Tag: Коронавирус

Covid 19: К.Роналду цалингаа хасуулсан ч…

Италийн “Ювентус” клуб тоглогч болон дасгалжуулагчдынхаа цалинг танах тохиролцоонд хүрсэн анхны хөлбөмбөгийн баг болсон билээ.

Энэ багт дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг Криштиану Роналду тоглодог. Италийн клуб 3-7 сар хүртэл тоглогчдынхоо цалинг танах тохиролцоогоор 100 сая орчим “ногоон” хэмнэж, энэ хугацаанд ажилгүй суух нийт клубын арын ажилтнуудын цалинг өгөх чадвартай үлдэх юм.

Зөвхөн К.Роналдугийн цалингаас гэхэд 4.24 сая ам.доллар хасагдах тооцоог хэвлэлийнхэн хийчихсэн.

Португал довтлогч өнгөрсөн жил гэхэд 109 сая “ногоон”-ы ашиг олсон. Үүнээс 65 сая нь цалин болон гэрээний дагуу олгох урамшуулал.

Энэ улиралд цалин нь хасагдаж, ойролцоогоор 91 сая ам.долларын “халааслах” болсон ч К.Роналду хөлбөмбөгөөс нийт 1 тэрбум ам.долларын цалин авсан анхны тоглогч болох боломжтой.

Түүхийн хуудас сөхвөл нэрт гольфчин Тайгер Вудс 2009 онд 1 тэрбум ам.долларын босго давсан анхны мэргэжлийн тамирчин болж байв. Түүний араас мэргэжлийн боксын ертөнцөд 13 жил ноёлсон Флойд Мэйвэйдер 2017 онд дээрх тоог давсан билээ.

Covid 19: Паоло Дыбала халдвар авчээ

Аргентинийн шигшээ болон Италийн “Ювентус” клубын довтлогч Паоло Дыбала болон түүний найз бүсгүй халдвар авчээ.

Италийн “Ювентус” клубээс корона вирусын халдвар авсан гурав дахь тоглогч нь Паоло Дыбала боллоо. Тэрбээр энэ талаар өөрийн инстаграм хуудсандаа өнөөдөр зарласан юм. Өдгөө 26 настай аргентин довтлогч халдвар авснаа зарласнаар төвийн хамгаалагч Даниел Ругани, франц тоглогч Блаис Матуиди нарын хамт “Ювентус”-ын гурав дахь тоглогч нь болсон юм.

П.Дыбала болон түүний найз бүсгүй Ориана Сабатини нарын биеийн байдал сайн байгаа талаар хөлбөмбөгчин эр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

П.Дыбалагийн найз бүсгүй О.Сабатини

Сонирхуулахад, П.Дыбалагийн найз бүсгүй О.Сабатини дуучин, жүжигчин мэргэжилтэй нэгэн. Түүнчлэн алдарт теннисчин, 1990 онд Америкийн Их Дуулгад түрүүлж байсан Габреала Сабатинигийн үеэл дүү аж.

Covid 19: Лука Йович хорио цээрийн дэглэм зөрчсөнд Сербийн ерөнхий сайд бухимдав

Испанийн “Реал Мадрид” клубын серб довтлогч Лука Йович хорио цээрийн дэглэм зөрчсөн байна.

Өдгөө 22 настай Л.Йович Сербийн Белград хотод найз охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэж, 28 хоногийн хорио цээрийг үл тоожээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Испаниас төрөлх нутагтаа ирсэн юм.

Улмаар найз охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэсэн нь Сербийн ерөнхий сайд Ана Брнабичийн уурыг хүргэжээ.

“Бидэнд олон сая ам.доллар олдог ч хууль дүрмийг үл тоомсорлодог хөлбөмбөгчинтэй гэдгээ харлаа” гэж Ана Брнабич бухимдлаа илэрхийлжээ.

Сербийн Ерөнхий сайд Ана Брнабич

Тэр ч бүү хэл, залуу хөлбөмбөгчин эрд хуулийн хариуцлага хүлээж магадгүй гэнэ. Тус улсын Дотоод хэргийн сайд Небоиса Стефановичийн мэдээлснээр тус улсад өөрийгөө тусгаарлах, хорио цээрийн дэглэмийг зөрчсөн бол 1-12 жил хүртэлх хорих ялтайг сануулжээ.

“Хөлбөмбөгчин, эсвэл баян байхаас үл хамаарч, хууль эрх тэгш үйлчлэх ёстой” гэж Н.Стефанович хэвлэлд ярьжээ.

Испанид корона вирусын халдвар авсан 17 мянган тохиолдол илэрч, одоогийн байдлаар 803 нас барсан. Харин Сербид 103 халдварын тохиолдол илэрч, одоогоор нас барсан хүн гараагүй юм.

“Реал Мадрид”-ын сагсан бөмбөгийн багийн америк тоглогч Трэй Томпскиноос корона вирусын халдвар илэрсэн тул нэг бэлтгэлийн бааз ашигладаг Эзэн хааны багийнхан бүх тоглогчдоо тусгаарласан. Харин Л.Йович өнгөрсөн долоо хоногт Сербид буцаж ирсэн юм.

Шуурхай: “Евро 2020” хойшлогдлоо

Корона вирусын уршгаар дэлхий даяар хөл хорио тогтоосон учир “Евро 2020”-ыг дараа жил хийхээр боллоо.

Норвегийн хөлбөмбөгийн холбооноос “Евро 2020” тэмцээнийг албан ёсоор нэг жилээр хойшлуулж, 2021 оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 11-нд зохион байгуулахаар боллоо.

Хэрвээ хойшлогдоогүй бол хөгшин тивийнхэн ирэх зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 12 хүртэл Европын 12 улс зохион байгуулах байв.

Европын АШТ-ийг хойшлуулснаар одоогоор түр цуцлагдаад буй Европын топ лигүүд улирлаа дуусгах боломжтой болох аж.

  • Европын АШТ: 2021 оны VI сарын 11 – VII сарын 11
  • Эмэгтэй Европын АШТ: 2021 оны VII сарын 7 – VIII сарын 1
  • Үндэстний лиг: – 2021 оны VI сарын 2-6-нд
  • 21 хүртэлх насны Европын АШТ: 2021 оны VI сарын 9-26-нд
  • Клубуудын ДАШТ: 2021 оны VI сард (одоогоор өдөр нь тодорхойгүй)

Цуурхал: Криштиану Роналдугийн зочид буудлыг эмнэлгийн зориулалтаар ашиглахгүй

Португалын нэрт хөлбөмбөгчин Криштиану Роналдутай холбоотой нэгэн цуурхал тархсан. Тодруулбал, гадны хэд хэдэн мэдээллийн сайтуудаар К.Роналду өөрийн зочид буудлаа эмнэлгийн зориулалтаар ашиглаж, эмч нарын цалинг нь өгнө гэсэн цуурхал дэгдсэн юм.

Хөлбөмбөгийн талаар дагнаж бичдэг итали сэтгүүлч Адриано Дел Монте өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд өөрийн твиттер хуудсандаа К.Роналдуг зочид буудлаа корона вирусын эсрэг эмнэлэг болгон ашиглуулж, эмч нарын цалинг хувийн зүгээс гаргах боллоо гэж мэдээлсэн юм.

К.Роналду Португалын Лисбон болон өөрийн төрөлх хот болох Фунчалд “Pestana Hotel Group”-тай хамтарч, “Pestana CR7 Hotels”-ийг эзэмшдэг билээ.

Энэ мэдээг дэлхийн олон орны хэвлэл мэдээлэл түгээсэн юм. Гэвч өчигдөр AFP-гийн сэтгүүлчид зочид буудлын албаны хүмүүсээс утсаар авсан тодруулгаар цуурхал болохыг нь баталжээ.

К.Роналду өдгөө Португалын Мадейра хотод хөл хорионд орж өөрийгөө тусгаарласан байгаа билээ. Учир нь түүний багийн хамтрагч Даниел Руганигаас корона вирус илэрсэн юм.

Covid 19: Хөлбөмбөгийн дасгалжуулагч 21 насандаа өөд боллоо

Хөлбөмбөгийн дасгалжуулагч, Испанийн иргэн Франческо Гарсиа 21 насандаа өөд боллоо. Түүнээс “Covid 19”-ын шинж тэмдэг илэрсэн тул Малага хотын эмнэлэгт эмчилж байв.

Ф.Гарсиа 2016 оноос хойш “Малага ФС” клубын өсвөрийн баг болох “Атлетико Портада Алта” багт дасгалжуулагчаар ажиллаж ирсэн юм. Талийгаачийг албан ёсоор “Covid 19”-өөр өөд болсон хэмээн зарласан. Тэрбээр цусны хорт хавдартай байсан тул бие нь шинэ “титэм” вирусын халдварыг дийлсэнгүй гэж Испанийн хэвлэлд бичжээ.

Испанийн Малага хотод корона вирусын улмаас 5 хүн нас барсан. Ф.Гарсиа насаар хамгийн залуу өвчтөн нь болсон аж. Бусад өвчтөнүүд бүгд 70 орчим насных байсан гэж мэдээлсэн юм.

Covid 19: Криштиану Роналду зочид буудлаа эмнэлгийн зориулалтаар ашиглуулна

“Ювентус” клубын довтлогч Криштиану Роналду өөрийн нэр дээр байдаг зочид буудлаа эмнэлгийн зориулалтаар ашиглахаар болжээ.

“Ювентус”-ын хамгаалагч Даниел Руганигаас вирус илэрсэн тул К.Роналду Мадейра дахь гэртээ хөл хорионд орсон билээ. Тэд хамгийн сүүлд “Интер Милан”-ыг 2:0-ээр хожиход хамтдаа хувцас солих өрөөнд байсан юм.

Испанийн “Marca” сонины мэдээлснээр К.Роналду хувийн зочид буудлаа эмнэлгийн зориулалтаар ашиглахаар болсон аж. Ингээд зогсохгүй уг “хувийн эмнэлэгт” ажиллах эмч, сувилагч нарын цалинг К.Роналду төлөх учраас өвчтөнүүдэд үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ.

“Forbes” сэтгүүлээс гаргасан мэдээллээр бол Португалд корона вирусын халдвар авсан 169 тохиолдол илэрсэн бөгөөд тэдгээрийн 1 нь бүрэн эдгэрсэн аж.

Португалд “Pestana”-гийн үүсгэн байгуулсан зочид буудал алдартай байдаг. Таван одтой тансаг зэрэглэлийн сүлжээ зочид буудал К.Роналдугийн төрсөн нутаг Мадейрад салбараа нээсэн юм. 2016 оноос энэ салбарыг албан ёсоор “Praca CR7” болгон өөрчилсөн билээ.

Энэ зочид буудалд К.Роналдугийн музей байрладаг юм.

COVID 19: “Ювентус”-ын Даниел Руганигаас вирус илэрлээ

Италийн “Ювентус” клубын хамгаалагч Даниел Ругани корона вирусын халдвар авсан анхны Сери А-гийн тоглогч боллоо.

Энэ жил 25 настай Д.Руганигийн шинжилгээ эерэг буюу вирус илэрсэн нь хөлбөмбөгийн ертөнцөд дуулиан тарилаа. Д.Ругани “Ювентус”-ын бүрэлдэхүүнд энэ улирал долоон тоглолтод оролцсон. Хамгийн сүүлд өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд “Спал” багийн эсрэг талбайд гарсан юм. Гэхдээ өнгөрсөн ням гаригт болсон “Интер Милан”-ы эсрэг тоглолтод сэлгээнд сууж байжээ.

Д.Руганигийн хариу эерэг гарсантай холбоотойгоор “Интер Милан” болон Испанийн “Хетафе” багийн Европа дахь тоглолт цуцлагдсан аж. Энэ долоо хоногт болохоор төлөвлөж байсан ч корона вирусын халдвар эрчтэй байгаа учраас “Хетафе” багийн Ерөнхийлөгч Анхель Торрес багаа Милан руу явуулахаас татгалзлаа.

“Ювентус”-ын хувьд ирэх долоо хоногт Аваргуудын лигийн хүрээнд “Лион”-той өрсөлдөнө. Одоогоор энэ тоглолт болох эсэх нь тодорхойгүй байгаа юм.

COVID 19: “Олимпиакос”-ын эзэн халдвар авчээ

Английн “Ноттингхэм Форест” болон Грекийн “Олимпиакос” клубын эзэн Евангелос Маринакис халдвар авсан нь тогтоогдлоо.

Е.Маринакис өнгөрсөн баасан гаригт “Ноттингхэм Форест”-ын улирлын ээлжит тоглолтыг үзэж суусан юм. Өдгөө 52 настай бизнесмэн эр Грекийн “Олимпиакос” багт хувьцаа эзэмшдэг нэгэн. Тэрбээр Англид ирж багийнхаа тоглолтыг үзэх үеэр өвчний шинж тэмдэг илрээгүй. Харин Грек руу буцсаныхаа дараа халуурч эхэлсэн байна.

Е.Маринакис халдвар авсан гэдгээ өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн.

Түүний эзэмшилд байдаг “Олимпиакос” клуб өнгөрсөн хоёрдугаар сард Английн “Арсенал” клубын талбайд зочилсон юм. Уг тоглолтыг Е.Маринакис ирж үзсэн тул Лондоны клубын зүгээс мэдэгдэл гаргахад хүрчээ. Тус багийн ажилтнуудаас нэг нь ч Е.Маринакистай холбоо тогтоогоогүй талаар уг мэдэгдэлд дурдсан аж.

Грекийн Засгийн газраас спортын аливаа арга хэмжээг хоёр долоо хоногийн турш үзэгчгүй зохион байгуулах шийдвэр гарсан билээ.

Ла лига: Хоёр долоо хоног үзэгчгүй болно

Испанийн хөлбөмбөгийн дээд хоёр лигт үзэгчгүй зохиогдох боллоо.

Испанид хөлбөмбөгийн тоглолтууд үзэгчгүй зохион байгуулагдах шийдвэр гарлаа. “Титэм” вирусын халдвар Европ даяар эрчтэй тархаж байгаа тул тус улсын Засгийн газар ийм шийдвэр гаргасан юм.

Энэ хориг Аваргуудын лигийн тоглолтод ч нөлөөлөх аж. Гуравдугаар сарын 18-нд Испанийн Кэмп Ноу цэнгэлдэхэд “Барселона” клуб Италийн “Наполи”-г хүлээн авна. Харамсалтай нь, энэ тоглолтод барсачууд 12 дахь тоглогчгүй талбайд гарах болжээ.

Испанид сүүлийн үед халдвар авсан хүний тоо эрс нэмэгдсэн. 1650 хүн халдвар авч, 35 нь өөд болсон юм. Харин 135 хүн халдвар авсан ч эдгэрсэн аж.