Tag: Барселона

Хааландын үнэ 75 сая евро

Европын топ багуудын наймааны гол бай болж буй Эрлинг Хааландын зах зээлийн үнийг Mundo Deportivo зарлалаа. Испанийн хэвлэлд бичсэнээр 20 настай Норвег довтлогчийг авахыг хүсэж байгаа багууд дор хаяж 75 сая евротой байх ёстой гэнэ.

Тоглогчийн агент Мино Райола энэ суурь үнийг гаргасан бөгөөд үүн дээр агентийн шимтгэл, тоглогчийн гэр бүлд очих мөнгө мөн нэмэгдэнэ. Хааландыг Дортмунд 2020 оны өвлийн цонхоор 20 сая евро төлж авчирсан. Гэхдээ дээрх агентийн шимтгэл зэргийг тооцвол албан ёсны дүнгээс бараг хоёр дахин өндөр төлбөрийг Дортмунд гаргасан гэж Германы хэвлэлүүд мэдээлсэн. Реал Мадрид, Барселона зэрэг топ багууд бүгд Эрлингийг авах хүсэлтэй байгаа.

Ред Буллаас Бундеслигт ирээд Эрлинг эхний тоглолтдоо л хет-трик хийн сенсаац дэгдээсэн. Улмаар энэ гоолын цувралаа цааш нь үргэлжлүүлж клуб болон лигийн олон дээд амжилтуудыг эвдсэн юм. Одоогоор тэр бэртэлтэй байгаа бөгөөд 2021 оны нэг сард эргэн ирнэ гэж клуб нь мэдээлсэн.

Шави, Касильясын нөхөрлөл баримтат кинонд

Зэрэг шахуу хөлбөмбөгийн тавцанд гарч ирэн, тус тусын замаар алдрын оргилд хүрсэн Шави, Икер Касильяс нар сайн найзууд. Клубын түвшинд тэд эвлэршгүй хоёр багийг төлөөлдөг байсан ч эх орныхоо төлөө бол хамтдаа мөр зэрэгцэн тоглож олон цомыг өргөсөн. Харин тэдний талбайн гадна хэр дотны найзууд болохыг саяхан цацагдсан баримтат кино ил болголоо.

Касильясын амьдрал, карьерын талаарх The Movistar-н хийсэн тус баримтат кинонд хоёр эрхмийн нөхөрлөл чухал хэсгийг эзэлж байв.
2019 оны 5 сард Икер Портуд байхдаа зүрхний шигдээс болж эмнэлэгт хүргэгдсэн. Шави баримтат кинонд тэр үеийн тухай ийн дурссан юм.

“Инстаграмд онлайн байхыг нь хараад би түүн рүү бичсэн. – Икер, бие чинь яаж байна. Ноцтой биш биздээ? – “

“Пелопо минь (Шавигийн хоч), ийм л болох дөхлөө 💀”

Бие нь муудсаны дараа Икер хэсэг хугацаанд эмчилгээ хийлгэж, Португийн дасгалжуулалтын багт ажиллаж байгаад 2020 оны найман сард албан ёсоор зодог тайлсан. Испаний хэвлэлүүдэд бичсэнээр Икер одоо Флорентино Пересийн зөвлөхөөр ажиллаж байгаа ажээ. Харин Икерээс нэг ах Шави 2019 онд Катарын Аль-Саддад зодог тайлж, тэндээ дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Өнгөрсөн долоон сард Шави коронавирус тусаж эмчилгээ хийлгэн эдгэсэн юм.

Барселона 0:3 Ювентус: Роналду Камп Ноуд ноёрхов

Криштиану Роналдугийн хоёр пенальти, Уэстон Маккеннигийн акробат гуядалт “Камп Ноу”-д явагдсан Барселона – Ювентусын тоглолтын үр дүнг шийдлээ. Ювентус 3:0-ээр ийнхүү хожиж G хэсгийг тэргүүлэн хасагдах шатанд шалгарч байгаа бол Барселона хоёроор цааш шалгарч хүнд сугалаа татахаар болов.

Роналду – Мессигийн хоёр жилийн дараах “уулзалт” гэдгээрээ энэ тоглолт олны анхаарлын төвд байлаа. Хоёр клубээс аль талд нь жинхэнэ “GOAT” байгаа тухай твиттерт өрнүүлсэн ёж дайралтууд ч тоглолтын хүлээлтийг ихэсгэсэн.
10 сарын 28-нд Барсаг Туринд зочлоход Роналду Ковид 19-н улмаас талбайд гараагүй юм. Тус учраанд Дембеле, Месси гоол хийн Барса 2:0-ээр хожиж байв. Хожлынхоо дараа Барса твиттертээ “GOAT-г та нар өөрийн талбайдаа харсандаа баяртай байгаа байх” гэж жиргэсэн.

Харин энэ удаа Ювентус “Та нар буруу толь бичиг ашигласан бололтой. Жинхэнэ GOAT-ыг өнөөдөр Камп Ноуд та нар харлаа” гэж хариугаа авсан.

Барсагаас Пике, Дембеле, Ансу Фати, Сержи Роберто нар бэртэлтэй байсан учир дасгалжуулагч Куман – Сержиньо Дест, Рональд Араухо, Тринкан гэсэн залуу тоглогчдод боломж олгон талбайд гаргасан. Харин зочин багаас Кьеллини, Мерих Демирал нар байсангүй.

Араухо 13 дахь минутанд эсрэг талдаа пенальти өгч Роналду амжилттай гүйцэтгэн багтаа тэргүүлэл авчирсан. 7 минутын дараа Ювентусын багийн ажиллагаа үр дүнд хүрч Маккенни Куадрадогийн дамжуулалтаар үзүүштэй гоолыг бүртгүүлсэн юм. Аваргуудын лигт Барса талбайдаа эхний 20 минутанд хоёр гоол алдаж байгаа анхны тохиолдол энэ юм байна. 22 настай дээрх Америк залууг Юве өнгөрсөн зун Шалькегээс зээлээр авчирсан юм.

Месси үүний дараа хариуг нь барихаар хэд хэд оролдсон ч Буффон туршлага заан хаалгаа хуурай байлгасан.

Маккенни Мессиг 16 дотор унагасныг торгуулийн цохилт гэж талбайн эзэд маргасан ч шүүгч тэдний талд шийдвэр гаргасангүй. Улмаар 52 дахь минутанд Лангле бөмбөгөнд гар хүрснийг шүүгч VAR ашиглан хянаад Ювентуст энэ өдрийн хоёр дахь пенальтийг өгөв. Харин шүүгч Ланглед хоёр дахь шарыг нь өгөлгүй “харж үзсэн” (31 дэх минутанд шар хуудас аваад байсан). Роналду дубль хийх боломжоо алдаагүй юм.
Барса 2016 оны 11 сараас хойш Аваргуудын лигийн хэсгийн шатанд хожигдоогүй байсан нь ийнхүү төгсгөл болов. (25 тоглолт) Мөн Ювентус Камп Ноуд гурван гоол хийсэн анхны италийн баг боллоо.

Энэ хооронд Динамо Киев Унгарын Ференцварошийг 1:0-ээр хожиж хэсгийн гуравт бичигдэв. Тэд европын аяллаа цааш Европа лигээр үргэлжлүүлнэ. Киевийн “Олимпийский” цэнгэлдэхэд явагдсан тоглолтын цорын ганц гоолыг Денис Попов оруулсан.

РОНАЛЬД КУМАН (Барселонагийн дасгалжуулагч):
“Бид тоглолтыг эхний 30 минутанд алдчихлаа. Манай хамгаалалт тааруу байснаас гадна дундын шугам хангалттай шийдэмгий байж чадсангүй. Харин Ювентус эсрэг талд бүхнийг зөвөөр хийсэн. Ялалт авах бүрэн эрхтэй тоглолоо”

“Эхний торгуулийн цохилтыг би маргаантай гэж үзэж байна. Тийм зүйлд пенальти зааж байгаа бол Месси дээр гаргасан зөрчилд ч пенальти өгөх ёстой байсан юм”

“Бид Ювентустай хоёр тоглосныг мартаж болохгүй. Туринд манайх 2-0-ээр хожсон. Манай гаргасан бүрэлдэхүүнд залуус олон байсан учир сайн хичээл болсон байх. Тэд хойшид өөрсдөдөө итгэлтэй, зоригтой тоглох хэрэгтэй”

АНДРЕА ПИРЛО (Ювентусын дасгалжуулагч):
“Дербигийн ялалтын эрчимээ (12 сарын 5-нд Ториног 2:1-ээр хожсон) алдалгүй ээлжит нэгэн хожлоо бид авлаа. Төвлөрөл, тууштай, шийдэмгий чанар байхад үр дүн үргэлж гардаг”

“Маккенниг урагш сайн явуулж, дундын шугаманд тэдний хоёр хагасыг өөрсдийн гурваар ноёрхох төлөвлөгөөг бид боловсруулаад байсан. Энэ маань ч үр дүнгээ өгч олдсон гоолын боломжоо залуус маань сайн ашиглалаа”

“Мөнхийн өрсөлдөгчийнхөө эсрэг Роналду энгийнээс илүү хичээх нь ойлгомжтой байсан. Түүнийг ийм сэтгэл зүйтэй байхад зогсооно гэдэг хэцүү. Энэ хожил чимээ дуулиантай ч гэсэн улиралд олон тоглолт байгаа. Сери А гэсэн гол байгаа бид нар умартаж болохгүй. Түүндээ төвлөрч, тогтвортой формыг үүсгэх нь чухал”

Барселона (Испани) 0 : 3 Ювентус (Итали)

Роналду, 13-пен, 52-пен, Маккенни, 20

“БАРСЕЛОНА” (Испани): тер Штеген, Араухо, Лангле, Дест, Альба, Пьянич, де Йонг, Тринкау, Месси, Педри, Гризманн.

“ЮВЕНТУС” (Итали): Буффон, Де Лигт, Бонуччи, Данило, Артур, Маккенни, Алекс Сандро, Куадрадо, Рэмси, Роналду, Мората.

Хөлбөмбөг: Месси ба Роналдугийн 36 дахь тулаан

Аваргуудын лигийн хэсгийн шатанд учраа таарсан Испанийн “Барселона”, Италийн “Ювентус” клуб өнөөдөр “Камп Ноу” цэнгэлдэхэд өрсөлдөнө. Л.Мессигийн эсрэг К.Роналду. Тус хоёр багийн эхний тоглолтод “Барселона” өрсөлдөгчөө 2:0-ээр илүүрхсэн ч эсрэг багийн лидер К.Роналду цар тахлын халдвар авч, өнжсөн билээ.

Аваргуудын лигийн хэсгийн сүүлийн тоглолтууд олны анхаарлыг татах нь гарцаагүй. Тэр тусмаа Л.Месси, К.Роналдугийн тулааныг бүр ч олон хүн үзэх биз. Тоглолт Улаанбаатарын цагаар арванхоёрдугаар сарын 9-нд үүрийн 04:00 цагаас эхэлнэ.


G хэсэг

  • Барселона – 15
  • Ювентус – 12
  • Динамо Киев – 1
  • Ференцварош – 1

“Барселона” талбайдаа тэнцэхэд л хэсгээ тэргүүлэх боломжтой. Эсвэл уг тоглолтод нэг гоолын зөрүүгээр хожигдсон ч байраа хадгалж үлдэх юм. Харин К.Роналдугийн баг өмнөх хариугаа аваад зогсохгүй өрсөлдөгчөө хоёр гоолын зөрүүгээр хожих шаардлагатай. Турины баг 2:0-ээр хожвол нэмэлт цаг сунгах бол 3:0-ээр илүүрхвэл хэсгээ тэргүүлэх юм.


Хоорондоо хэрхэн тоглож байв?

Тэд өмнө нь 35 удаа учраа таарч байв. К.Роналдуг “Реал Мадрид” багт байхад Испанийн Ла Лигт 18 удаа, Аваргуудын лиг, Испанийн Копа дэл Рэй болон Супер цомд тус бүр таван удаа, Аргентин, Португалын нөхөрсөг тоглолтод хоёр удаа учраа таарч байв.

Эдгээр 35 тоглолтод:

  • Л.Месси 16 удаа хожиж
  • К.Роналду 10 удаа хожсон
  • 9 удаа тэнцэж байв.

Энэ 35 тоглолтод Л.Месси 22 гоол оруулсан бол португал эр 19-ийг шигтгэжээ.

Аваргуудын лигт учраа таарсан таван тоглолтын хоёрт нь Л.Мессигийн баг ялсан бол К.Роналду “Манчестер Юнайтед”-д байхдаа л нэг хожсон үзүүлэлттэй. Аргентин залуу энэ таван тоглолтод гурван гоол оруулсан бол өрсөлдөгч нь одоогоор гоол хийж амжаагүй байна.


“Барселона”-гийн шинэ дасгалжуулагч Кике Сетьений тухай 8 баримт

Эрнесто Велвердегийн оронд “Барселона”-гийн дасгалжуулагчаар томилогдсон Энрике “Кике” Сетьен гэж хэн бэ?

Цагтаа “Реал Бетис” клубийг чамгүй амжилттай удирдсан К.Сетьений тухай 8 баримтыг сонирхуулья.

  1. Түүний спортын замнал элсний хөлбөмбөгөөр эхэлсэн. Элсний хөлбөмбөгөөр улсынхаа шигшээд багтаж байв.
  2. Залуудаа “Эл Маестро” хочтой байсан К.Сетьен “Расинг Сантандер” клубийн бахархал болсон тоглогчдын нэг. Одоогоор Испанийн хоёрдугаар дивизионы лигт данстай энэ клубт 12 жил зүтгэж, хожим 2001-2002 онд дасгалжуулагчаар ажиллаж байв.
  3. Тэрбээр тоглогч байхдаа одоогийн баг болох “Барселона”-гийн эсрэг 22 удаа талбайд гарч, 5 хожиж, 5 тэнцээд 12 ялагдсан үзүүлэлттэй. “Барселона”-гийн эсрэг хоёр удаа гоол оруулжээ.
  4. Харин дасгалжуулагч болоод Каталаны багийн эсрэг 7 удаа тоглож, нэг удаа хожсон гэнэ. 2018-19 оны улиралд Камп Ноуд хожил авчээ.
  5. Дасгалжуулагчийн замналдаа “Расинг Сантандер”, “Полидепортиво”, “Логроньес”, “Луго”, “Лас Палмас” болон “Реал Бетис” зэрэг дандаа нутгийнхаа багуудыг удирдсан даруухан түүхтэй нэгэн.
  6. Түүнийг “Камп Ноу”-д зочилсон нэгэн тоглолтын дараа “Барселона”-гийн тоглогч Серхио Бускетс хүндэлж явдгаа илэрхийлж, өөрийн гарын үсэгтэй өмсгөлөө дурсгал болгож байжээ.
  7. К.Сетьен “Барселона” болон Лео Мессиг дэмждэг гэдгээ үргэлж илэрхийлдэг байв. Л.Мессиг манай гаригийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин гэж ярьсан удаатай.
  8. Залуудаа хөлбөмбөгчин, одоо дасгалжуулагч болсон 61 настай энэ эр чөлөөт цагаараа шатар нүүх дуртай. Тэр ч бүү хэл шатрын дэлхийн аварга асан Анатоли Карпов, Гари Каспаров нартай шатар нүүж явсан туршлагатай гэнэ.

“Барселона” клубийн тоглогчдын дундаж цалин 10 сая фунт хүрчээ

Испанийн хөлбөмбөгийн томоохон клуб болох “Барселона” клуб багийн спортын түүхэнд анх удаа цалингийн дундаж нь 10 сая фунтэд хүрсэн баг болжээ. 

Даваа гаригт олон нийтэд танилцуулсан “Global Sports Salaries”-ийн судалгаагаар Каталаны клубийн 23 тоглогчийн дундаж цалин 10.45 сая фунт (13.76 сая ам.доллар) хүрч, багийн спортын түүхэнд дээд амжилт тогтоожээ.

“Барселона” клуб аргентин довтлогч Лионель Месситэй шинэ гэрээ байгуулж, жилийн 60 сая ам.долларын цалин өгч байгаа бөгөөд Филиппе Коутиньо, Артур, Малком болон Артуро Видаль нарын тоглогчдод өндөр цалин өгөх болсон нь тэднийг рекорд амжилтад хүргэхэд тус болсон бололтой.

Хамгийн их цалин өгдөг ТОП 12 баг

Испанийн Ла лигийн өөр нэг төлөөлөл болсон “Реал Мадрид” клуб 8.1 сая фунт буюу 10.6 саяыг цалинд зарцуулдаг үзүүлэлтээр хоёрдугаарт бичигдсэн. Харин өнгөрсөн жил уг үзүүлэлтийг тэргүүлж байсан NBA-гийн “Оклахома Сити Тандер” 7.5 сая фунт (10.33 сая ам.доллар) зарцуулдаг үзүүлэлтээр гуравдугаарт жагссан юм. Тэдний араас “Голден Стэйт Уорриорс” 10.2 сая ам.доллар, “Вашингтон Визардс” 10.0 сая ам.долларыг цалинд өгдөг. Ингэснээр дээрх гурав АНУ-ын мэргэжлийн спортын түүхэнд 10 сая “ногоон” давсан цалин олгодог анхны багууд болсон аж. Харин NBA-гийн нийт багийн дундаж цалин 5.9 сая фунт буюу 7.8 сая ам.долларыг цалинд зарцуулдаг үзүүлэлтээр бусад лигүүдийг тэргүүлдэг.

 

Италийн “Ювентус” клуб Криштиану Роналдуг багтаа авсан тул өнгөрсөн жил 32-т жагссан үзүүлэлтээс уг жагсаалтын есдүгээрт бичигдэх болов. Уг жагсаалтын аравдугаарт Английн “Манчестер Юнайтед” багтсан юм.

“Барселона” шөвгийн 16-д шалгарсан эхний баг боллоо

Аваргуудын лигийн хэсгийн шатны дөрөв дэх тоглолтууд өнөөдөр эхэллээ. Испанийн “Барселона” клуб хамгийн түрүүнд шөвгийн 16-д шалгарах эрхээ “халаасалсан” юм. 


ХЭСЭГ А

(Испани) Атлетико 2:0 Дортмунд (Герман)

Германы клуб энэ тоглолтод ялсан бол хэсгээсээ шалгарах, цаашлаад хэсгээ тэргүүлэх боломжтой байв. Гэхдээ Испанийн “Атлетико” клуб амар бууж өгөхийг хүссэнгүй. “Реал”-ын хүүхдийн багийн бүтээгдэхүүн Сауль Ньегис 33 дахь минутад гоолын салхийг хагалсан бол 80 дахь минутад Антоун Гриззман тооны харьцааг холдуулснаар багаа ялалтад хүргэв.

(Франц) Монако 0:4 Брюгге (Бельги) 

Бельгийн даруухан баг Аваргуудын лигийн хэсгийн шатанд ялалт байгуулах гэж 13 жил хүлээжээ. Довтлох чиглэлийн хагас хамгаалагч Ханс Ванакен эхний 17 минутад эхний хоёр гоол оруулж, бразил довтлогч Уэйсли Мораэс 24 дахь минутад тооны харьцааг холдуулав. Улмаар 85 дахь минутад Рууд Вормер сүүлийн цэгийг хатгаж, Терри Анригийн шинэ ажилд үнэлгээ өгсөн юм.


ХЭСЭГ B

(Итали) Интер Милан 1:1 Барселона (Испани)

Тус хоёр багийн тоглолт эвийн гэрээгээр шийдэгдсэн тул “Барселона” хасагдах шатанд өрсөлдөх багаар хамгийн түрүүнд тодорлоо. Энэ тоглолтод аргентин довтлогч Лионель Мессиг гэмтлээсээ эргэн ирж, талбайд гарч магадгүй хэмээн цуурхал тарсан ч гарсангүй. Эхний хагас, тэр бүү хэл 80 дахь минут хүртэл гоол ороогүй ч сэлгээнээс талбайд орж ирсэн Малком 83 дахь минутад гоол оруулаад баярын нулимс унагасан ч дөрвөн минутын дараа Мауро Икарди тоог тэнцүүллээ.

(Англи) Тоттенхэм Хотспур 2:1 ПСВ Эйндховен (Нидерланд)

Эхний 61 секундэд л Швейцарьт төрсөн нидерланд довтлогч Люк де Йонг булангаас ирсэн бөмбөгийг мөргөж гоолдоод зочин баг тэргүүлж эхэлсэн ч Харри Кэйний хоёр гоолын ачаар Лондоны клуб хэсгээсээ гарах найдвараа хадгалж үлдлээ. Тэд энэ сарын 28-нд “Интер Милан”-ыг хожиж чадвал оноо тэнцэх боломжтой юм.


ХЭСЭГ С

(Итали) Наполи 1:1 ПСЖ (Франц)

Словакийн Марек Хамшик “Наполи”-гийн төлөө 512 дахь тоглолтод оролцож, тус багийн түүхэнд хамгийн олон тоглолтод оролцсон тамирчин болсон юм. Тэрбээр энэ хугацаанд 120 гоол оруулсан үзүүлэлтээр багийнхаа бүх үеийг тэргүүлдэг. Испани тоглогч Хуан Бернат эхний хагасын нэмэлт минутад гоолдсон ч “Наполи”-гийн Лоренцо Инсинье 63 дахь минутад торгуулийн цохилтоор тооны харьцааг тэнцүүлэв. Ийнхүү “С” хэсгийн хүснэгт тун сонирхолтой боллоо.

(Серб) Црвена Звезда 2:0 Ливерпуль (Англи)

Милан Павковын хоёр гоолын ачаар Сербийн “Црвена Звезда” клуб Аваргуудын лигт анхны ялалтаа байгууллаа. Ингэснээр “С” хэсгийн тэргүүлэгч баг болон хамгийн сүүлд бичигдэж буй багийн хооронд хоёр л онооны зөрүүтэй болсноор энэ хэсгийн аль ч баг хасагдаж мэдэх аюул бий болов.


ХЭСЭГ D

(Португал) Порто 4:1 Локомотив Москва (ОХУ)

“Порто”-гоос дөрвөн тоглогч гоол оруулж, “Локомотив Москва”-г ялснаар хэсгээ тэргүүлж эхэллээ. Тэд дөрвөн тоглолтоос гурван хожил, нэг тэнцээ авснаар 10 оноотой болов.

(Герман) Шальке 2:0 Галатасарай (Турк)

Германы клуб Аваргуудын лигийн хоёр дахь хожлоо авснаар найман оноотой болж, “Порто”-гийн ард бичигдэж эхэллээ. Гол өрсөлдөгчөөсөө дөрвөн оноогоор холдсон учир дараагийн хоёр тоглолтод алдаа гаргахгүй байхад л хэсгээсээ шалгарна.

Лионель Мессигийн найм дахь хэт трик

(Испани) Барселона 4:0 ПСВ (Нидерланд)

  • Гоол: Лионель Месси (32, 77, 87), Осман Дэмбэлэ (75)

Аваргуудын лигийн эхний гоолыг аргентин довтлогч Лионель Месси нэр дээрээ бичүүлэв. “Камп Ноу” цэнгэлдэхэд эхний хагаст 1:0-ээр өндөрлөсөн тоглолт хоёрдугаар үед тооны зөрүү улам холдсон үзүүлэлтээр дууссан юм. Л.Месси Аваргуудын лигт найм дахь хэт трикээ гүйцэтгэж, К.Роналдугаас нэгээр илүү гарав. Түүнчлэн хэсгийн тоглолтод 63 гоол оруулсан үзүүлэлтээр гол өрсөлдөгчөөсөө гурваар илүү гарсан юм. Гэхдээ 103 гоол оруулсан нь одоогоор португал эрээс 17-гоор дутуу үзүүлэлт.

Л.Мессигийн “шоу тайм” болсон ч Барса тоглолтыг хүн дутуу төгсгөсөн. Франц хамгаалагч Самуэль Үмтити хоёр шар хуудас дараалан авснаар 79 дэх минутад талбайг чөлөөлсөн юм. Гэхдээ энэ үед хэдийнэ гурван гоолын зөрүүгээр хожиж байсан баг нь үндсэн цаг дуусахад үлдсэн 11 минутад амжиж нэг гоол оруулснаар эхний гурван оноогоо халаасаллаа.

Уг тоглолтын 75 дахь минутад багийнхаа хоёр дахь гоолыг оруулсан Осман Дэмбэлэ Ла лигийн тоглогчдоос энэ улиралд гурван өөр тэмцээнд гоол оруулсан анхны тоглогчоор бүртгүүлэв. Тэрбээр Испанийн Супер цом, Ла Лиг болон Аваргуудын лигт гоолджээ.

(Итали) Интер Милан 2:1 Тоттенхэм (Англи)

  • Гоол: Мауро Икарди (86), Матиас Весино (90+2), Кристиан Эриксен (53)

Английн “Тоттенхэм” клубийн хар дарсан зүүд үргэлжилсээр. Аргентин мэргэжилтэн Маурисио Почеттиногийн удирдлага дор Лондоны клуб анх удаа гурван тоглолт дараалан ялагдав.

Данийн шигшээ багийн ахлагч Кристиан Эриксен 53 дахь минутад гоолын салхийг хагалсан ч тэд энэ үр дүнгээ хадгалж чадсангүй. “Интер”-ийн ахлагч Мауро Икарди 86 дахь минутад тоог тэнцүүлж, эндээс эрчээ авсан талбайн эзэд шүүгчийн сунгасан цагт Матиас Весиногийн мөргөж оруулсан гоолын ачаар гурван оноотой үлдлээ.