Tag: ливерпүүл

Европын Сүпер Лиг болох уу

Европ тивийн дөрвөн улсын шилдэг 12 клуб нэгдэж Европын Сүпер Лиг хийхээр болсноо зарлалаа.

Тодруулбал, Английн зургаа, Италийн гурав, Испанийн гурван баг шинэ тэмцээнийг дэмжихээ илэрхийлжээ. цар тахлын улмаас их хэмжээний алдагдалд ороод байгаа тул Аваргуудын лигээс тусдаа тэмцээн зохион байгуулахаар болсноо зарлав. Тус лигийн ерөнхийлөгчөөр “Реал Мадрид” клубын ерөнхийлөгч Флорентино Перез ажиллах ба тэрбээр энэ талаар “Бид бүхий л чадлаараа хичээж, дэлхийн хөлбөмбөгт тусалж, зохих байр сууринд хүргэх болно” гэж мэдэгджээ.

Тэмцээний санхүүжилтыг “JPMorgan” хөрөнгө оруулалтын банк хариуцаж зургаан тэрбум орчим ам.долларыг гаргах бөгөөд лигт оролцох урилгыг хүлээн авсан баг 425 сая ам.долларыг авах гэнэ. (Сонирхолтой нь, энэ мөнгөн дүн нь шилдэг багуудын 2020 оны бүтэн жилийн санхүүгийн тайлантай харьцуулж харахад бүтэн жилийн орлогоо олох боломжтой харагдана. УНШИХ)

Тус лиг нь 20 багаас бүрдэх ба 15 клуб тогтмол оролцох бол үлдсэн таван эрхийн төлөө бусад багууд өрсөлдөнө. Мөн эдгээр клубууд нь хоёр хэсэгт хуваагдаж тоглох төдийгүй амжилтаараа хэсгээ тэргүүлсэн найман клуб хасагдах шатанд өрсөлдөх юм.

Сүпер лигийг 2023/2024 оны улирлаас эхлэх боломжтой хэмээн үзэж байгаа бөгөөд одоогоор үндсэн 12 клуб тодроод байна. Үүнд:

  • Англи- “Манчестер Юнайтед”, “Манчестер Сити”, “Челси”,  “Арсенал”, “Тоттенхэм”, “Ливерпүүл”
  • Испани- “Атлетико Мадрид”, “Барселона”, “Реал Мадрид”
  • Итали- “АС Милан”, “Интер Милан”, “Ювентус”

Гэхдээ уг тэмцээн зохиогдох эсэх нь эргэлзээтэй. Учир нь Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) болон Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA) энэхүү тэмцээнийг эсэргүүцэж байна. Хэрвээ багууд шинэ тэмцээнд оролцвол дотоодын лиг болон олон улсын тэмцээнээс хасах, тоглогчдыг шигшээ багт дуудахгүй гэх нэн хатуу шаардлага тавив.

Мөн шилдэг клубуудээ алдах аюулд ороод байгаа Англи, Испани, Италийн лигийн холбоо мөн адил энэ тэмцээний эсрэг байгаа аж. Эцэст нь холбоод ялах уу? клубууд ялах уу? гэдгийг харах л үлдлээ.

Харин таны хувьд энэ шинэ тэмцээнийг яаж хүлээж авах вэ?

Ширэнгэн ойд зориулагдсан нэгэн

АНУ-ын их сургуулийн цуцлагдсан тэтгэлэг, “ВфБ Штутгарт”-д зээлээр тоглосон нэг жил, бэртэл гэмтлийн асуудлыг ашиглаж өөрийгөө таниулсан цаг хугацаа гээд л Натаниэл Филлипсийн “Ливерпүүл”-ийн гараанд гарах зам тийм ч дардан байгаагүй.

“Ливерпүүл” клубын туслах дасгалжуулагч Эрик Линдерс саяхан клубын албан ёсны вэбсайт дээр өгсөн ярилцлагадаа “Хэрэв би ширэнгэн ойд амьд үлдэх ёстой байсан бол хамт явах эхний хоёр хүн нь Натаниэль, Майлли байх болно. Жеймс Милнер бол 35 настай, туршлагатай, замналдаа ихийг үзсэн дайчин эр. Натаниэл Филлипс үү? Түүнд арслангийн зүрх байдаг” гэж хэлжээ.

Залуу хамгаалагчид


Английн “Ливерпүүл”-д Виржил ван Дайк, Жо Гомес, Жоэл Матип нарын шилдэг хамгаалагч бий. Гурвуулаа хэдэн долоо хоног, зарим нь бүтэн улирал дуустал тоглохгүйгээр хүнд бэртэж багтаа тусалж чадахгүй болсон билээ. Тус багийн дасгалжуулагч Юрген Клопп хамгаалалтын байрлалд 20 гаруй хослол гарган туршиж үзсэн ч амжилттай болоогүй. Тэрбээр хэдэн долоо хоногийн өмнө уналтад орсон “Шалке 04” клубээс залуу хамгаалагч Озан Кабакыг зээлээр авч , сэлгээнд банз халааж байсан Натаниэл Филлипсд итгэл хүлээлгэн шинэ хамгаалалтын хослол гаргаснаар тэдний хамгаалалт тогтворжсон билээ.

Тэтгэлгийн оронд “Ливерпүүл”-ийг сонгов

Ливерпүүлээс зүүн тийш 45 минутын зайд орших Болтон хотод төрсөн Н.Филлипс “Болтон Уондерерс” багийн залуучуудын багт хэсэг тоглож байсан. Харамсалтай нь, клубын удирдлага түүнийг мэргэжлийн хөлбөмбөгчин болох ирээдүйгүй гэж үзсэнээр 19 настай залуу хүү 2016 онд АНУ-ын Шарлотт хотын Хойд Каролинагийн их сургуульд тэтгэлэгээр суралцах шийдвэр гаргажээ.

АНУ руу явахаар төлөвлөсөнөөс хоёр хоногийн өмнө “Ливерпүүл” түүнтэй холбогдож нөөц багт тоглох гэрээ санал болгов. Н.Филлипс ч шууд зөвшөөрч тив алгасан нисэх өдрөө гэрээнд гарын үсэг зурснаар Англидаа үлджээ. “Ливерпүүл”-ийн нөөц багт гурван жил тоглоод 2019 онд “Штутгарт” руу зээлээр очлоо.

“Штутгарт”-аас “Ливерпүүл”-ийн гараанд


Н.Филлипс “Штутгарт”-ын төвийн хамгаалалтад тогтмол тоглож байсан боловч өнгөрсөн оны нэгдүгээр сард үндсэн багтаа түр хугацаагаар дуудагдлаа. “Ливерпүүл”-ийн тоглогчид ээлж дараалан бэртсэн нь ийм шийдвэр гаргахад нөлөөлжээ.

Н.Филлипс ч “Ливерпүүл”-ийн төлөөх дебютээ Английн цомын тэмцээнд заналт өрсөлдөгч “Эвертон”-ы эсрэг хийж баг нь 1:0-ээр хожсон юм. Гэхдээ үндсэн багтаа удсангүй улирал дуустал “Штутгарт”-д үлдэхээр болжээ.

“Баг маань аварга авах нь нэгэнт тодорхой болсны дараа би “Штутгарт”-ын бэлтгэлдээ явж байхдаа “Чи хэзээ ч ганцаараа алхахгүй ” дууг дуулж явсан. Би залууст цагаахнаар атаархаж, хэзээ нэгэн цагт тэр сайхан мэдрэмжийг авахыг хүсэж байлаа” гэж Натаньел дурссан байдаг.

Зээллэгээс эргэн ирсэн ч Филлипс үндсэн багаасаа явах талаар эргэцүүлж байхад Английн зарим багууд сонирхож байв. Эцэст нь багтаа үлдсэн боловч бэлтгэлийн үеэр ноцтой бэртэл авчээ. Үүний уршгаар улирлын эхний хагаст сэлгээнээс цөөн хэдэн тоглолт хийж багтаа улам бүр ууссан бол оны шинэ оны эхнээс л гараанд гарах болжээ.

Түүний сайн тоглолтыг хөгжөөн дэмжигчид ч анзаарч өнгөрсөн гуравдугаар сарын клубын шилдэг тоглогчоор тодруулсан билээ.


“Түүний өдрөөс өдөрт үзүүлж байгаа тоглолт итгэмээргүй сайн байгаа. Яг зөв зүйлийг зөв цагт нь хийж чаддаг, агаарын тулаанд яг мангас шиг л гэсэн үг. Магадгүй Н.Филлипс хуучны Англи хэв маягаар ирсэн бөмбөгийг хол цөлж явуулахыг илүүд үздэг. Үүнийг хамтрагч Кабакаас илүү олон удаа хийсэн байх. Техникийн хувьд хамгийн сайн нь биш ч гэлээ анхаарал төвлөрүүлж байгаагаар хэнээс ч илүү. Энэ улирлын турш ноцтой алдаа олон гаргаагүй” багийн менежер Ю.Клопп ярилцлагадаа хэлсэн юм.

Филлипс энэ улиралд аль хэдийн 111 удаа агаарын тулаанд ялалт байгуулж хамтрагчаасаа хоёр дахин илүү байгаагаа батлан харуулсан билээ. “Тэр бусад тоглогчид хөлөө ч явуулахгүй газарт толгойгоороо тоглодог” гэж туслах дасгалжуулагч Пепин Лийндерс хошигнож байв.

Түүний гэрээ 2023 он хүртэл үргэлжлэх боловч одоогоор бэртэлтэй байгаа гурван төвийн хамгаалагч нь эргэн ирвэл тоглох магадлал эрс буурах магадлалтай. Үүнээс гадна “Ливерпүүл” клуб “Лейпциг”-ийн Ибрахима Конате авах талаар шуум сонсогдож буй. Залуухан, авьяаслаг франц хамгаалагчийг багтаа авчирвал Н.Филлипсийн Улаанууд дахь ирээдүй бүрхэг болох юм. Тогтвортой тоглолтоороо шагшигдаж буй түүнийг багтаа авчрах хүсэлтэй олон менежер бий болов уу.

Луис Суарез “Ливерпүүл”-д буцаж ирэх үү

Луис Суарез энэ зуны солилцоо наймааны цонхоор “Атлетико Мадрид”-ыг орхиж хуучин баг болох “Ливерпүүл”-дээ эргэн очих хүсэлтэй байгаа талаараа Испанийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Уругвай довтлогч “Атлетико Мадрид”-д очсон эхний улиралдаа 19 гоол оруулж баг нь лигээ тэргүүлж байсан боловч аргентин дасгалжуулагч Диего Симеонетай таарамжгүй харилцаатай байгаа нь багаа орхиж явахад хүргэж магадгүй гэнэ. Энэ талаар Л.Суарез “Д.Симеонегийн хөлбөмбөгийн арга барил маш их дарамт, өндөр энерги шаарддаг учраас бие махбодийн хувьд туйлдаж байна” гэж ярьжээ.
Испанийн багтай хийсэн гэрээнд энэ зун ямар нэгэн торгууль төлөхгүйгээр түүнийг явахыг зөвшөөрч тэр ч бүү хэл MLS-ийн “Интер Майами’-д тоглох боломжтой гэж заасан хэмээн Испанийн “Тодофичажез” хэвлэлийн агентлаг мэдээлэв.

Үүний үр дүнд Лиус Суарез энэ зуны солилцоо наймааны цонхоор “Ливерпүүл” эсвэл “Интер Майами” клубтэй тохиролцоо хийх боломжтой гэнэ.
Уругвай эр 2011 онд “Аяакс”-аас “Ливерпүүл”-д 22.8 саяар ирсэн бөгөөд 2014 онд “Барселона” клубтэй нэгдэх хүртлээ багийнхаа төлөө нийт 133 тоглолтод оролцож 82 гоол оруулсан юм.

Мохамед Салахын хүсэл талаар боллоо

Буурал тивийн хөлбөмбөг эргэн ирж Аваргуудын лигийн шөвгийн наймын тоглолтууд эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаад Английн “Ливерпүүл” болон Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клуб хоорондоо учраа таараад байна.

Сонирхолтой нь, 2018 оны Аваргуудын лигийн шигшээ тоглолтод тэд хоорондоо тоглож байсан ба тоглолт дөнгөж эхлэж байхад Мадридын багийн ахлагч  Серхио Рамос улаануудын амин сүнс болсон Мохамед Салахыг гэмтээж улмаар Лос Бланкосчууд ялалт байгуулж ээлжит цомоо авч байсан билээ. Тэгвэл энэ удаад Мохамед Салах хариугаа авч, Рамосын эсрэг гоол хийхийг хүсч байсан нь дамжиггүй.

Гэсэн хэдий ч шигшээ багуудын цугларалтын ээлжит хохирогч нь Серхио Рамос байлаа. Түүний хувьд Косовогийн эсрэг хийсэн тоглолтын 86 дахь минутад талбайд сэлгээгээр орж ирсэн ба тоглолтын дараа булчингийн гэмтэл авсан нь тогтоогдож нэг сар орчим ногоон талбайгаасаа хол байхаар болжээ.  

Иймд Мохамед Салах болон Серхио Рамос нарын гайхалтай өрсөлдөөнийг дэлхий дахин хүлээж байсан ч уг  хүсэл талаар боллоо. Гэхдээ дархан аваргуудын тулаан ямартай ч сонирхолтой болох нь тодорхой. Тэд хэрхэхийг бид мягмараас лхагва гарагт шилжих шөнийн 4:00 цаг хүртэл хүлээх л үлдлээ.

Б.Цогтбаяр