Tag: Вьетнам

Вьетнам, БНХАУ, Иран дараагийн шатанд шалгарлаа (тойм)

Арабын нэгдсэн Эмират улсад болж байгаа хөлбөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шат эхэллээ.

Йордан 1:1 Вьетнам (2:4 Т.Ц)

Эхний гоолыг Баха’ Абдэл Рахман чөлөөт цохилтоос оруулснаар Йорданы хөлбөмбөгчид тэргүүлж эхэлсэн. Хоёрдугаар хагаст Вьетнамын “Алтан Луунууд” тооны харьцааг тэнцүүлж, үндсэн цагт тус хоёр баг 1:1-ээр эвийн гэрээ байгуулав. Торгуулийн цохилтоор “Алтан Луунууд” дараагийн шатанд шалгарлаа.

Энэ амжилт нь тэдний хувьд оргил үзүүлэлт нь боллоо. Тус улсын хөлбөмбөгчид 1956, 1960 онд дараалан тивийнхээ тэмцээнд хүч үзсэн эртний түүхтэй ч 2007 оныг хүртэл дахиж оролцож чадаагүй. 2007 онд Тайланд, Малайз, Индонез, Вьетнам гэх дөрвөн улсад болсон тивийн АШТ-д эзэн орны багуудаас хасагдах шатанд өрсөлдөх “тийзээ” авсан цор ганц баг нь вьетнамчууд. Тэгвэл тивийнхээ тэмцээнд дөрөв дэх удаагаа оролцож буй “Алтан Луунууд” хасагдах шатанд анхны ялалтаа байгуулав.


Тайланд 1:2 БНХАУ

Эхний хагаст гоолоор дутуу болсон ч сүүлийн хагаст хятадууд 80 гаруй хувьтай бөмбөг эзэмшиж, хоёр гоол оруулснаар хасагдах шатны эхний эхний ялалтаа авлаа. Тайландын хөлбөмбөгчид 1972 оноос хойш тивийнхээ тэмцээний хасагдах шатанд хүч сорьсон юм.

Итали мэргэжилтэн Марсело Липпигийн удирдлага дор “Луунууд” тааруу амжилттай байгаа ч тивийн тэмцээний шөвгийн наймд шалгарлаа.


Иран 2:0 Оман

Одоогоор Азийн чансааг тэргүүлж буй Ираны хөлбөмбөгчид тивийнхээ тэмцээнд гурван удаа түрүүлж, цом өргөсөн ч 1976 оноос хойш дээрх амжилтаа давтаагүй юм.

Оманчууд тоглолтын эхэнд торгуулийн цохилт гүйцэтгэсэн ч хаалгач Али Бэйранванд багаа аварсан юм. Нэгдүгээр хагаст хоёр гоол оруулсан иранчууд дараагийн үед тэргүүллээ хадгалж үлдсэнээр шөвгийн наймд БНХАУ-ын багтай учраа таарах боллоо.