Tag: Пеп Гуардиола

Пеп Гуардиолад хийсэн Африк хараал

Хөлбөмбөгч Яя Турегийн төлөөлөгч Дмитрий Селюк, Пеп Гуардиола нарын харилцаа хагарлаар дууссан билээ.

Хөлбөмбөгч, дасгалжуулагч хоёрын харилцаа муудаж, улмаар Зааны ясан эргийн тоглогч Манчестер Ситиг орхисон. Үүний дараа түүний төлөөлөгч Селюк цочирдом мэдэгдэл хийсэн нь Аваргуудын лигийн финалын дараа ч “хүчинтэй” хэвээр байна.

“Гуардиола Турег явуулсанаар бүх африкийг өөрийн эсрэг эргүүлсэн. Африкийн олон бөө “Пеп Аваргуудын лигт хэзээ ч битгий түрүүлэг” хэмээн хараал хийсэн. Энийг бол би яаж ч чадахгүй. Үйлийн үр эргэж ирдэг. Африк бөө нар ямар чадалтайг хараарай” хэмээн Селюк 2018 онд хэлж байв.

Тэр цагаас хойш Халзан Пеп нар ердөө үзсэнгүй. Энэ улиралд анх удаа финалд гарч ирсэн ч Челсид далаараа нам тавиуллаа. “Африкийн бөө нарын хараал хүчтэй юм, үнэн юм байна” гэсэн сэтгэгдэл олон нийтийн сүлжээгээр хөвөрсөөр. Пеп Гуардиола хараалыг “хариулах” хэрэгтэй, хариулахаасаа өнгөрсөн хэмээн бичиж байна.

Каталан дасгалжуулагч хэрхэн сэргэж, аль хэр дайчин, нугаршгүй сэтгэл зүйтэй эсэх нь одоо тун сонирхолтой байна. Герман дасгалжуулагч нар Аваргуудын лигийн финалд гарч ирж ялагдчихаад дараа жилийн финалд эргэн гарч ирж түрүүлсэн ойрын гурван ч жишээ байна.

Гуардиола тэгж чадах уу?

Эх сурвалж: Marca

Пеп Гуардиола, Жоан Лапортагийн номер нэг сонголт

Барсагийн Ерөнхийлөгч Жоан Лапорта ирэх улиралд Пеп Гуардиолаг авчрах хүсэлтэй байна. Куманыг орлох хамгийн шилдэг хувилбар бол Пеп хэмээн Лапорта үзэж байгаа юм.

Тэрээр Барсад шинэ үе, мөчлөг эхэлж байна хэмээн зарласан билээ. Энэ нь эрс шинэчлэл хийнэ гэсэн үг. Энэ шинэчлэлийг манлайлах хамгийн зохистой хүн нь Барсагийн унаган бүтээгдэхүүн Пеп хэмээн үзэж, түүнийг авчрахыг урьтал болгоно гэжээ.

Шинэ дасгалжуулагч хайж байгаа гэдгээ Куманд аль хэдийнэ дуулгасан хэмээн Испанийн хөлбөмбөгийн хэвлэлүүд мэдээлж байна. Манчестер Сититэй гэрээтэй байгаа Пеп Аваргуудын лигт түрүүлчихвэл Англиас явна хэмээн тоймчид итгэлтэй байгаа аж. Европт аваргалж чадахгүй ч Ситигээс явна гэж үзэх хүмүүс их байгаа. Харин Пеп Барсад буцаж ирэх үү гэдэг том асуулт үлдэж байна. Кун Агуэро Барсад ирж байгаа бол Пеп Барсад ирэхгүй. Агуэрог үеэ өнгөрөөсөн гэж үзэн явуулсан Пеп түүнтэй дахин хамтран ажиллана гэж байхгүй.

Каталан дасгалжуулагч Сититэй 2023 он хүртэл гэрээтэй. Гэвч тэр Ситигийн дараа хаана очихыг хэн ч таашгүй. Барсагаас явсны дараа нэг жил амарчихаад Байерн Мюнхенд ирнэ гэдгийг хэн ч таамаглаагүй. Гэтэл тэрээр нэг жил амарч байхдаа герман хэлийг гэрээр тууштай үзэж Байернтэй гэрээ үзэглэхдээ шууд германаар чөлөөтэй ярьж байсан гэдэг.

Гуардиола, Түхел нарын Мюнхен дэх уулзалт яг л шатрын их мастеруудын халз тулаан мэт санагдсан

Зургаан жилийн өмнө Михаил Решке Мюнхений төвд байдаг Шуманны бааранд болсон Пэп Гуардиола, Томас Түхел хоёрын уулзалтын тухай хууч хөөрч байна.

Эхэндээ тэр хоёр нэгнээ тэнсэх мэт зөөлөн зөөлөн толхилцоод л байлаа. Тэгээд нэг мэдсэн чинь яриа нь бүүр шал өөр түвшинд очсон. Олон жилийн өмнөх тоглолтын үеэр болсон нүүдэл, тактикийн өөрчлөлтүүдийн талаар ярьцгааж эхлэв. Ширээн дээр байсан дарсны хундага, давсны савуудыг байрлуулж ирээд л ярилцаж байх үед тэр ярилцаж байгаа тоглолтууд хоёулангийнх нь толгойд дахин тоглогдож байх шиг байлаа. Маш жижигхэн гэмээр нарийн деталиудыг хүртэл сайн санацгааж байгаад нь би бүр итгэж ч чадаагүй.

“Та тэр 2009 оны Реал Мадридтай хийсэн тоглолтын үеэр жигүүрийн хамгаалагчаа нэг тэгж хөдөлгөсөн дөө? Яагаад тэгсэн юм?” гэх маягийн л асуултууд. Шатрын их мастерууд Фишер Спасскийн ур ухаан шавхсан тоглолт үзэж байгаа ч юм шиг. Эсвэл Цицерон Сократ хоёр хөлбөмбөгийн философийг хэлэлцэж байгаа ч юм шиг санагдаж байсан. Намайг 2014 онд Баерны спортын захирал болсны дараахан Пеп бид хоёр Томасын тухай ярьж байсан юм. Надаас асуулаа л даа. “Германы хамгийн сонирхолтой, залуу дасгалжуулагч хэн бэ?” гэж байна. Би “Түхел” гэсэн. Тэгсэн чинь Пеп: “Харин тийм! Өнгөрсөн улиралд Маинзтай тоглоход манай эсрэг хожъё гээд үзэж байсан шүү! Ихэнх багууд манай эсрэг шууд автобус зоогоод, бага тоогоор хожигдох юмсан гэдэг. Харин мань эр манайхыг ёстой дарамтанд хийсэн. Маинз шүү дээ! Би түүнийг их хүндэлдэг” гэж хариулж билээ.

Юрген Клоппын Боруссиа Дортмунтыг эс тооцвол Бундеслигийн ихэнх багууд Гуардиолагийн бөмбөг эзэмшсэн тоглолтыг бусниулахын тулд өөрийнхөө хагаст бүгээд каталан эрийг цухлыг бардаг байсан үе л дээ. “Би л лав тэгж тоглохдоо тулвал дасгалжуулагчийн хувьд дууслаа гэсэн үг” гэж Решкед нэг удаа хэлж байсан гэдэг. Түхелийн Маинзтай тоглоход харин тийм байгаагүй. Яахав Баерн тэр хоёр тоглолтдоо 4-1, 2-0 харьцаагаар хожих нь хожсон л доо. Гэхдээ тооны харьцаа дээр харагдаж байгаа шиг тийм ч амархан тоглолт болоогүй юм. Мюнхен дэх тоглолтын эхний хагас дуусахад Маинз өөрсдөө гоолдоод зогсохгүй аваргуудын довтолгоог чадварлаг хааж, маш чөлөөтэй 3-4-3 системээрээ айлын довтолгооны өрнөлүүдийг сарниулан сөрөг довтолгооны боломжуудыг ээлж дараалан үүсгэж байлаа. (Гуардиола хариуд нь зүүн жигүүрээ Давид Алаба, Бастиан Швайнштайгер хоёроор зузаалж, баруун жигүүрт Марио Гөтцегээр айлын хамгаалагчдыг дарамтлуулж хариу барьсан.) Таван сарын дараах хариу тоглолтоор Маинз тун сайн үзэж байсан боловч 82, 86 дахь минутад гоол алдсан. “Өнөөдөр ч зугаатай байлаа шүү” гэж Гуардиола шүглийн дууны дараа хэлсэн гэдэг.

Пеп яахав мэдээж Пеп шүү дээ, харин Түхел бол тухайн үед Дортмундтай цомд түрүүлж, ПСЖ-тэй аваргуудын лигт финалдсан одоогийн Түхел биш байсныг санах хэрэгтэй. Маинзтай таван жил ажиллаад ажлаа өгч, хөлбөмбөгөөс зайгаа аваад байсан залуухан дасгалжуулагч байсан юм. Гэхдээ жил гаруйн өмнө болсон тэр хоёр тоглолтоороо Пепийн анхаарлыг татсан байсан. Анхаарлыг нь татаад ч зогсохгүй маш даржин нөөц бүхий багаар тийм нарийн оновчтой төлөвлөгөө боловсруулж, бүр хожихоор улайран зүтгэж байснаараа зүй ёсны хүндэтгэл хүлээсэн байлаа. “Түхелд хариу бий дээ” гэж тэр хэлж билээ.

Уулзалт болсон тэр өдөр Решке Гуардиолад оройхон Түхелтэй уулзах гэж байгаагаа сонирхуулсан байна. Түхелийг Баер Леверкүзенд байхдаа ажилд авах гээд уулзаж байснаасаа хойш холбоотой байж л дээ. Гуардиола тэр даруй мань хоёртой Шуманны бааранд уулзахаар шийдэж. Түхелтай илүү сайн танилцахыг хүсч байсан болохоор тэр оройны ганц хоёр уулзалтаа ч цуцалсан байна. Нөгөө тал нь ч бас адилхан бодолтой байжээ. Маинзын дасгалжуулагч байхдаа Түхел хэд хэдэн удаа Барселона руу нисч очоод Гуардиолиагийн багийн тоглолтыг биечлэн үзэж байснаар барахгүй хамаг намтар номуудыг нь гүйцэт уншиж судалсан байдаг. Эхэндээ тэр хоёр багш шавирхуу маягийн яриа эхлүүлсэн гэнэ. Түхел ихэвчлэн асуулт тавиад, Гуардиола дэлгэрэнгүй хариулах маягтай явж байсан ч хэсэг хугацааны дараа тэр хоёрын байр нь өөрчлөгдөөд ур ухаан тэнцүү улс шиг л ярилцаж гарсан байна.

Би уг нь хөлбөмбөгийн тухай ярих их дуртай, нэлээн ч ярьдаг, гэхдээ тэр орой бараг үг дугарч чадаагүй байх аа. – хэмээн Решке дурсав. – Би зүгээр л үзэгч шиг байсан. Тэр хоёр Англи, Герман холиод, ямар нэг шинжлэх ухааны нэр томъёо ашиглахгүй зүгээр л энгийн яриа өрнүүлж байсан ч миний хувьд зарим үед нь гүйцэт ойлгох гэж хэцүүхэн юм болж байлаа. Аль эрт улирч баларсан үеийн тоглолтуудаас өч төчнөөн жижиг сажиг мөч тохиолдлуудыг дурсаж ирээд яаж өөрчилсөн бол ямар өрнөлтэй, ямар үр дүнтэй байж болох байсан талаар ярилцаж гарсан. Ерөөсөө л үйлдэл, хариу үйлдэл. Яриандаа гүн автчихсан байсан болохоор бааранд байсан бусад хүмүүс, бүр зөөгч нар ч хүртэл яриаг нь тасалдуулж зүрхлэхгүй бараг бүтэн дөрвөн цагийн турш л хөөсөн дотор байгаа юм шиг ярилцсан даа.
Хэдэн долоо хоногийн дараа өнөө гурав чинь ахиад уулзжээ. Өмнөхөөсөө арай тайвуу боловч хөлбөмбөгийн маргааны хувьд адилхан л ширүүн байсныг шинээр нэмэгдсэн дөрөв дэх оролцогч гэрчилж байна. Решке энэ уулзалт дээр Юпп Хейнкесийн доор ажиллаж байсан Петер Херманныг урьсан юм. Одоо 69 настай мань хүн тэр үед гэхэд Баер Леверкүзентэй 2002 онл, Баернтай 2012, 2013 онуудад аваргуудын лигийн финалд шалгараад үзчихсэн нэлээн хашир бурхи байсан хэрнээ Гуардиола, Түхел хоёрын яриаг шашны ном шиг л сонссон гэдгээ сүүлд нь Решкед хэлсэн байдаг.

Надад баярлалаа гэснээ эхнэр лүүгээ утасдаад “Би маргааш хөлбөмбөгөөс зодог тайллаа” гэж хэлсэн шүү. Яагаад гэсэн чинь “Би хөлбөмбөгийн талаар өөрийгөө овоо мэдлэгтэй гэж боддог байлаа. Одоо бол өөртөө тийм ч итгэлтэй биш байна… энэ залуус бүр шал өөр дээд лигийн нөхөд байна” гэж билээ.
Решке өөрөө ч нэгэнтээ яг ийм байдалд орж байсан удаатай. Баернтай аваргуудын лигийн хэсгийн тоглолт хийхээс нь өмнө Ромагийн тоглолтыг үзэх гээд нэг удаа Итали руу Пептэй хамт явжээ.

Ёстой солиотой. Тоглолт эхлэхээс өмнөхөн Пеп шууд л хоёр багийн давуу болон сул талуудыг тоочиж гарсан. Тоглолт ч яг л хэлснээр нь өрнөсөн дөө. Тэр долоо хоногт намайг багийн уулзалтад сууж болно гэсэн юм, тэр уулзалтаар Роматай тоглоход явагдах олон боломжит өрнөлүүдийг хэлэлцсэний нэлээн хэд нь яг түүний зохиолоор юм шиг л явсан. Үнэхээрийн гайхалтай.
Баерн тэр тоглолтоор Ромаг 7-1 харьцаагаар Стадио Олимпикод нь бут ниргэсэн бөгөөд Гуардиолагийн тэр гурван жилд үзүүлсэн хамгийн шилдэг тоглолтуудын нэг байлаа. Гуардиола тэгэхэд Түхелийг өөрийнхөө залгамжлагчаар Баернд томилуулахаар Решкед зөвлөж байсан гэнэ. “Түүнийг Баернд авчраач!” гэдэг байж. Решке, Түхел, Ули Хөннес нар Мюнхенд уулзсан боловч цаг хугацааны хувьд таараагүй гэдэг.

Тэр хоёр хоёулаа л тоглогчдодоо өндөр шаардлагатай, хөлбөмбөгийг өөрсөд шиг нь гүнзгий мэдэрдэг тоглогчидтой учраа амархан ололцдог. Өөрийн арга барилаар хөлбөмбөг тоглох гэдэг улс ер нь нэлээн хэцүү байдаг. Тактикийн хувьд хоёулаа эзэгнэж тоглохыг хүсдэг. Хоёулаа л “за яаж гоолдох вэ?” гэсэн асуултаар эхэлдэг. Томасын хувьд нэлээн техник голчилсон, харин Пеп нь арай илүү урлагтай. Тоглолт их өндөр түвшинд явагдах тусам Пеп улам дуртай байдаг. Ялангуяа онцгой өрсөлдөгч, дасгалжуулагчийн эсрэг бол бүр сайн. Томас түүнийг хожиж чадахаа энэ улиралд хэдийн харуулсан. Мюнхенд тэр олон жилийн өмнө хэдэн үдэш зугаатай сайхан уулзсаны дараа ингээд Портод клубын хөлбөмбөгийн хамгийн том цомын төлөө тулж байгаа нь их хөгжилтэй санагдаж байна. Хоёулангийнх нь өмнөөс баяртай байна даа.
Магадгүй сүүлийн шүглийн дууны дараа хожсоноо магтаж, хожигдсоноо тайтгаруулан хундага тулгаж суух цаг гаргаа ч бил үү.


Орчуулсан: Д.Цогчулуун

Пеп Гуардиола: Mагадгүй тэр Хааландын фен байх

Өнгөрсөн шөнө Этихад цэнгэлдэхэд “Mанчестер Сити” болон “Боррусиа Дортмунд”-ын ширүүхэн тулаан өрнөлөө. 2:1-ээр талбайн эзэд давуутай дууссан уг тоглолтын дараа талбайн туслах шүүгч “Хар шарууд”-ын залуу од Эрлинг Хааландаас гарын үсгээ өгөхийг хүссэн байна.

Энэ талаар сэтгүүлчид “Mанчестер Сити”-гийн дасгалжуулагч Пеп Гуардиолагаас тодруулахад “Mагадгүй тэр Хааландын дэмжигч байж болох юм. Тэр өөрийн хүүдээ эсвэл охиндоо ч өгөхийн тулд авсан ч байж магадгүй. Өмнө нь шүүгч ямар нэгэн тоглогчоос гарын үсэг авахыг би харж байгаагүй ч хамгийн гол нь тэр талбай дээр ажлаа сайн хийсэн.” гэж ярьжээ.

https://twitter.com/RobHarris/status/1379549807916748802

Английн Премьер лигт Хотынхон 74 оноогоор тэргүүлж буй Гуардиолагийн шавь нарт дөрвөн цом авч, түүхэн амжилт тогтоох боломж байгаа ч Аваргуудын лигт түрүүлэх хэцүү даалгавар юм.

Гуардиола Барселонагийн хамтаар энэ тэмцээнд хоёр удаа түрүүлсэн ч Ситигийн хамтаар шөвгийн наймын шатнаас цааш шалгарч чадаагүй билээ.