Tag: Испанийн эзэн хааны цом

Испанийн эзэн хааны цомын аварга “Барселона”

Испанийн хамгийн олон жилийн түүхтэй, 1903 оноос уламжлал болон зохиогдож ирсэн “Копа Дел Рей” буюу эзэн хааны цомын аваргаар “Барселона” клуб тодорлоо. Тэдний хувьд өнгөрөгч шөнийн шигшээ тоглолтод Баск үндэстний төлөөлөл “Атлетик Билбао” клубийг 4:0 харьцаатай бут ниргэлээ.

Тоглолтын эхний хагас гоолгүй өндөрлөсөн бол, хоёрдугаар хагас эхлээд удалгүй Франц залуу Антуан Гризманн хаалганы торыг хөдөлгөж чаджээ. Үүний дараа ердөө 12 минутын дотор тэд гурван гоолыг нэмж оруулсанаар тоглолтын эцсийн цэгийг тавьжээ. Тус хоёр клубын хувьд энэ оны эхэнд Испанийн сүпер цомын финалд тоглож Билбаочууд хожоод байсан бол Барса энэ удаад хариугаа авлаа. Ийнхүү тэд тус тэмцээний түүхэнд 31 дэх цомоо өөрсдийн болгосон ба тэдний араас “Атлетик Билбао” 23, “Реал Мадрид” 19 цомтой тус тус жагсаж байна.

Хамгийн сүүлд 2019 онд лигийн аваргыг хүртэснээс хойш ямар нэгэн цом өргөөгүй каталончууд 720 өдрийн дараа ийнхүү цомын бараа харлаа. Тэмцээний шилдгээр финалын тоглолтод хоёр гоол оруулсан Лионель Андрес Месси тодорчээ. Түүний хувьд энэ өдөр бүх тэмцээний хүрээнд 13 улирал дараалан 30-аас дээш гоол оруулсан манай гарагийн цорын ганц хөлбөмбөгчин боллоо.

Эзэн хааны цомоо гардан авч буй мөч

Тоглолтын дараа:

“Энэ бол үнэхээр хүнд өрсөлдөөн байлаа. Цом өргөх үргэлж сайхан байдаг, манай залуус үүнийг хүртэх эрхтэй. Энэ багийн ахлагч байна гэдэг гайхалтай, цом өргөх мэдрэмж үнэхээр онцгой байлаа. Баяраа гэр бүл, хөгжөөн дэмжигчидтэйгээ тэмдэглэж чадахгүйдээ сэтгэл дундуур байна.”

Лионель Месси

“Тоглолтын тухайд бид боломж хайж тэвчээртэйгээр бөмбөгөө тал талруу шилжүүлж тоглосон. Эхний үед байдал хэцүү байсан ч хоёрдугаар хагаст тэд бага зэрэг удааширч эхэлсэн. Иймээс бид давуу талаа ашиглаж чадлаа.”

“Бусад улирлаас ялгаатай нь энэ жил олон зүйл өөрчлөгдсөн. Бүрэлдэхүүнд олон залуу тоглогч орж ирсэн. Улирлын эхлэл тааруу байсан ч бид бага багаар хүчирхэгжсэн. Эцэстээ “Атлетико Мадрид”-тай хоорондын оноогоо ойртуулж чадсан ч харамсалтай нь Эл Классикод хожигдсон. Гэхдээ лиг дуусахад олон тоглолт дутуу байгаа. Бид илүү хүчтэй баг нь. Иймээс эцсээ хүртэл тэмцэх болно.”

Энэ зун гэрээ нь дуусч, клубээ орхих магадлалтай байгаа Аргентин эрийн шийдвэрт энэ цом нөлөөлөх болов уу?