Тавдугаар сарын хоёрны өдөр Оросын премьер лигийн 28 дугаар тойрогт “Зенит” гэртээ “Газпром арена”- д Москвагийн “Локомотив”-г 6:1 харьцаатайгаар буулган авснаар гурван жил дараалан аварга боллоо. Питерын багаас Артем Зюба, иран довтлогч Сердар Азмун, Малком нар төмөр замчдын хаалгыг мялаажээ.
Сергей Семакын удирдлага дор “Зенит” анх удаагаа гэртээ аварга боллоо. 2018/2019 оны улиралд Петербургчууд Чечений Грозный хотоос харих замдаа онгоцонд аварга болж байсан бол өнгөрсөн онд Краснодар руу явах замдаа лигийн түрүүг хүртэж байв.
Питерын довтлогч А.Зюба медалиа гардан авахдаа “Deadpool” – ийн өмсгөлтэй индэр дээр гарч ирснээр тоглолтын дараа ч анхаарлын төвд байж тэр өдрийн баатар нь гэдгээ дахин харуулав.
“Энэ бол Deadpool. Тэр бүх зүйлийг хийж чаддаг бөгөөд түүний бусад баатраас илүү зүйл бол нөхөн төлжих чадвар. Тэгэхээр энэ чанар нь надтай яг таарч байгаа юм. Би энэ костюмтай болоод удаж байна, ямар нэгэн байдлаар олны өмнө ил болохыг хүсч байсан маань ингээд биеллээ. Одоо хурдхан шиг хувцас солих өрөөнд очоод хувцсаа тайлъе. Энэ дуулганд бараг амьсгал хураалаа, маш халуун байна. Баяр дөнгөж эхлэж байна. Дараагийн өмсгөл юу байхыг би мэдэхгүй байна. Магадгүй Scorpio эсвэл Batman байж болох л юм ” гэж Артем “Матч” телевизийн эфирт сэтгэгдлээ хуваалцав.