Category: Хөлбөмбөг

“Барселона”-гийн шинэ дасгалжуулагч Кике Сетьений тухай 8 баримт

Эрнесто Велвердегийн оронд “Барселона”-гийн дасгалжуулагчаар томилогдсон Энрике “Кике” Сетьен гэж хэн бэ?

Цагтаа “Реал Бетис” клубийг чамгүй амжилттай удирдсан К.Сетьений тухай 8 баримтыг сонирхуулья.

  1. Түүний спортын замнал элсний хөлбөмбөгөөр эхэлсэн. Элсний хөлбөмбөгөөр улсынхаа шигшээд багтаж байв.
  2. Залуудаа “Эл Маестро” хочтой байсан К.Сетьен “Расинг Сантандер” клубийн бахархал болсон тоглогчдын нэг. Одоогоор Испанийн хоёрдугаар дивизионы лигт данстай энэ клубт 12 жил зүтгэж, хожим 2001-2002 онд дасгалжуулагчаар ажиллаж байв.
  3. Тэрбээр тоглогч байхдаа одоогийн баг болох “Барселона”-гийн эсрэг 22 удаа талбайд гарч, 5 хожиж, 5 тэнцээд 12 ялагдсан үзүүлэлттэй. “Барселона”-гийн эсрэг хоёр удаа гоол оруулжээ.
  4. Харин дасгалжуулагч болоод Каталаны багийн эсрэг 7 удаа тоглож, нэг удаа хожсон гэнэ. 2018-19 оны улиралд Камп Ноуд хожил авчээ.
  5. Дасгалжуулагчийн замналдаа “Расинг Сантандер”, “Полидепортиво”, “Логроньес”, “Луго”, “Лас Палмас” болон “Реал Бетис” зэрэг дандаа нутгийнхаа багуудыг удирдсан даруухан түүхтэй нэгэн.
  6. Түүнийг “Камп Ноу”-д зочилсон нэгэн тоглолтын дараа “Барселона”-гийн тоглогч Серхио Бускетс хүндэлж явдгаа илэрхийлж, өөрийн гарын үсэгтэй өмсгөлөө дурсгал болгож байжээ.
  7. К.Сетьен “Барселона” болон Лео Мессиг дэмждэг гэдгээ үргэлж илэрхийлдэг байв. Л.Мессиг манай гаригийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин гэж ярьсан удаатай.
  8. Залуудаа хөлбөмбөгчин, одоо дасгалжуулагч болсон 61 настай энэ эр чөлөөт цагаараа шатар нүүх дуртай. Тэр ч бүү хэл шатрын дэлхийн аварга асан Анатоли Карпов, Гари Каспаров нартай шатар нүүж явсан туршлагатай гэнэ.

Туркийн нэрт довтлогч Хакан Шюкюр “Uber”-ийн жолооч болжээ

Туркийн шигшээ багт 112 тоглолт хийж, 51 гоол оруулсан Хакан Шюкюр 2011 онд одоогийн Ерөнхийлөгч Таийп Эрдоганы “Шударга ёс, хөгжил” намд элссэн ч үзэл бодлын зөрчилдөөн үүссэн тул хоёр жилийн дараа намаас гарсан билээ.

Хакан Шюкюр саяхан Германы “Welt am Sonntag” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа төрийн эргэлтэд оролцсон гэж буруутгагдсанаас хойш амьдрал нь тун хэцүү болсон талаар ярьжээ.

“Би хоосорсон. Т.Эрдоган миний бүх зүйлийг авсан. Эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, ажиллах боломж гээд бүх зүйлийг маань дээрэмдсэн” гэж 48 настай довтлогч онцолсон байна.

“Т.Эрдоганаас зайгаа барьсан цагаас хойш намайг сүрдүүлэх нь энгийн үзэгдэл болсон. Эхнэрийг маань дэлгүүрт явж байхад дайрч, хүүхдүүдийг маань доромжилсон. Аав маань шоронд орж, миний бүх эд хөрөнгийг хурааж авсан” гэж Хакан цааш нь үргэлжлүүлсэн юм.

Аргаа барсан Х.Шюкюр АНУ-ын Калифорниа муж руу нүүж, тэндээ кафе ажлуулж байсан ч үл таних этгээдүүд сүрдүүлэх болсон тул бизнес хийхээ больсон аж. Одоо тэр “Uber” тэрэг жолоодож, ном зарах болжээ.

Алтан бөмбөг: Х.Цэнд-Аюуш оны шилдэг хөлбөмбөгчин болов (Фото)

Монголын хөлбөмбөгийн холбоо жил бүрийн арванхоёрдугаар сарын 12-нд оны шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Өчигдөр тав дахь удаагаа зохион байгуулагдсан тус арга хэмжээний фото зургуудыг хүргэе.

Оны шилдгүүд:

Оны шилдэг эрэгтэй тоглогч: Х.Цэнд-Аюуш (Дэрэн)

Футзалын шилдэг тоглогч: П.Алтантулга (Унаганууд)

Оны шилдэг эмэгтэй тоглогч: О.Цасан-Охин (Дэрэн)

Шилдэг гоолын эзэн: Д.Шийрэвжамц (16 хүртэлх насны шигшээ баг)

Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч: Д.Лүмбэнгарав (Улаанбаатар сити)

Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч: Л.Банзрагч (Арвис)

Оны шилдэг шүүгч: Э.Галбадрах

Шилдэг өсвөрийн хөлбөмбөгчин: Д.Шийрэвжамц

Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал: “Дуулиан 2020”

Бэлгэдлийн XI

Хаалгач: Б.Ариунболд

Хамгаалагч: А.Дөлгөөн, Д.Төрбат, Г.Билгүүн, Н.Цэдэнбал

Хагас хамгаалагч: А.Нармандах, Х.Цэнд-Аюуш, Б.Төгсбилэг

Довтлогч: М.Жансерик, Н.Наранболд, О.Мижиддорж

Евро 2020: Болгарын дөрвөн хөгжөөн дэмжигчийг шийтгэлээ

Евро 2020″-ын урьдчилсан шатанд Английн хөлбөмбөгчид Болгарын талбайд зочилсон юм. Энэ үеэр Болгарын хөгжөөн дэмжигчид арьс өнгөний үзэл гаргасан нь их дуулиан дэгдээсэн билээ.

Болгарын хууль сахиулагчид арьс өнгөний үзэл гаргасан гэх дөрвөн хүнийг саатуулжээ. Улмаар хуулийн дагуу саатуулагдсан дөрвөн хүнийг 1000 болгар лев буюу ойролцоогоор 1.5 сая төгрөгөөр торгож, спортын тэмцээн үзэх эрхийг нь хоёр жилээр хасжээ.

Өнгөрсөн даваа гаригт болсон тоглолтын үеэр талбайн эзэн багийн хөгжөөн дэмжигчид бүдүүлэг авир гаргаж, арьс өнгөний үзэл гаргаснаар тоглолт хоёр ч удаа завсарлага авч, Английн хөлбөмбөгчид албаны хүмүүст гомдол гаргасан юм.

Энэ хэрэг явдлыг тойрсон дуулиан зөвхөн хөгжөөн дэмжигчдээр дууссангүй. Нэрээ нууцалсан нэгэн эх сурвалжийн мэдээлснээр бол Болгарын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан ажил байсан бололтой. Уг тоглолтын дараа тус улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Борислав Михайлов өөрийн хүсэлтээр огцорсон.

Английн шигшээ багийн довтлогч Рахем Стерлинг гол хохирогч нарын нэг

Болгарын хөлбөмбөгийн холбоо арьс өнгөний үзэл гаргасан явдал өмнө ч болж байв. 2011 онд Еввропын АШТ-ий урьдчилсан шатанд учраа таарсан Английн Эшли Янг, Эшли Коул, Тео Уолкетт нарыг болгар үзэгчид сармагчинтай зүйрлэж байсан удаатай.

Хөлбөмбөг: Гоолгүй бас үзэгчгүй тоглолт

“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатанд Өмнөд болон Хойд Солонгосын баг учраа таарсан нь спортын ертөнцөд төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан чухал үйл явдал байлаа.

Эхнээсээ л олны анхаарлыг татсан тус тоглолт харин 0:0-ээр өндөрлөсөн юм. Тэр ч бүү хэл нэг ч үзэгчгүй, хоосон цэнгэлдэхэд ганц ч гадны хэвлэл мэдээллийнхэн, телевизийн уран бүтээлчгүй явагдсан гэнэ. Тоглолтод аль нь илүү бөмбөг эзэмшсэн, хэдэн цохилт хаалга руу хийсэн гэх зэрэг мэдээлэл нь ч нууц. Хоёр талаас тус бүр хоёр тоглогч шар хуудас авснаас өөр мэдээлэл үгүй.

БНСУ-ын шигшээ баг

Уг тоглолтыг шууд үзэхээр онцгой зочин ирсэн байж магадгүй гэнэ. Тэр хүн бол Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Жанни Инфантино. Хэдийгээр Ерөнхийлөгчийн төлөвлөгөөнд уг тоглолтыг үзэх нь нэмэгдсэн боловч одоогоор уг тоглолтыг үзсэн эсэх нь тодорхойгүй, хэвлэлийн албаны зүгээс албан ёсоор батлаагүй байна.

Хэдийгээр үзэгчгүй тоглолт болсон хэдий ч 1990 оноос хойш анх удаа Умард Солонгост болж буй тоглолт гэдгээрээ чухал ач холбогдолтой, түүхэн үйл явдал боллоо. 1990 онд болсон нөхөрсөг тоглолтоос хойш тус хоёр баг нэг бус удаа учраа таарсан ч БНСУ-ын талбайд эсвэл гуравдагч орны нутагт зохиогдож байв. Тодруулбал, 2010 онд ДАШТ-ий урьдчилсан шатанд хоёр баг учраа таарахад Хойд Солонгосын нутагт болох ёстой тоглолтыг БНХАУ-ын Шанхайд зохион байгуулсан билээ.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жанни Инфантино, Хойд Солонгосын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Ян Сан

Хойд Солонгосчууд өөрийн нутагт болох тоглолтыг үзэхээр санаархсан хөрш орны хөгжөөн дэмжигчдэд зөвшөөрөл өгөөгүй. БНСУ-ын хөлбөмбөгийн холбооны төлөөлөгчид чухам яагаад зөвшөөрөл олгоогүй талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй гэж мэдэгдсэн юм. Харин уг тоглолтыг бүр ямар ч үзэгчгүй зохион байгуулсан нь олны анхаарлыг багагүй татав.

Өмнөд Солонгосын зүгээс хоёр төлөөлөгч уг тоглолтыг шууд үзсэн аж. Гэхдээ тэд тоглолтын талаарх мэдээллийг шууд дамжуулахад тун төвөгтэй нөхцөлд ажилласан гэнэ. Учир нь интернэтийн хурд тун муу байсан тул ажлаа хийхэд хэцүү байсан бололтой.

Хөлбөмбөг: Монгол 1:2 Киргиз

Монголын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал 57 дахь минутад торгуулийн цохилтоор гоол оруулсан юм.

“Катар 2020” хөлбөмбөгийн ДАШТ-ий Ази тив дэх урьдчилсан шатны “F” хэсгийн Киргиз болон Монголын шигшээ баг өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд учраа таарлаа.

Киргизийн шигшээ баг дэлхийн чансааны 97-д жагсдаг

Тус хоёр баг өмнө нь 2007 онд учраа таарч, Киргизийн шигшээ баг 3:1-ээр хожиж байв. Урьдчилсан шатанд Тажикстаны багт 1:0-ээр хожигдсон ч Мьянмарыг 7:0-ээр илүүрхсэн Киргизийн баг энэ удаагийн тоглолтод 2:1-ээр илүүрхлээ.

Монголын шигшээ баг дэлхийн чансааны 183-т бичигдэж байна

Эхний үеийн 13 дахь минутад Киргизийн Гулжигит Алыкулов гоолын салхийг хагаллаа. Беларусийн “Неман” клубт зүтгэдэг энэ залуу дөнгөж 18 настай аж. Улмаар эхний хагас өндөрлөхөөс гурван минутын өмнө нутгийнхаа “Дордой” клубийн довтлогч Мирлан Мурзаев тооны харьцааг холдуулав.

Н.Цэдэнбалын торгуулийн цохилт

Харин хоёрдугаар үеийн 57 дахь минутад Монголын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал торгуулийн цохилтоо оновчтой гүйцэтгэснээр тооны харьцааг ойртуулсан. Харамсалтай нь, үүнээс хойш дахин гоол оруулж чадсангүй. Ийнхүү Киргизийн шигшээ баг 6 оноотойгоор хэсэгтээ зургадугаарт жагсаж эхэлсэн бол монголчууд гурван оноотой дөрөвдүгээр байранд явна.

Жанни Инфантино маргааш Монголд ирнэ

Энэ сарын 16-нд буюу маргааш Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жанни Инфантино Монголд ирнэ.

Монголын хөлбөмбөгийн холбооны тэргүүн А.Ганбаатарын урилгаар Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жанни Инфантино маргааш манай улсад ирэхээр болжээ. Тэрбээр өмнө нь 2013 онд Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа холбооныхоо тэргүүн асан Мишель Платинигийн хамт Монголд ирж байсан билээ.

Ж.Инфантино МХХ-ны одоогийн үйл ажиллагаа болон “FIFA Forward” төслийн хэрэгжилтийг бодитоор харах, дээрх төслийн хүрээнд Шинэ Яармагт баригдсан ногоон талбайн нээлтэд оролцох, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах зэрэг олон ажлыг амжуулахаар төлөвлөсөн талаар МХХ-ны хэвлэлийн алба мэдээлэв.

Жанни Инфантино 2016 оноос хойш FIFA-гийн тэргүүнээр ажиллаж буй

Ж.Инфантино ойрын өдрүүдэд Ази тивээр айлчлал хийж буй. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Бангладеш, Ливанд зочилсон тэрбээр өнөөдөр БНАСАУ буюу Умард Солонгост болох Өмнөд, Хойд Солонгосын тоглолтыг үзэх аж. Сонирхуулахад, хоёр Солонгосын тоглолтыг аль ч улсын телевизээр шууд дамжуулахгүй гэдгийг мэдэгдсэн. Тэр ч бүү хэл Өмнөд Солонгосоос нэг ч хөгжөөн дэмжигч очоогүй, гадны хэвлэл мэдээллээс ч сурвалжлагчид очихгүй аж.

К.Роналду 700 гоолтой боллоо

Португалын шигшээ багийн ахлагч Криштиану Роналду өнгөрсөн шөнө Украины эсрэг гоол оруулснаар замналдаа 700 гоолтой болов.

Өдгөө 34 настай довтлогч эр Украины эсрэг тоглолтын 72 дахь минутад торгуулийн цохилтоор гоол оруулсан. Харамсалтай нь, Португалын шигшээ баг Украинд 2:1-ээр дийлдсэн юм. Талбайн эзэд тун чухал тоглолтод хожсоноор Евро 2020-д оролцох эрхээ авлаа.

К.Роналду нийт 973 тоглолтод оролцож, 700 гоолтой болсон юм. Шигшээдээ 95 гоол оруулсан үзүүлэлтээр бүх цаг үед хоёрдугаарт бичигдэж байна. Одоогоор түүний урд Ираны алдарт хөлбөмбөгчин Али Дайегийн 109 гоолтойгоор тэргүүлж буй.

Алдартнуудын эгнээнд

Хөлбөмбөгийн үзүүлэлтээр дагнасан нэгэн байгууллагын гаргасан судалгаагаар замналынхаа турш К.Роналдугаас олон гоол оруулсан таван хөлбөмбөгчин бий. Тэднийг Чех болон Австрийн шигшээд зүтгэж байсан Йозеф Бицан 805 гоолтойгоор тэргүүлдэг. Түүний дараа Бразилын довтлогчид болох Ромарио 772, Пеле 767 гоол тэмдэглүүлжээ.

ТоглогчУлсКлубГоолХугацаа
Йосеф БицанЧех/АвстриРапид Вьена, Слава Праг8051931-1955
РомариоБразилВаско да Гама, ПСВ, Барселона7721985-2007
ПелеБразилСантос, Нью-Йорк Космос7671957-1977
Ференц ПушкашУнгарБудапешт Хонвейд, Реал Мадрид7461943-1966
Герд МюллерГерманБайерн Мюнхен7351962-1981
Криштиану РоналдуПортугалСпортинг, Ман-Юнайтед, Реал Мадрид, Ювентус7002002-Одоог хүртэл

Бусад баримтууд

Роналду Швед зэрэг дөрвөн багийн эсрэг таван гоол оруулжээ

Португал эр Испанийн “Реал Мадрид” багт зүтгэхдээ 450 гоол оруулсан юм. Түүнчлэн Английн “Манчестер Юнайтед” багийн бүрэлдэхүүнд 118 гоол оруулсан үзүүлэлттэй. Шигшээдээ нийт 95 гоол өөрийнхөө нэр дээр тэмдэглүүлсэн нь бүх цаг үед тэргүүлэхэд хангалттай тоо аж. Түүний дараа Паулета 47 гоолтойгоор удаалдаг.

Португалын өмсгөлтэй Андорра, Армени, Латви болон Шведийн эсрэг таван гоол оруулсан. Эстони, Фарерын арлууд, Унгар, Литви, Люксембург, Нидерландын эсрэг дөрвөн гоол оруулсан боловч Франц, Герман, Итали болон Английн эсрэг гоолдож байгаагүй.

Клубийн хувьд “Севилья” (27), “Атлетико Мадрид” (25), “Гетафе” (23), “Селта Виго” (20), “Барселона” (18) гэх багуудад Роналду хамгийн олон гоолоо оруулжээ.

Серхио Рамос шигшээдээ 168 дахь тоглолтоо хийлээ

“Реал Мадрид” клубийн туршлагатай хамгаалагч Серхио Рамос шигшээдээ 168 дахь тоглолтоо хийлээ.

“Евро 2020”-ын урьдчилсан шатанд Испани, Норвегийн шигшээ баг 1:1-ээр эвийн гэрээ байгуулсан. Тус тоглолтод оролцсон Испанийн шигшээ багийн хамгаалагч С.Рамос үндсэн багт 168 дахь тоглолтоо хийжээ. Ингэснээр С.Рамос шигшээдээ хамгийн олон тоглолтод оролцсон испани тоглогч болсон юм. Түүнээс өмнө нэрт хаалгач Икер Кассильяас 167 тоглолтод оролцсон амжилтаар тэргүүлж байв.

Өдгөө 33 настай С.Рамос 2005 оноос хойш шигшээдээ үнэнч зүтгэж буй. Энэ хугацаанд дэлхийн болон тивийн аварга болж, Испанийн шигшээгийн алтан үед багтаж байв.

Сонирхуулахад, бүх цаг үед Египетийн Ахмед Хассан 16 жилийн хугацаанд шигшээ багтаа 184 тоглолт хийсэн үзүүлэлтээр тэргүүлдэг. Харин Европ тивийн тоглогчдоос Италийн хаалгач Жианлужи Буффон 20 жилд 176 тоглолтод оролцсон аж. С.Рамосын хувьд Еквадорын Иван Хуртадогийн хамт бүх цаг үеийн есдүгээрт бичигдэж байна.

Гоолын бороо орсон өдөр

“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий Ази дахь урьдчилсан шатны гурав дахь тулаанууд боллоо.

Гурав дахь тойргийн тоглолтууд:
(10 сарын 10)

Хэсэг А: Сири 2:1 Мальдив, БНХАУ 7:0 Гуам
Хэсэг Б: Австрали 5:0 Балба, Йордан 0:0 Кувэйт
Хэсэг С: Иран 14:0 Камбож, Ирак 2:0 Хонконг
Хэсэг Д: Саудын Араб 3:0 Сингапур, Узбекистан 5:0 Йемен
Хэсэг Е: Оман 3:0 Афганистан, Бангладеш 0:2 Катар
Хэсэг Ф: Япон 6:0 Монгол, Кыргыз 7:0 Мьянмар
Хэсэг Ж: Арабын Нэгдсэн Эмират 5:0 Индонез, Вьетнам 1:0 Малайз
Хэсэг Х:
Ливан 2:1 Туркменистан, БНСУ 8:0 Шри Ланка

Өчигдөр ДАШТ-ий урьдчилсан шатны зургаан тоглолт явагдаж, гэрийн эзэн багууд өрсөлдөгчөө олон гоолын зөрүүгээр “гомдоосон” олон тоглолт боллоо. Австрали, Япон, БНСУ, Иран зэрэг тивийн томоохон төлөөлөгчид учраагаа багадаа таван гоолын зөрүүгээр ялсан. Иранчууд нутагтаа Камбожийг хүлээн авч, 14:0-ээр бут ниргэлээ.

Япон 6:0 Монгол
Гоол: Такүми Минамино (22), Маяа Ёшида (29), Юто Нагатомо (34), Кэнсүкэ Нагаль (40), Ватарү Эндо (57), Дайчи Камада (82)


Одоогоос 55 жилийн өмнө буюу 1964 оны аравдугаар сарын 10-нд Токиогийн олимп хөшгөө нээж байв. Хагас зуун жилийн дараах яг энэ өдөр “Катар 2022”-ын урьдчилсан шатны тоглолт Японд болсон юм.

Энэ тоглолт Японы шигшээ багийн 2020 он хүртэл албан ёсны тоглолтоо хийх гэрээтэй “Сайтама 2002” цэнгэлдэхэд боллоо. 2001 оны аравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн тус цэнгэлэдэхэд 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ болсноос гадна 2020 оны олимпийн хөлбөмбөгийн зарим тоглолт зохион байгуулахаар төлөвлөж буй. Японы шигшээ багаас гадна “Урава Рэд Даймондс” багийн гэр аж.

Нийт 63,700 хүний суудалтай тус цэнгэлдэхэд болсон Япон, Монголын тоглолтыг шууд үзэж сонирхохоор 43,122 хүн цугласан. Эхний 20 минутад хоёр баг гоол оруулж чадаагүй. Харин 22 дахь минутад гоолын салхийг хагалж, Австрийн “Рэд Булл Зальцбург” багийн хагас хамгаалагч Такүми Минамино анхны гоолыг оруулав. Өдгөө 24 настай Т.Минаминогийн шигшээдээ хийсэн найм дахь гоол гэнэ. Тэрбээр өнгөрсөн сард Мьянмарын хаалгыг бас мялаасан билээ.

Үүнээс хойш нэг их удалгүй Английн “Саутхэмптон” клубт данстай хамгаалагч Маяа Ёшида тооны харьцааг холдуулав. Шигшээдээ 2010 оноос хойш хүчин зүтгэж буй 31 настай япон эр улсынхаа төлөө 98 тоглолтод оролцож, 11 дэх гоолоо оруулсан нь энэ юм.

Гурван минутын дараа Японы өөр нэгэн туршлагатай хамгаалагч болох Юто Нагатомо гоолдов. Өнгөрсөн сард 33 нас хүрсэн Ю.Нагатомо шигшээдээ 120 дахь тоглолтоо хийлээ. Одоогийн байдлаар Японы шигшээд хамгийн олон тоглолт хийсэн гурав дахь тоглогч юм.

Эхний хагас өндөрлөхөөс таван минутын өмнө “ФС Токио” багийн довтлогч Кэнсүкэ Нагай тооны харьцааг 4:0 болгов.

https://youtu.be/If-p4SPVqA4

Хоёрдугаар хагасын 57 дахь минутад булангаас ирсэн бөмбөгийг Ватарү Эндо мөргөж оруулсан. Одоогоор Германы “Штутгарт” клубт зээлээр тоглож буй В.Эндо шигшээдээ 21 тоглолт хийсний эцэст анх удаа гоолдсон юм.

Тоглолтын эцсийн цэгийг 82 дахь минутад Бельгийн лигт данстай Дайчи Камада тавилаа. Өдгөө 23 настай Д.Камада энэ жилээс шигшээдээ багтаж, гурав дахь тоглолтоо хийгээд анхны гоолоо орууллаа.

Монголын шигшээ багийн сугалааны тухай

Малайзын нийслэл Куалу Лумпур хотод өчигдөр Катар 2022 болон 2023 оны Азийн АШТ-д оролцох багуудын хоёрдугаар шатны сугалаа явагдлаа. Тивдээ чансаагаар тэргүүлдэг 34 баг болон эхний шатыг амжилттай давсан зургаан баг тус сугалаанд оролцсон юм.

Сугалаа

Монголын хөлбөмбөгчид “F” хэсэгт багтлаа

Манай хөлбөмбөгчид “F” хэсэгт буюу Япон, Хиргис, Тажик, Мьянмар зэрэг улстай нэг хэсэгт багтжээ. Японы шигшээ баг дэлхийн чансааны 28-д, тивдээ хоёрдугаарт бичигддэг. “Хөх самурайнууд” ДАШТ-д зургаан удаа оролцсон, үүнээс гурван удаа хэсгээсээ шалгарсан нь хамгийн дээд амжилт. Түүнчлэн тивийнхээ аваргаар дөрвөн удаа шалгарсан билээ (1992, 2000, 2004, 2011).

Хиргисийн шигшээ багийн тухайд өмнө нь ДАШТ-д оролцож байгаагүй. Энэ жил тивийн аваргад анх удаа оролцоод шөвгийн 16-д шалгарсан. Ак шумкарлар буюу цагаан харцаганууд хочтой. Өнгөрсөн жил дэлхийн чансааны 75-д бичигдсэн нь тус багийн хувьд дээд амжилт нь байв.

Хуваарь

Монгол – Мьянмар (9 дүгээр сарын 5) – Улаанбаатар

Монгол – Тажик (9 дүгээр сарын 10) – Улаанбаатар

Япон – Монгол (10 сарын 10) – Токио

Монгол – Хиргис (10 сарын 15) – Улаанбаатар

Мьянмар – Монгол (11 сарын 19) – Неймьидо

Тажик – Монгол (3 сарын 26) – Душанбе

Монгол – Япон (3 сарын 31) – Улаанбаатар

Хиргис – Монгол (зургадугаар сарын 4) – Бишкек

Сугалааг бүтнээр нь үзэх

Дараагийн шат

“Катар 2022” болон 2023 оны тивийн аваргад оролцох эрхийн төлөө шар тивийн 45 улс, ногоон тивээс Австрали өрсөлдсөн. Чансаа багатай 12 баг эхний шатанд өрсөлдөөд ялсан зургаан баг нь хоёрдугаар шатанд чансаа илүү 34 багийн хамт өрсөлдөх юм.

Хоёрдугаар шатанд найман хэсэгт хуваагдсан бөгөөд хэсэг тус бүрээ тэргүүлэгчид нь шууд гуравдугаар шатанд өрсөлдөх эрх аваад зогсохгүй Азийн АШТ-д оролцох эрхээ шууд авна. Харин хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн багуудаас хамгийн өндөр амжилттай дөрвөн баг нь гуравдугаар шатанд өрсөлдөх эрхээ тивийнхээ аваргын тийзтэй хамт “захиалах” бол үлдсэн дөрвөн баг нь Азийн АШТ-д оролцох эрхийн төлөөх гуравдугаар шатанд өрсөлдөх юм. Харин хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн бол Азийн АШТ-д оролцох эрхийн төлөө гуравдугаар шатанд өрсөлдөнө. Харин дөрөв болон тавдугаар байр эзэлсэн бол тивийнхээ аваргад оролцох эрхийн төлөөх нэмэлт тоглолт хийнэ.

Дуулиан: Хуурамч Мессигийн амь насанд заналхийлэх болжээ

Хуурамч Мессиг жинхэнэ гэж андуурсан 23 бүсгүйг хуурч, учир ургуулсан тухай мэдээллийг Реза Паратеш эрс няцаажээ.

Аргентины нэрт хөлбөмбөгчин Лионель Месситэй адилхан дүр төрхтэй хүн Иранд бий. “Хуурамч Месси” гэдгээрээ хөлбөмбөгчнөөс ч дутахааргүй алдартай болсон Реза Паратешийг энэ дүр төрхөө ашиглаж, 23 бүсгүйтэй учир ургуулсан тул шүүхэд дуудагдсан талаар худал мэдээлэл тархсан гэж өөрийн цахим хуудсандаа мэдээлэв.

“Хэрвээ дээрх мэдээлэл үнэн бол би одоо шоронд байх ёстой. Гэхдээ энэ бол худлаа мэдээ. Би хуулийн дагуу амьдардаг хүн тул нэрээ цэвэрлэхийг хүсэж байна” гэж Реза инстаграм хуудсандаа хийсэн видео бичлэгтээ онцолжээ.

Хөлбөмбөгчин эртэй адил дүр төрхтэй гэдгээрээ бахархдаг Резад охидыг ашигласан гэх хуурамч мэдээллээс болоод багагүй дарамт ирэх болжээ. Зарим муслим шашинтай иргэд түүний амь насанд халдах талаар заналхийлэх боллоо гэж иран эр ярьсан юм.

Р.Паратеш цахим орчинд багагүй нөлөөтэй хүн. Түүний инстаграм хуудсыг 700 мянга шахам хүн дагадаг. Ираны нийслэл Тегеранд амьдардаг Реза хагас цагаар загвар өмсөхөөс гадна инженерийн мэргэжлээр суралцдаг аж.