Өмнөд Америк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 46 дахь удаагийн “Копа Америка 2019” тэмцээн Бразил улсад хөшгөө нээлээ. Энэ удаагийн тэмцээнд тус тивийн 10 багаас гадна Ази тивийн хоёр төлөөлөл болох Япон, Катар оролцож байгаа билээ.
Бразил 3:0 Боливи
Тэмцээний эхний тоглолт талбайн эзэн Бразил, Боливийн хооронд өрнөсөн юм. Тус тэмцээнд ес дэхээ түрүүлэх зорилготой бразилчууд нөхөрсөг тоглолтын үеэр гол лидер Неймарыг бэртэлд алдсан билээ.
Энэ удаагийн тэмцээнд уламжлал болсон шар өмсгөлөөр бус цагаанаар гангарсан бразилчууд тоглолтын эхнээс л ширүүн довтолгоо хийсэн ч эхний хагаст гоол ороогүй.
Хоёрдугаар үе дөнгөж эхлээд л Боливийн хамгаалагч торгуулийн шугам дотор гар хүрсэнийг VAR “илрүүлж”, аргентин шүүгч Нестор Питана торгуулийн цохилт заалаа. Энэ боломжийг Филипе Коутино ашиглаж, гоолын салхийг нээсэн юм. Сонирхуулахад, энэхүү пеналти Бразилын багийн 19 дэх торгуулийн цохилт болжээ.
Энэ гоолоос хойш 120 секундын дараа Ф.Коутино хоёр дахь гоолыг орууллаа. “Ливерпуль”-д хамт зүтгэж байсан Роберто Фирмино түүнд гоолын дамжуулалт өгч, Ф.Коутино мөргөж гоолдсоноор тооны харьцааг холдуулав.
Харин 81 дэх минутад сэлгээнээс талбайд гарсан Эвертон Соарес 84 дэх минутад сүүлийн цэгийг хатгалаа.
Ийнхүү бразилчууд тивийнхээ аваргад 100 дахь ялалт байгуулсан (100 хожил, 35 тэнцээ, 44 хожигдол) гурав дахь баг боллоо. Тэднээс өмнө Аргентин (120), Уругвай (108) ийм амжилтад хүрсэн билээ.