Өнгөрсөн шөнө Этихад цэнгэлдэхэд “Mанчестер Сити” болон “Боррусиа Дортмунд”-ын ширүүхэн тулаан өрнөлөө. 2:1-ээр талбайн эзэд давуутай дууссан уг тоглолтын дараа талбайн туслах шүүгч “Хар шарууд”-ын залуу од Эрлинг Хааландаас гарын үсгээ өгөхийг хүссэн байна.
Энэ талаар сэтгүүлчид “Mанчестер Сити”-гийн дасгалжуулагч Пеп Гуардиолагаас тодруулахад “Mагадгүй тэр Хааландын дэмжигч байж болох юм. Тэр өөрийн хүүдээ эсвэл охиндоо ч өгөхийн тулд авсан ч байж магадгүй. Өмнө нь шүүгч ямар нэгэн тоглогчоос гарын үсэг авахыг би харж байгаагүй ч хамгийн гол нь тэр талбай дээр ажлаа сайн хийсэн.” гэж ярьжээ.
Английн Премьер лигт Хотынхон 74 оноогоор тэргүүлж буй Гуардиолагийн шавь нарт дөрвөн цом авч, түүхэн амжилт тогтоох боломж байгаа ч Аваргуудын лигт түрүүлэх хэцүү даалгавар юм.
Гуардиола Барселонагийн хамтаар энэ тэмцээнд хоёр удаа түрүүлсэн ч Ситигийн хамтаар шөвгийн наймын шатнаас цааш шалгарч чадаагүй билээ.