрхүү авирт бол би их дуртай. Хамгаалагчийн хувьд их сайн, ер нь хамгаалалт, довтолгоо аль алинд нь их сайн. Цасан дунд футболктой бие халаалт хийгээд, бас маш гоё гоол хийсэн. Арсеналд өөрийн гэсэн ул мөрөө үлдээх гэж их яарч байна, бараг л чадлаа шүү дээ.

      Гарет Барри: Би ч гэсэн ахлагчийн материал гэж бодож байна. Хамгаалалт болон довтолгоонд маш нэмэртэй байгаа нь үнэн гэхдээ надад хамгийн их таалагдсан юм нь юу вэ гэхээр баг нь маш муу байх үед ч дагаж муудаагүй цөөхөн тоглогчийн нэг нь мань хүн байсан. Магадгүй ганц хоёрхон тоглогч л тоглолтоороо илт ялгарч харагдаж байсны нэг нь яахын аргагүй мөн.

      Орчуулсан: Даваадорж Цогчулуун

      Мэдээллийн эх сурвалж:
      https://www.bbc.com/sport/football/55522579
      https://talksport.com/…/arsenal-news-kieran-tierney…/

      Зургийн эх сурвалж:
      https://talksport.com/…/arsenal-news-kieran-tierney…/