Tag: Икер Касильяс

Шави, Касильясын нөхөрлөл баримтат кинонд

Зэрэг шахуу хөлбөмбөгийн тавцанд гарч ирэн, тус тусын замаар алдрын оргилд хүрсэн Шави, Икер Касильяс нар сайн найзууд. Клубын түвшинд тэд эвлэршгүй хоёр багийг төлөөлдөг байсан ч эх орныхоо төлөө бол хамтдаа мөр зэрэгцэн тоглож олон цомыг өргөсөн. Харин тэдний талбайн гадна хэр дотны найзууд болохыг саяхан цацагдсан баримтат кино ил болголоо.

Касильясын амьдрал, карьерын талаарх The Movistar-н хийсэн тус баримтат кинонд хоёр эрхмийн нөхөрлөл чухал хэсгийг эзэлж байв.
2019 оны 5 сард Икер Портуд байхдаа зүрхний шигдээс болж эмнэлэгт хүргэгдсэн. Шави баримтат кинонд тэр үеийн тухай ийн дурссан юм.

“Инстаграмд онлайн байхыг нь хараад би түүн рүү бичсэн. – Икер, бие чинь яаж байна. Ноцтой биш биздээ? – “

“Пелопо минь (Шавигийн хоч), ийм л болох дөхлөө 💀”

Бие нь муудсаны дараа Икер хэсэг хугацаанд эмчилгээ хийлгэж, Португийн дасгалжуулалтын багт ажиллаж байгаад 2020 оны найман сард албан ёсоор зодог тайлсан. Испаний хэвлэлүүдэд бичсэнээр Икер одоо Флорентино Пересийн зөвлөхөөр ажиллаж байгаа ажээ. Харин Икерээс нэг ах Шави 2019 онд Катарын Аль-Саддад зодог тайлж, тэндээ дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Өнгөрсөн долоон сард Шави коронавирус тусаж эмчилгээ хийлгэн эдгэсэн юм.

Хөлбөмбөг: Икер Касильяс сонгуульд өрсөлдөнө

Испанийн хөлбөмбөгийн шигшээ багт олон жил зүтгэсэн, нэрт хаалгач Икер Касильяс их спортоо орхиж, зүтгэлтэн болохоор зориг шулууджээ.

“Порто” клубын Ерөнхийлөгч Хорхе Нуно Пинто да Кошта ахмад хаалгачийг их спортоо орхих болсныг хэвлэлийнхэнд баталсан юм.

Энэ жил 38 настай хаалгач эр Испанийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсныг өнгөрсөн даваа гарагт зарласан. Үүний дараа Пинто да Кошта бээлийгээ хананд өлгөж байгааг нь олон нийтэд мэдэгдлээ.

“Порто”-гийн Ерөнхийлөгч Пинто да Кошта И.Касильясыг зодог тайлж буйг зарлав
И.Касильяс 2010 онд ДАШТ-д түрүүлсэн юм

И.Касильяс өөрийн твиттэр хуудсандаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо зарласан. Тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сард зүрхний шигдээсээр эмнэлэгт хүргэгдсэнээс хойш талбайд дахин гараагүй билээ. Хэдийгээр талбайд гараагүй ч “Порто”-гийн дасгалжуулагчийн албанд тусалж байсан юм.

И.Касильясыг Испанийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөнө гэх цуурхал хэдэн сарын өмнө тарсан. Түүнийг одоогийн Ерөнхийлөгч Луис Рубиалестай таарамжгүй харилцаатай, тиймээс сонгуульд түүний эсрэг өрсөлдөнө гэж таамаглаж байсан юм.

Икер Касильясын 20 дахь улирал

Португалын “Порту” клубийн хаалгач Икер Касильяс “Шальке” клубийн эсрэг гараанд гарснаар Аваргуудын лигт 20 дахь улиралдаа тоглолт хийв.

Өдгөө 37 настай испани хаалгач ийнхүү нэгэн өвөрмөц дээд амжилтын эзэн боллоо. Тэрбээр “Реал Мадрид” болон “Порту” клубт Аваргуудын лигт 178 тоглолтод оролцсон гэдгээрээ хэдийнэ дээд амжилт эзэмшдэг. Түүний энэ үзүүлэлтэд хамгийн дөхөж очих тоглогч бол одоогоор Криштиану Роналду. Португал довтлогч 161 тоглолтод оролцсон амжилтаар одоо тоглож буй хөлбөмбөгчдөөс удаалж буй юм. Тэгвэл К.Роналду 20 улирал тоглосон дээд амжилтыг давтахын тулд дахин таван улирал зүтгэх шаардлагатай.

Аваргуудын лигт хамгийн олон улирал тоглосон хөлбөмбөгчид:

  • 20 – Икер Касильяс (Реал Мадрид, Порту – 1999/2000 – 2018-19)
  • 19 – Райан Гигз (Ман.Юнайтед – 1994/95-2013/14, 1995/96 оныг оруулахгүй)
  • 17 – Пол Скоулз (Ман.Юнайтед – 1998/99 – 2012/13, 2011/12 оныг оруулахгүй)
  • 16 – Шави Эрнандес (Барселона – 1998/99 – 2014/15, 2003/04 оныг оруулахгүй)
  • *16 – Арьян Роббен (ПСВ, Челси, Реал Мадрид, Бавари Мюнхен – 2002/03 – 2017/18)
  • 15 – Златан Ибрагимович (Аякс, Ювентус, Интер Милан, Барселона, АС Милан, Парис, Ман.Юнайтед – 2002/03 – 2017/18, 2016-17 оныг оруулахгүй)
  • 15 – Рауль Гонзалес (Реал Мадрид, Шальке – 1995/96 – 2010/11)
  • 15 – Гари Невилл (Ман.Юнайтед – 1994/95 – 2009-10, 1995/96 оныг оруулахгүй)
  • *15 – Криштиану Роналду (Ман.Юнайтед, Реал Мадрид – 2003/04 – 2017/18)
  • 15 – Эшли Коул (Арсенал, Челси, Рома – 2000/01 – 2014-15)
  • 15 – Андрес Иньеста (Барселона – 2002/03 – 2017/18, 2003/04 оныг оруулахгүй)
  • 15 – Лионель Месси (Барселона – 2004/05 – 2018/19)

*Роббен болон К.Роналдугийн энэ улирлынх багтаагүй.

Икер Касильяс Аваргуудын лигт анх 19 нас, 4 хоногтойдоо “Валенсиа”-гийн эсрэг гараанд гарсан юм. Энэ тоглолтод баг нь 3:0-ээр өрсөлдөгчөө ялснаар хамгийн залуудаа Аваргуудын лигт ялалт байгуулсан хаалгач болсон түүхтэй.