Tag: Мазала лиг

Монгол 1:4 Хойд солонгос

Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны тоглолт өнөөдөр эхэллээ. Өнгөрсөн есдүгээр сард эхний шатыг эх орондоо зохион байгуулж, Макао, Умард Марианы арлуудын багийг хожиж, Гуамтай тэнцсэнээр хэсгээсээ шалгарсан манай хөлбөмбөгчид энэ сарын 11-16-ны хооронд Тайваньд болох хоёрдугаар шатанд анх удаа оролцов. Энд зохион байгуулагч Тайвань, Хойд Солонгос болон Хонконгийн багуудаас хамгийн өндөр оноотой нэг нь хэсгээсээ шалгарч, Зүүн Азийн АШТ-ий сүүлийн шатанд буюу БНСУ, БНХАУ, Японы багтай өрсөлдөх юм.

Шигшээгийн гарааны XI тоглогч

Монголын шигшээ баг эхний тоглолтоо хүчирхэг Хойд Солонгосын багтай хийлээ. Харамсалтай нь, эхний хагаст 2:0, сүүлийн хагаст 2:1 буюу 4:1-ээр ялагдсан. Манай талаас эхний бөгөөд эцсийн гоолыг сэлгээнээс талбайд гарсан, “Атлетик 220” багийн довтлогч Н.Наранболд 74 дахь минутад оруулсан юм. Түүний гоолын дамжуулалтыг өмнөх шатны үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон Н.Цэдэнбал гүйцэтгэжээ.

Сонирхуулахад, энэ хэсэгт гуравдугаар байранд орсон баг дараа жил эхний шатнаас бус хоёрдугаар шатнаас шууд оролцох эрхтэй болно. Харин сүүлийн байр эзэлсэн баг эхний шатнаас бүхнийг эхлүүлэх юм.


Монголын шигшээ багийн хуваарь:

  • X/13 – Тайвань – Монгол – 19:10 цаг
  • X/16 – Хонконг – Монгол – 15:10 цаг

Н.Цэдэнбалын ялалтын үнэтэй гоол

Зүүн Азийн АШТ-ий эхний шатанд өрсөлдсөн Монголын эрэгтэй шигшээ баг сүүлийн тоглолтоо Гуамтай хийж, 1:1-ээр тэнцсэн учир дараагийн шатанд шалгарах нь тодорхой боллоо. Уг тоглолтод хожигдвол хоёр багийн хоорондын тоглолтын үр дүнгээр Гуам хоёрдугаар шатанд өрсөлдөх байв. Сэтгэлзүйн хувьд том дарамттай уг тулаан 89 дэх минут хүртэл хуурай тэнцээгээр үргэлжилсэн.

Харин гоолын салхийг талбайн эзэн баг бус зочин багаас оруулж, манай хөлбөмбөгчид хүнд байдалд орсон. 89 дэх минутад Гуамын довтлох чиглэлийн хагас хамгаалагч Деван Жакоб Камачо Мэндиола гоол оруулсан юм. Тоглолт дуусах дөхсөн ийм үед гоол алдсан нь манай хөлбөмбөгчид төдийгүй хөгжөөн дэмжигчдэд хүнд цохилт болсон.

Үлдсэн хугацаанд довтлохоос өөр зам үлдээгүй “Хөх чононууд” энэ үүргээ ч маш сайн гүйцэтгэж, улмаар шүүгчийн мэдлийн 94 дэх минут дуусахтай зэрэг Н.Цэдэнбал тооны харьцааг тэнцүүллээ.

Норжмоогийн Цэдэнбал хэмээх энэ залуу гоол алдахад “үүрэг гүйцэтгэж”, эсрэг багийн довтлогчид дамжуулалт өгсөн буруутай ч түүнээс дутахгүй гавьяагаараа Монголын хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээлээ. Тэрбээр “Улаанбаатар Сити” клубийн хамгаалагч юм.

Ийнхүү Монголын шигшээ баг нэгдүгээр шатанд хоёр ялж, нэг тэнцсэн үзүүлэлтээр 7 оноогоор анх удаа Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан хоёрдугаар шатанд өрсөлдөх боллоо.

Ирэх арваннэгдүгээр сард Тайваньд болох хоёрдугаар шатны урьдчилсан тэмцээнд Тайвань, Хонконг,  Хойд Солонгосын багтай эцсийн шатанд өрсөлдөхийн төлөө хүч сорино. Энэ бол Монголын хөлбөмбөгийн түүхэнд анх удаа болж буй үйл явдал юм.

Эмэгтэй хөлбөмбөгчид түүхэн амжилт үзүүллээ

Монголын эмэгтэй хөлбөмбөгчид анх удаа Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатанд өрсөлдөж, хэсэгтээ Умард Марианы Арлууд, Гуамыг дараалан ялснаар хоёрдугаар шатанд өрсөлдөх тийзээ авлаа.

Гуамын эсрэг хийсэн шийдвэрлэх тоглолтод манай эмэгтэй хөлбөмбөгчид шүүгчийн мэдлийн 90+1 дэх минутад гоол оруулснаар багтаа ялалт авчирсан. 57 дахь минутад сэлгээнээс талбайд гарсан О.Сарангарав энэ тоглолтын эхний бас эцсийн гоолыг оруулж, багтаа том тус хүргэв.

Нэгдүгээр шатны нөгөө тоглолт болох Макао, Умард Марианы арлууд баг 0:0-ээр тэнцсэн тул хоёр ялалт байгуулсан манай шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтын үр дүнгээс үл хамааран хоёрдугаар шатанд тоглох юм.

Хоёрдугаар шатны тоглолт ирэх арваннэгдүгээр сард Тайваньд болно. Энэ удаа БНХАУ, Хонконг болон Тайванийн багтай өрсөлдөх юм.

Харин шигшээд шалгарвал Япон, БНСУ, Хойд Солонгосын багтай өрсөлдөх болно.

 

 

Гоолын мөндөр буусан үдэш + Бидэнд ганцхан оноо хэрэгтэй

Монголын хөлбөмбөгчид түүхэн амжилтаа үзүүлсээр. Нутагтаа болж буй Зүүн Азийн АШТ-ий эхний шатны тоглолтод эрчүүд хоёр тоглоод хоёр ялсан амжилтаараа хэсгээсээ гарч, дараагийн шатанд өрсөлдөх магадлал өндөр болов. Эхний тоглолтод Макаог 4:1-ээр ялсан манай хөлбөмбөгчид удаах тулаандаа Умард Марианы арлуудын шигшээг хүлээн авч, гоолын мөндөр буулгав. Нийт зургаан тоглогч гоол оруулж, үүнээс гурван тоглогч хоёроос дээш удаа эсрэг багийн хаалгыг мялаасан нь түүхэн үзүүлэлт. Умард Марианы арлуудын шигшээг хоёр жилийн өмнө яг энэ тэмцээнд 8:0-ээр ялж, дээд амжилтаа тогтоосон Монголын эрэгтэй шигшээ баг энэ тоогоо нэгээр ахиулж, 9:0-ээр өрсөлдөгчөө буулган авлаа.

Гараанд гарсан тоглогчдоос М.Төгөлдөр, С.Ганхуяг, Б.Балжинням нар тус бүр хоёр гоол оруулж, А.Тэмүүжин, М.Жансерик, О.Мөнх-Оргил нар гоолдсон.

Ийнхүү Монголын шигшээ баг Зүүн Азийн АШТ-ий эхний шатанд хоёр дахь удаагаа хоёр ялалт байгуулж, бүтэн зургаан оноотой хэсгээ тэргүүлж явна. 2003 оноос хойш зохион байгуулагдсан тус тэмцээнд монголчууд эхнээс нь оролцож эхэлсэн юм. Анхны тэмцээнд хэсэгтээ Гуамыг 2:0-ээр ялсан үзүүлэлттэй өндөрлөсөн бол 2005 онд хэсэгтээ 4 оноогоор тэмцээнээ дуусгасан удаатай.

Зүүн Азийн АШТ-д Монголын шигшээ багийн амжилт:

  • 2003 – 3 оноо (Гуамыг 2:0-ээр ялсан)
  • 2005 – 4 оноо (Гуамыг 4:1, Тайваньтай 0:0)
  • 2008 – 1 оноо (Макао 0:0)
  • 2010 – 6 оноо (Макаог 2:1, Умард Марианы арал 4:1)
  • 2013 – оролцоогүй
  • 2015 – 3 оноо (Умард Марианы арал 4:0)
  • 2017 – 4 оноо (Макаотой 2:2, Умард Марианы арал 8:0)

Сонирхуулахад, 2010 онд манай улс хэсэгтээ хоёр ялсан ч Гуамд 2:1-ээр хожигдсон тул 6 оноогоор хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн. Тэр жил Гуам 7 оноогоор хоёрдугаар шатанд шалгарах эрх авч байлаа.

Одоо энэ сарын 6-нд 17:00 цагаас Гуамтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ. Бидэнд анх удаагаа нэгдүгээр шатнаас гарахад ганцхан оноо хэрэгтэй.

Хэрвээ дараагийн шатанд шалгарвал Тайвань, Хонконг, Хойд Солонгосын багтай ирэх арваннэгдүгээр сард сүүлийн шатанд шалгарахын төлөө өрсөлдөх юм.