Tag: Хоан Лапорта

Хоан Лапорта “Мессиг ямар ч үнээр хамаагүй үлдээнэ”

Ирэх нэг сарын 24-нд явагдах Барселонагийн ерөнхийлөгчийн сонгуулийн хүчтэй нэр дэвшигчдийн нэг Хоан Лапорта Месси болон клубийн санхүүгийн талаарх амлалтаа ESPN-д өгсөн ярилцлагадаа онцоллоо. 58 настай Испани улс төрч 2003-аас 2010 оны хооронд Барселонаг удирдаж байсан юм.

“Месси Барсад үлдэхийг хүсэж байгаад би эргэлзэхгүй байна. Шинэ ерөнхийлөгчийн тавих саналаас их зүйл шалтгаална. Европ, дэлхийн хөлбөмбөгт ноёлж байсан Барсаг буцаан авчрахыг тэр хүсэж байгаа”

“Клуб түүнд удаа дараалан худал хэлж, хүндлэлгүй хандсан. Мессид ахиад ч цом шагнал хүртэж, амжилт ялалтыг дагуулах хугацаа, хүсэл амбиц байгаа”

“Бусад багуудад Аваргуудын лигийн цомоо алдахыг тэр удаан харж тэвчихгүй. Бүх цаг үеийн агуу тоглогч Мессиг байгаа цагт бид эргээд хүчирхэг болох бүрэн боломж бий. Харамсалтай нь яг одоо тийм баг бүрэлдээгүй байна”

“Мессиг би Барсагаас өөр багийн өмсгөлтэй төсөөлж чадахгүй нь. Месси – Барселонагийн түүх бол гайхалтай хүндлэл, хайрын түүх. Санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулахаас гадна Мессиг үлдээх нь шинэ ерөнхийлөгчийн эрхэм зорилго байх ёстой. Месси надад итгэдэг. Намайг амласандаа хүрч, өөрийг нь бусад шиг хуурахгүй гэдгийг тэр мэдэж байгаа. Би түүнийг ямар ч үнээр хамаагүй үлдээхийг мэрийнэ”

Лапортаг өмнө нь ерөнхийлөгч байх хугацаанд Месси Ла Масиагаас үндсэн багт дэвшиж, Пеп Гуардиола дасгалжуулагчаар ирэн Барсагийн түүхэн амжилтын эрин үе эхэлсэн юм. Месси, Шави, Иньеста, Гуардиола зэрэг тэр багийн цөм болсон эрхмүүдтэй ойр харилцаатай, итгэлийг хүлээсэн нь өөрийг нь бусад найман нэр дэвшигчдээс ялгаруулах онцлог гэж Лапорта ярив.

Клубт тулгараад буй 500 сая еврогийн өрийн асуудлыг тэрээр мөн хөндсөн. Өмнөх удирдлагын буруу шийдвэр, коронавирусийн хоригоос болоод Барсагийн өр энэ жил огцом өссөн юм.

“Клуб дампуурлын ирмэгт тулж ирээд байна. 2003 онд намайг ерөнхийлөгч болох үед ч гэсэн баг үүнтэй төстэй хямралд ороод байсан. Тэр үеийнх ийм ноцтой байгаагүй ч өмнөхтэй ижил байдлаар шийдэл олж болно. Манайх чинь орлогоороо нэгт жагсдаг хөлбөмбөгийн баг шүү дээ.

Нөлөө бүхий, чинээлэг socios (клубийн гишүүд)-ийнхээ тусламжтай орлогоо нэмэгдүүлж болно. Зарлагаа танаж, орлогоо нэмж, наймааны жаахан сийрэг бодлого баримтлахад л хямралаас гарах боломжтой. Гол нь ирээдүйдээ итгэлтэй, өөдрөг байх нь л чухал. Өрнөөс гарч, санхүүг тогтворжуулах төлөвлөгөөг би эртнээс бодож, боловсруулж байгаа”

2003 онд Лапортаг сонгогдоход Дэвид Бекхэмийг авчрах амлалт нь үлэмж нөлөөлсөн. Гэвч Бекхэм эцэст нь Реалыг сонгож оронд нь Барса 23 настай ПСЖ-гийн залуу авьяастан Рональдинотой гэрээ байгуулсан юм. Харин энэ удаа Лапорта ийм амлалт өгөхгүйгээ мэдэгдэв. Харин багийг хүчирхэгжүүлэх авьяаслаг залуусыг төлөөлдөг агентуудтай холбоотой байдгаа хэлсэн.

Клубийн 40 дэх ерөнхийлөгч Хосеп Бартомеу өнгөрсөн 10 сард албан тушаалаасаа буусан. Тэр 2014 онд өөр нэгэн маргаантай ерөнхийлөгч Сандро Розелийн халааг залган сонгогдсон юм.

Месси саяхан Пелегийн нэг клубийн төлөө оруулсан 643 гоолын рекордтой эн зэрэгцсэн. Аргентин эрийн гэрээ 2021 оны зургаан сарын 30-нд дуусахаар байгаа. Тиймээс ирэх нэг сарын нэгнээс тэр бусад багуудтай урьдчилсан хэлэлцээр хийж эхлэх боломжтой болно.