Tag: UEFA

Европын супер лиг: Английн багууд өрсөлдөөнөөс гарлаа

Европын Супер Лиг (ЕСП)-д оролцохоо мэдэгдэж байсан Премьер лигийн зургаан баг бодлоо өөрчилжээ.
“Манчестер Юнайтед” клуб хөгжөөн дэмжигчид, Их Британийн Засгийн газар, гол хувьцаа эзэмшигчдийнхээ байр суурийг анхааралтай сонссоны эцэст энэ шийдвэрийг гаргасан гэж мэдэгдсэн байна. Харин “Челси” багийнхаа тоглогчдын болон хөгжөөн дэмжигчдийн ашиг сонирхлыг харгалзан үзэж, нэрээ татаж буйгаа зарлажээ. “Брайтон”-ы эсрэг хийх тоглолтын өмнө Лондоны “Стамфорд Бриж” цэнгэлдэх хүрээлэнгийн гадна хөгжөөн дэмжигчид нь эсэргүүцлээ илэрхийлсний дараа тус клуб ийм шийдвэр гаргасан юм. Үүний дараа “Манчестер Сити”, “Арсенал”, “Тоттенхам Хотспур”, “Ливерпүүл” клуб ч мөн адил шинэ лигт тоглохоос татгалзав.


УЕФА-гийн Ерөнхийлөгч Александр Сеферин “Энэ лигт тоглосон тамирчид Олон улсын тэмцээнд оролцох боломжгүй болно” гэж анхааруулсан билээ. Багуудын татгалзсан шийдвэрийн дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Одоо бүх юм эргээд хуучиндаа орсон болохоор хэлэлцээрээ үргэлжлүүлж гарц шийдлээ олох л үлдлээ” хэмээн баяртайгаар мэдэгдсэн юм.

    Европын Сүпер Лиг болох уу

    Европ тивийн дөрвөн улсын шилдэг 12 клуб нэгдэж Европын Сүпер Лиг хийхээр болсноо зарлалаа.

    Тодруулбал, Английн зургаа, Италийн гурав, Испанийн гурван баг шинэ тэмцээнийг дэмжихээ илэрхийлжээ. цар тахлын улмаас их хэмжээний алдагдалд ороод байгаа тул Аваргуудын лигээс тусдаа тэмцээн зохион байгуулахаар болсноо зарлав. Тус лигийн ерөнхийлөгчөөр “Реал Мадрид” клубын ерөнхийлөгч Флорентино Перез ажиллах ба тэрбээр энэ талаар “Бид бүхий л чадлаараа хичээж, дэлхийн хөлбөмбөгт тусалж, зохих байр сууринд хүргэх болно” гэж мэдэгджээ.

    Тэмцээний санхүүжилтыг “JPMorgan” хөрөнгө оруулалтын банк хариуцаж зургаан тэрбум орчим ам.долларыг гаргах бөгөөд лигт оролцох урилгыг хүлээн авсан баг 425 сая ам.долларыг авах гэнэ. (Сонирхолтой нь, энэ мөнгөн дүн нь шилдэг багуудын 2020 оны бүтэн жилийн санхүүгийн тайлантай харьцуулж харахад бүтэн жилийн орлогоо олох боломжтой харагдана. УНШИХ)

    Тус лиг нь 20 багаас бүрдэх ба 15 клуб тогтмол оролцох бол үлдсэн таван эрхийн төлөө бусад багууд өрсөлдөнө. Мөн эдгээр клубууд нь хоёр хэсэгт хуваагдаж тоглох төдийгүй амжилтаараа хэсгээ тэргүүлсэн найман клуб хасагдах шатанд өрсөлдөх юм.

    Сүпер лигийг 2023/2024 оны улирлаас эхлэх боломжтой хэмээн үзэж байгаа бөгөөд одоогоор үндсэн 12 клуб тодроод байна. Үүнд:

    • Англи- “Манчестер Юнайтед”, “Манчестер Сити”, “Челси”,  “Арсенал”, “Тоттенхэм”, “Ливерпүүл”
    • Испани- “Атлетико Мадрид”, “Барселона”, “Реал Мадрид”
    • Итали- “АС Милан”, “Интер Милан”, “Ювентус”

    Гэхдээ уг тэмцээн зохиогдох эсэх нь эргэлзээтэй. Учир нь Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) болон Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA) энэхүү тэмцээнийг эсэргүүцэж байна. Хэрвээ багууд шинэ тэмцээнд оролцвол дотоодын лиг болон олон улсын тэмцээнээс хасах, тоглогчдыг шигшээ багт дуудахгүй гэх нэн хатуу шаардлага тавив.

    Мөн шилдэг клубуудээ алдах аюулд ороод байгаа Англи, Испани, Италийн лигийн холбоо мөн адил энэ тэмцээний эсрэг байгаа аж. Эцэст нь холбоод ялах уу? клубууд ялах уу? гэдгийг харах л үлдлээ.

    Харин таны хувьд энэ шинэ тэмцээнийг яаж хүлээж авах вэ?