Tag: Испанийн хөлбөмбөг

Испанийн эзэн хааны цомын аварга “Барселона”

Испанийн хамгийн олон жилийн түүхтэй, 1903 оноос уламжлал болон зохиогдож ирсэн “Копа Дел Рей” буюу эзэн хааны цомын аваргаар “Барселона” клуб тодорлоо. Тэдний хувьд өнгөрөгч шөнийн шигшээ тоглолтод Баск үндэстний төлөөлөл “Атлетик Билбао” клубийг 4:0 харьцаатай бут ниргэлээ.

Тоглолтын эхний хагас гоолгүй өндөрлөсөн бол, хоёрдугаар хагас эхлээд удалгүй Франц залуу Антуан Гризманн хаалганы торыг хөдөлгөж чаджээ. Үүний дараа ердөө 12 минутын дотор тэд гурван гоолыг нэмж оруулсанаар тоглолтын эцсийн цэгийг тавьжээ. Тус хоёр клубын хувьд энэ оны эхэнд Испанийн сүпер цомын финалд тоглож Билбаочууд хожоод байсан бол Барса энэ удаад хариугаа авлаа. Ийнхүү тэд тус тэмцээний түүхэнд 31 дэх цомоо өөрсдийн болгосон ба тэдний араас “Атлетик Билбао” 23, “Реал Мадрид” 19 цомтой тус тус жагсаж байна.

Хамгийн сүүлд 2019 онд лигийн аваргыг хүртэснээс хойш ямар нэгэн цом өргөөгүй каталончууд 720 өдрийн дараа ийнхүү цомын бараа харлаа. Тэмцээний шилдгээр финалын тоглолтод хоёр гоол оруулсан Лионель Андрес Месси тодорчээ. Түүний хувьд энэ өдөр бүх тэмцээний хүрээнд 13 улирал дараалан 30-аас дээш гоол оруулсан манай гарагийн цорын ганц хөлбөмбөгчин боллоо.

Эзэн хааны цомоо гардан авч буй мөч

Тоглолтын дараа:

“Энэ бол үнэхээр хүнд өрсөлдөөн байлаа. Цом өргөх үргэлж сайхан байдаг, манай залуус үүнийг хүртэх эрхтэй. Энэ багийн ахлагч байна гэдэг гайхалтай, цом өргөх мэдрэмж үнэхээр онцгой байлаа. Баяраа гэр бүл, хөгжөөн дэмжигчидтэйгээ тэмдэглэж чадахгүйдээ сэтгэл дундуур байна.”

Лионель Месси

“Тоглолтын тухайд бид боломж хайж тэвчээртэйгээр бөмбөгөө тал талруу шилжүүлж тоглосон. Эхний үед байдал хэцүү байсан ч хоёрдугаар хагаст тэд бага зэрэг удааширч эхэлсэн. Иймээс бид давуу талаа ашиглаж чадлаа.”

“Бусад улирлаас ялгаатай нь энэ жил олон зүйл өөрчлөгдсөн. Бүрэлдэхүүнд олон залуу тоглогч орж ирсэн. Улирлын эхлэл тааруу байсан ч бид бага багаар хүчирхэгжсэн. Эцэстээ “Атлетико Мадрид”-тай хоорондын оноогоо ойртуулж чадсан ч харамсалтай нь Эл Классикод хожигдсон. Гэхдээ лиг дуусахад олон тоглолт дутуу байгаа. Бид илүү хүчтэй баг нь. Иймээс эцсээ хүртэл тэмцэх болно.”

Энэ зун гэрээ нь дуусч, клубээ орхих магадлалтай байгаа Аргентин эрийн шийдвэрт энэ цом нөлөөлөх болов уу?

    “Барселона” болон “Реал Мадрид” энэ бол дэлхийн III дайн

    Хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн заналт өрсөлдөгч нарын тулаан өнөөдөр болно. Энэ бол алдарт Эл Классико, Гранд Дерби. “Барса” болон “Реал”. Уг тоглолт зөвхөн хөлбөмбөгийн ногоон талбайгаас давсан тэмцэл юм. Энэ бол спорт, улс төрийн нэгдмэл тулаан юм.

    Тэдний тэмцэл хаанаас эхэлсэн бэ?

    1936 онд Франциско Франко ардчилсан Испанийн Бүгд Найрамдах Улсын эсрэг төрийн эргэлт хийж энэ үеэр Мадридад улс төрийн асуудлаар ирээд байсан “Барселона”-гийн Ерөнхийлөгч, Каталоны Бүгд найрамдах намын гишүүн Хосеп Сунёлыг түүний цэргүүд баривчилж цаазаар авчээ. Франкогийн дарангуйллын үед каталончууд фашист маягийн дэглэмийг хүчтэй эсэргүүцсэн учир нь тэрбээр Испанийн бүх бүс нутгийн хэл, таних тэмдгийг үзэн яддаг байснаас үүдэн каталан хэлээр ярихыг хуулиар хориглосон юм. Энэ үед Каталон үндэстний эрх чөлөө, үзэл санааны илэрхийлэл нь “Барселона” клуб байжээ. Иймээс тэд “Més que un club” буюу “клубээс ч эрхэм” гэх уриатай болсон байдаг. Харин энэ үед Мадрид хотын баг Кастиль үндэстэн болон Франкогийн фашист дэглэмийн үзэл санааны илэрхийлэл, бэлгэ тэмдэг болж байлаа.

    1943 оны Испанийн цомын тэмцээний хагас шигшээд тэд хоорондоо таарч эхний тоглолт Каталон дахь “Барселона”-гийн Лес Кортс цэнгэлдэх хүрээлэнд болоход тэд 3:0-ийн харьцаатай ялалт байгуулсан юм. Гэхдээ хариу тоглолтын үр дүн итгэмээргүй байсан ба Реал 11:1-ийн харьцаатайгаар илүүрхжээ. Уг тоглолтын өмнө “Барса”-г хожигдохыг Франко тушааж, сүрдүүлсэн мөн шүүгч хэт Реалын талд шүүж тэдний бохир тоглолтыг дэмжсэн гэх олон таамаг байдаг. Гэхдээ эдгээр мэдээллийн аль нь ч нотлогдоогүй тул ОУХХ (FIFA) болон ЕХХ (UEFA) уг үр дүнг хууль ёсны гэж үздэг байна.

    Үүний дараа тухайн үеийн сүпер од Альфредо Ди Стефано “Барселона” клубтэй гэрээ байгуулсан ч Засгийн газрын оролцоотойгоор гэрээг цуцалж Эзэн хааны клубтэй гэрээ байгуулсан нь тэмцлийг улам хурц болгосон түүхтэй.

    Хоёр багийн түүхэн статистик

     БарселонаРеал МадридТэнцээ
    Бүх цаг үе/тоглолт/11510162
    Албан ёсны/тоглолт/969752
    Лигийн хүрээнд727435
    Цомын тоо9695 
    Хамгийн их гоол оруулсан тамирчинЛионел Месси/26/Альфредо Ди Стефано, Кристиано Роналдо /18/ 

    Дэлхийн хамгийн арвин түүхтэй хоёр багийн гал гарсан, ганган нэгэн тулаан эхлэхэд хэдхэн цаг үлдлээ. Энэ тоглолтод “Реал”-ын зүгээс багийн ахлагч Серхио Рамос, Рафаель Варане, Эден Азар зэрэг гол тоглогчид нь оролцохгүй бол “Барса”-гаас Ансу Фати болон Филиппе Коутиньо нар тоглох боломжгүй.

    Каталоны клуб он гарсаар дотоодын лигийн хүрээнд хожигдоогүй бол Эзэн хааны баг бүх тэмцээний хүрээнд 12 тоглолтод ялагдал амсаагүй мөн Аваргуудын лигийн гайхалтай гүйцэтгэлийн дараагаар энэ тоглолтод тулж ирлээ. Уг тоглолтыг SPS National суваг шөнийн 3:00 цагаас Монгол орон даяар албан ёсны онцгой эрхтэйгээр анх удаагаа шууд дамжуулан хүргэнэ.

    Бүх цаг үеийн  279 дэх, албан ёсны 246 дахь ногоон талбайн сонгодог тулаан . Чи цом алдаж болно. Гэхдээ тэднийг л хожих ёстой.  Эл Классико бол энгийн нэг тулаан биш. Энэ бол Дэлхийн III-р дайн. Шүгэл дуугархад дэлхий зогсож, хүн төрөлхтөн хоёр хуваагдана. “Барса” юу? “Реал” уу? “Альфредо Де Стефано”-д тавтай морил!!!

    Б.Цогтбаяр

    Испанийн залуу авьяастан хаана газардах вэ?

    “Валенсиа” клубын тоглогч ирээдүйн Испанийн шигшээ багийн  сүпер од гэгдэж буй 17 настай Фабио Бланког Европийн томчууд энэ зун өөрсдийн эгнээнд нэгтгэхээр идэвхтэй сонирхож буй билээ.

    Тэгвэл уг өрсөлдөөнийг Испанийн “Барселона“ болон “Реал Мадрид” клуб тэргүүлж байна. Залуу авьяастны “Валенсиа” клубтэй байгуулсан гэрээ нь энэ зургадугаар сард дуусах ба түүнтэй шинэ гэрээ байгуулахаар ажиллаж буй боловч Европын шилдэг клубууд түүнийг энэ зун эгнээндээ нэгтгэхээр ажиллаж буй нь “шүдний өвчин” болоод буй гэнэ.

    “Валенсиа” клубын удирдлагууд түүний тоглолтыг өнгөрсөн жил тус клубээс Английн “Манчестер Сити” клубд очсон Ферран Торрестой адилтгаж дараагийн Ферран Торрес болох боломжтой гэж итгэж байгаа бөгөөд түүнтэй хүүхэд байхаас нь хамт ажиллаж байсан дасгалжуулагч нар Бланког Испаний хөлбөмбөгийн ирээдүйн од болно гэж дүгнэдэг байжээ. Тэрбээр одоогоор Испанийн 16-гаас доош насны шигшээ багийн гурван тоглолтод оролцож нэг гоолыг оруулжээ.

    “Барселона”-гийн спортын захирал Матеу Алемани тоглогчийг хэдэн жилийн хугацаанд дагаж байгаа бол Мадридын клуб энэ хугацаанд түүний ахиц дэвшлийг ажиглаж байсан байна.

    Мадридын багийн хувьд 2018 онд залуу авьяастан Педриг заналт өрсөлдөгчдөө алдсан учир энэ удаад Бланког өөрсдийн эгнээнд нэгтгэхээр идэвхтэй ажиллаж байгаа ажээ.

    Мөн түүнийг Английн клубууд сонирхож байгаа ч 18 нас хүртэл нь эгнээндээ нэгтгэх боломжгүй хүлээх ёстой учир энэ нь тэднийг өрсөлдөөнөөс хойш татаж буй явдал болж байна.