Category: Хөлбөмбөг

Covid 19: Хөлбөмбөгийн дасгалжуулагч 21 насандаа өөд боллоо

Хөлбөмбөгийн дасгалжуулагч, Испанийн иргэн Франческо Гарсиа 21 насандаа өөд боллоо. Түүнээс “Covid 19”-ын шинж тэмдэг илэрсэн тул Малага хотын эмнэлэгт эмчилж байв.

Ф.Гарсиа 2016 оноос хойш “Малага ФС” клубын өсвөрийн баг болох “Атлетико Портада Алта” багт дасгалжуулагчаар ажиллаж ирсэн юм. Талийгаачийг албан ёсоор “Covid 19”-өөр өөд болсон хэмээн зарласан. Тэрбээр цусны хорт хавдартай байсан тул бие нь шинэ “титэм” вирусын халдварыг дийлсэнгүй гэж Испанийн хэвлэлд бичжээ.

Испанийн Малага хотод корона вирусын улмаас 5 хүн нас барсан. Ф.Гарсиа насаар хамгийн залуу өвчтөн нь болсон аж. Бусад өвчтөнүүд бүгд 70 орчим насных байсан гэж мэдээлсэн юм.

Covid 19: Криштиану Роналду зочид буудлаа эмнэлгийн зориулалтаар ашиглуулна

“Ювентус” клубын довтлогч Криштиану Роналду өөрийн нэр дээр байдаг зочид буудлаа эмнэлгийн зориулалтаар ашиглахаар болжээ.

“Ювентус”-ын хамгаалагч Даниел Руганигаас вирус илэрсэн тул К.Роналду Мадейра дахь гэртээ хөл хорионд орсон билээ. Тэд хамгийн сүүлд “Интер Милан”-ыг 2:0-ээр хожиход хамтдаа хувцас солих өрөөнд байсан юм.

Испанийн “Marca” сонины мэдээлснээр К.Роналду хувийн зочид буудлаа эмнэлгийн зориулалтаар ашиглахаар болсон аж. Ингээд зогсохгүй уг “хувийн эмнэлэгт” ажиллах эмч, сувилагч нарын цалинг К.Роналду төлөх учраас өвчтөнүүдэд үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ.

“Forbes” сэтгүүлээс гаргасан мэдээллээр бол Португалд корона вирусын халдвар авсан 169 тохиолдол илэрсэн бөгөөд тэдгээрийн 1 нь бүрэн эдгэрсэн аж.

Португалд “Pestana”-гийн үүсгэн байгуулсан зочид буудал алдартай байдаг. Таван одтой тансаг зэрэглэлийн сүлжээ зочид буудал К.Роналдугийн төрсөн нутаг Мадейрад салбараа нээсэн юм. 2016 оноос энэ салбарыг албан ёсоор “Praca CR7” болгон өөрчилсөн билээ.

Энэ зочид буудалд К.Роналдугийн музей байрладаг юм.

COVID 19: “Ювентус”-ын Даниел Руганигаас вирус илэрлээ

Италийн “Ювентус” клубын хамгаалагч Даниел Ругани корона вирусын халдвар авсан анхны Сери А-гийн тоглогч боллоо.

Энэ жил 25 настай Д.Руганигийн шинжилгээ эерэг буюу вирус илэрсэн нь хөлбөмбөгийн ертөнцөд дуулиан тарилаа. Д.Ругани “Ювентус”-ын бүрэлдэхүүнд энэ улирал долоон тоглолтод оролцсон. Хамгийн сүүлд өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд “Спал” багийн эсрэг талбайд гарсан юм. Гэхдээ өнгөрсөн ням гаригт болсон “Интер Милан”-ы эсрэг тоглолтод сэлгээнд сууж байжээ.

Д.Руганигийн хариу эерэг гарсантай холбоотойгоор “Интер Милан” болон Испанийн “Хетафе” багийн Европа дахь тоглолт цуцлагдсан аж. Энэ долоо хоногт болохоор төлөвлөж байсан ч корона вирусын халдвар эрчтэй байгаа учраас “Хетафе” багийн Ерөнхийлөгч Анхель Торрес багаа Милан руу явуулахаас татгалзлаа.

“Ювентус”-ын хувьд ирэх долоо хоногт Аваргуудын лигийн хүрээнд “Лион”-той өрсөлдөнө. Одоогоор энэ тоглолт болох эсэх нь тодорхойгүй байгаа юм.

COVID 19: “Олимпиакос”-ын эзэн халдвар авчээ

Английн “Ноттингхэм Форест” болон Грекийн “Олимпиакос” клубын эзэн Евангелос Маринакис халдвар авсан нь тогтоогдлоо.

Е.Маринакис өнгөрсөн баасан гаригт “Ноттингхэм Форест”-ын улирлын ээлжит тоглолтыг үзэж суусан юм. Өдгөө 52 настай бизнесмэн эр Грекийн “Олимпиакос” багт хувьцаа эзэмшдэг нэгэн. Тэрбээр Англид ирж багийнхаа тоглолтыг үзэх үеэр өвчний шинж тэмдэг илрээгүй. Харин Грек руу буцсаныхаа дараа халуурч эхэлсэн байна.

Е.Маринакис халдвар авсан гэдгээ өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн.

Түүний эзэмшилд байдаг “Олимпиакос” клуб өнгөрсөн хоёрдугаар сард Английн “Арсенал” клубын талбайд зочилсон юм. Уг тоглолтыг Е.Маринакис ирж үзсэн тул Лондоны клубын зүгээс мэдэгдэл гаргахад хүрчээ. Тус багийн ажилтнуудаас нэг нь ч Е.Маринакистай холбоо тогтоогоогүй талаар уг мэдэгдэлд дурдсан аж.

Грекийн Засгийн газраас спортын аливаа арга хэмжээг хоёр долоо хоногийн турш үзэгчгүй зохион байгуулах шийдвэр гарсан билээ.

Ла лига: Хоёр долоо хоног үзэгчгүй болно

Испанийн хөлбөмбөгийн дээд хоёр лигт үзэгчгүй зохиогдох боллоо.

Испанид хөлбөмбөгийн тоглолтууд үзэгчгүй зохион байгуулагдах шийдвэр гарлаа. “Титэм” вирусын халдвар Европ даяар эрчтэй тархаж байгаа тул тус улсын Засгийн газар ийм шийдвэр гаргасан юм.

Энэ хориг Аваргуудын лигийн тоглолтод ч нөлөөлөх аж. Гуравдугаар сарын 18-нд Испанийн Кэмп Ноу цэнгэлдэхэд “Барселона” клуб Италийн “Наполи”-г хүлээн авна. Харамсалтай нь, энэ тоглолтод барсачууд 12 дахь тоглогчгүй талбайд гарах болжээ.

Испанид сүүлийн үед халдвар авсан хүний тоо эрс нэмэгдсэн. 1650 хүн халдвар авч, 35 нь өөд болсон юм. Харин 135 хүн халдвар авсан ч эдгэрсэн аж.

AFC Cup: “Улаанбаатар ФС” клубын хуваарь тодорхой боллоо

“AFC Cup” буюу Азийн клубуудын АШТ-ий урьдчилсан шатанд Монголын “Улаанбаатар ФС”, Тайванийн “Тайпауэр” клуб учраа таарсан юм.

Урьдчилсан шатны тоглолт өнгөрсөн гуравдугаар сард болох байсан ч корона вирусын халдвар тархсан тул хойшлогдсон юм. Тэгвэл Азийн хөлбөмбөгийн холбооноос шинэчилсэн хуваарийг танилцууллаа.

Урьдчилсан шатны эхний тоглолт дөрөвдүгээр сарын 7-нд, харин хариу тоглолт 14-нд болно.

Гэхдээ корона вирусын хориг цаашид сунгагдах эсэхээс уг тоглолт хугацаандаа амжих эсэх нь тодорхой болно. Түүнчлэн хаана, хэдэн цагаас гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Тус хоёр тоглолтын нийлбэрээр хожсон баг урьдчилсан шатны сүүлийн даваанд Хонконгийн “Китчи” багтай дөрөвдүгээр сарын 21-28-нд тулах юм. Урьдчилсан шатны ялагч нь клубуудын АШТ-ий “I” хэсэгт өрсөлдөх аж.

Корона вирус: Нөхөрсөг тоглолтууд, Евро 2020, Катар 2022, Токиогийн олимпын урьдчилсан тэмцээний хувь заяа бүрхэг байна

Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Жианни Инфантино эрүүл мэнд ямар ч хөлбөмбөгийн тоглолтоос үнэ цэнэтэй хэмээн ярьжээ.

Ж.Инфантино ирэх сард болох хөлбөмбөгийн олон улсын нөхөрсөг болон “Евро 2020”, “Катар 2022” зэрэг томоохон тэмцээний урьдчилсан тоглолтыг одоогоор цуцлах бодолгүй байгаа гэдгээ мэдэгдсэн юм. Гэхдээ одоогийн байдлаар шууд болно гэж хэлэхэд хүндрэлтэй байгааг хөлбөмбөг сонирхогчдод мэдэгдлээ.

Корона вирусын тархалт дэлхий даяар хурдацтай өсч буй өнөө үед хөлбөмбөгийн ертөнцөд ч хар толбо үлдээсэн юм. Тодруулбал:

  • Швейцарийн хөлбөмбөгийн хоёр лиг энэ долоо хоногт болох тоглолтыг цуцалжээ.
  • “Тоттенхэм”-ийн довтлогч Сон Хын Мин БНСУ-ын Сөүлд хагалгаа хийлгэж ирээд тусгаарлагдсан юм.
  • Английн “Ньюкастл”, “Уэйст Хэм” клубын удирдлагууд тоглогчдоо бэлтгэл дээр гар барихыг хориглов.

“Евро 2020”-ын урьдчилсан тоглолт ирэх гуравдугаар сарын 26-31-нд болно. “Катар 2022”-ын Ази тивийн урьдчилсан тоглолт ч ирэх гуравдугаар сарын сүүлээр болох юм. Тухайлбал, Австрали талбай дээрээ Кувэйтийг хүлээн авах бол Хонконг Ираны талбайд очих билээ.

Вирусын голомт болоод буй БНХАУ-ын шигшээ баг талбайдаа Мальдивыг хүлээн авах байсан ч тахалаас болоод Тайландад, үзэгчгүй цэнгэлдэхэд өрсөлдөхөөр болсон билээ.

Азийн хөлбөмбөгийн Аваргуудын лигт орсон урд хөршийн “Гуанжоу Эвергранд”, “Шанхай Шенхуа” багийн тоглолт одоогоор цуцлагдаад байна.

Тахал хурдацтай тархаж байгаа Итали улсад Сери А-гийн таван тоглолт үзэгчгүй зохион байгуулагдана. Тус лигийн аваргын төлөө ширүүн өрсөлдөж буй “Ювентус”, “Интер Милан”-ы тоглолт энэ дунд багтсан юм.


“Тоттенхэм” клубын довтлогч Сон Хын Мин энэ сарын эхээр гараа хугалсан. Тэрбээр хагалгаанд орохоор Сөүлд очоод буцсан юм. Гэхдээ тэр Засгийн газрынхаа зөвөлгөөг дагаж, Лондонд ирээд 14 хоног гэртээ тусгаарлагдахаар болсон юм.

“Ньюкастл”-ын босс Стив Брюс болон “Уэйст Хэм”-ын менежер Дэвид Мойес нар ч тоглогчдоо аюулгүй байлгах арга хэмжээ авчээ. Бэлтгэл дээр тоглогчид хоорондоо гар барихыг хориглосон юм.

Өнгөрсөн баасан гаригт Их Британид дахин гурван тохиолдол илэрч, энэ улсаас илэрсэн хүний тоо 19-д хүрсэн. Харин дэлхий даяар 50 гаруй улсад тархаж, 80 мянган хүн вирусын халдвар авсан бол 2800 гаруй хүн амиа алдсан юм.

Хөлбөмбөг: Икер Касильяс сонгуульд өрсөлдөнө

Испанийн хөлбөмбөгийн шигшээ багт олон жил зүтгэсэн, нэрт хаалгач Икер Касильяс их спортоо орхиж, зүтгэлтэн болохоор зориг шулууджээ.

“Порто” клубын Ерөнхийлөгч Хорхе Нуно Пинто да Кошта ахмад хаалгачийг их спортоо орхих болсныг хэвлэлийнхэнд баталсан юм.

Энэ жил 38 настай хаалгач эр Испанийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсныг өнгөрсөн даваа гарагт зарласан. Үүний дараа Пинто да Кошта бээлийгээ хананд өлгөж байгааг нь олон нийтэд мэдэгдлээ.

“Порто”-гийн Ерөнхийлөгч Пинто да Кошта И.Касильясыг зодог тайлж буйг зарлав
И.Касильяс 2010 онд ДАШТ-д түрүүлсэн юм

И.Касильяс өөрийн твиттэр хуудсандаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо зарласан. Тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сард зүрхний шигдээсээр эмнэлэгт хүргэгдсэнээс хойш талбайд дахин гараагүй билээ. Хэдийгээр талбайд гараагүй ч “Порто”-гийн дасгалжуулагчийн албанд тусалж байсан юм.

И.Касильясыг Испанийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөнө гэх цуурхал хэдэн сарын өмнө тарсан. Түүнийг одоогийн Ерөнхийлөгч Луис Рубиалестай таарамжгүй харилцаатай, тиймээс сонгуульд түүний эсрэг өрсөлдөнө гэж таамаглаж байсан юм.

Хөлбөмбөг: Сон Хын Мин гараа хугалжээ

Английн “Тоттенхэм” клубын довтлогч Сон Хын Мин “Астон Вилла”-гийн эсрэг гараа хугалсан тул энэ улирлыг дуустал талбайд гарахгүй байж магадгүй боллоо.

Энэ жил 27 настай солонгос довтлогч тун удахгүй гарандаа хагалгаа хийлгэх тул хэдэн долоо хоногийн турш талбайд гарахгүй боллоо. “Тоттенхэм”-ийн дасгалжуулагч Жозе Моуринью хэвлэлийн бага хурал зарлах үеэр гол довтлогчоо гэмтлийн улмаас улирал дуустал талбайд гарахгүй байх вий гэхээс болгоомжилж байгаагаа илэрхийлсэн. Энэ долоо хоногийн сүүлээр болох хагалгааны дараа Соныг хэдий хугацааны дараа эргэн ирэх боломжтой талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирэх аж.

Сон Хын Мин “Астон Вилла”-гийн эсрэг 94 дэх минутад гоолдож, багаа ялалтад хөтөлсөн билээ. Гэхдээ тэр энэ тоглолтын эхний хагаст гарандаа бэртэл авсан гэнэ.

Түүний энэ удаад авсан бэртэл нь гурван жилийн өмнө БНСУ-ын шигшээд тоглож байхдаа гараа хугалсантай нь төстэй гэж “The Athletic” хэвлэлд онцолжээ. Сон тэр бэртлийн дараа хагалгаанд орж, хоёр сар талбайд гараагүй юм.

Дуулиан: “Манчестер Сити”-г буулгаж авсан хакер

“Манчестер Сити” клубыг Аваргуудын лигт оролцох эрхийг нь хоёр жилээр хасч, арга хэмжээ авсны дараа цахим ертөнцөд ‘#freePinto’ гэсэн хаштагтай хөдөлгөөн эрчимжсэн. Энэ бол “Манчестер Сити”-гийн санхүүгийн нууцыг ил болгосон португал эр Руи Пинтог дэмжиж буй хүмүүсийн үйлдэл юм.

2015 онд үл мэдэгдэх хакер “Манчестер Сити” клубын цахим хуудсыг хакердаж, үүнийгээ хэвлэлийнхэнд тараасан хэрэг гарчээ. Хожим сэжигтнийг Португал дахь гэрт нь баривчилсан юм. Гэрээсээ энэ бүхнийг үйлдсэн тэр хүн бол Руи Пинто гэгч.

Одоогоор Р.Пинто 90 гаруй хэрэгт буруутгагдаад нутгийнхаа шоронд дараагийн шүүх хурлаа хүлээгээд сууж буй. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сараас хойш торны цаана сууж байгаа юм.

Р.Пинто таван жилийн өмнө “Манчестер Сити”-гийн цахим шууданг хакердаад 70 сая материал, 3.4 терабайт мэдээллийг Германы хэвлэлд өгсөн юм. Тэрбээр хожим Германы хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Юу ч тохиолдож болохыг мэдэж байсан. Португалын хуулиар миний хийсэн үйлдэл буруутай болохыг гадарлаж байсан тулл үүнд бэлэн байх ёстой” гэж ярьжээ.

Хөлбөмбөг: “Манчестер Сити” клуб шийтгүүллээ

Английн “Манчестер Сити” клуб Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA)-ны санхүүгийн дүрэм зөрчсөн тул хоёр жил Аваргуудын лиг болон тус холбооноос зохион байгуулах бусад тэмцээнд оролцох эрхгүй боллоо.

Түүнчлэн 30 сая еврогийн мөнгөн торгууль төлөх болжээ. “Хотынхон” гэнэтхэн ийм явдалтай учирч байгаа хэрэг биш. Анх 2018 онд Германы сэтгүүл “Манчестер Сити”-г санхүүгийн дүрэм зөрчсөн хэмээн буруутгасан нийтлэл гарч байв. Тэр үеэс хойш асуудал маргаантай явсаар эцэстээ шүүхийн хаалга татсан.

  • 2018 оны XI сарын 5: Германы “Der Spiegel” сонинд “Манчестер Сити” болон тус клубыг ивээн тэтгэгч нарыг санхүүгийн дүрэм зөрчсөн талаарх баримттай мэдээллийг олон нийтэд анх хүргэжээ. Клубын эзэн Шейх Мансурыг их хэмжээний мөнгө багтаа зарцуулсан, хуурамч бичиг баримт үйлдэж, үүнийгээ нуусан тухай уг сонинд бичсэн юм.
  • 2019 оны III сар: Холбооноос санхүүгийн дүрмийг зөрчсөн эсэх асуудлаар шалгаж эхэлжээ. Хэвлэлд гарсан мэдээллийг нягталж үзэх шийдвэр гаргасан юм.
  • 2019 оны V сарын 13: “Нью Йорк Таймс” сонинд мэдээлснээр холбооны зүгээс томилсон албаныхан “Манчестер Сити” клубыг гэм буруутай гэж үзэн, хамгийн багадаа нэг жилээр эрх хасч магадгүй тухай мэдээлэв.
  • 2019 оны V сарын 16: Клубын зүгээс холбооны санхүүгийн хянан шалгах төвд хандав.
  • 2019 оны VI сар: “Хотынхон” уг асуудлаар спортын арбитрын шүүхэд гомдол гаргалаа.
  • 2019 оны XI сар: Шүүхээс мөрдөн байцаалтыг зогсоох шийдвэрийг гаргасангүй.
  • 2020 оны II сарын 12: Шүүхээс “Манчестер Сити” клубтэй холбоотой маргааны талаарх баримтуудыг ил болголоо. Түүнчлэн Бельгийн Ерөнхий сайд асан, одоо Европын хөлбөмбөгийн холбоонд алба хашиж буй Ив Летерм клубын нэхэмжлэлийг үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдсэнийг ч олонд танилцуулсан юм.
  • 2020 оны II сарын 14: “Манчестер Сити”-г хоёр жил тэмцээнд оролцох эрхийг нь хаслаа. Ингэснээр тэд Аваргуудын лигийн эрхээ авсан ч өрсөлдөх боломжгүй гэсэн үг. Түүнчлэн 30 сая еврогийн мөнгөн торгууль оноосон юм.

Хөлбөмбөг: Шигшээ багийг түр удирдах хүн томилогдлоо

Монголын Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 2017 оны 3-р сараас эхлэн ажилласан герман мэргэжилтэн Ханс Майкл Вайсс гурван жил үр бүтээлтэй ажилласны эцэст ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Энэ хугацаанд олон түүхэн амжилт гаргаж, хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан немц мэргэжилтнийг түр орлох хүнийг Монголын хөлбөмбөгийн холбоо зарлав.

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн түр орлон гүйцэтгэгчээр серб мэргэжилтэн Войслав Бралушич томилогдлоо.

Түүний хувьд 8 жилийн хугацаанд манай улсад ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд Эрчим, Дэрэн, Андууд Сити зэрэг клубт ажиллаж байв.

Монголын хөлбөмбөгийн холбоо