Category: Хөлбөмбөг

Африкийн үндэстний цом тэмцээнийг Египет улс зохион байгуулна

Африкийн хөлбөмбөгийн холбоо “Африкийн Үндэстний цом” тэмцээнийг зохион байгуулагч улсаар Египетийг зарлав.

Африкийн хөлбөмбөгийн холбооноос энэ оны Үндэстний цом тэмцээнийг хаана зохион байгуулах асуудлаар санал асуулга явуулж, Египетийг сонголоо. Тэдэнтэй Өмнөд Африк улс өрсөлдсөн юм.

Энэ тэмцээнийг зохион байгуулах улсаар анх Камерун тодорсон. Харамсалтай нь, бэлтгэл ажил зохих түвшинд хийгдээгүй тул өнгөрсөн арваннэгдүгээр сард эрхийг нь цуцалсан гэнэ.

Хоёр жилд нэг удаа болдог Африкийн цомын тэмцээн ирэх зургадугаар сарын 15-наас, долдугаар сарын 13-нд зохиогдох юм. Энэ тэмцээнийг анх 1957 онд Судан улсад зохион байгуулж, Египет түрүүлсэн түүхтэй. Үүнээс хойш 14 улсын баг түрүүлсэн. Египет улс долоон удаа цом өргөсөн амжилтаар бусдыгаа манлайлдаг аж.

Египетчүүд хамгийн сүүлд 2010 онд түрүүлсэн юм. Тэд хоёр жилийн өмнөх тэмцээнд аваргын төлөө шалгарсан ч Камерунд ялагдсан билээ.

Азийн АШТ-ий талаар бүх мэдээлэл

Хөлбөмбөгийн Азийн АШТ 1956 оноос хойш дөрвөн жил тутамд нэг удаа зохиогдох болсон билээ. Тивийн хэмжээний тэмцээний хувьд зөвхөн Копа Америкагийн дараа орох “хөгшин” тэмцээн юм.

Арабын Нэгдсэн Эмират улсад 20 гаруй хоног хөлбөмбөгөөр амьсгална. Шар тивийнхэн арабын хойгт чуулах тус тэмцээнд энэ удаа 24 баг өрсөлдөх болжээ. Өмнө нь 16 баг өрсөлддөг байв.

2019 оны тивийн АШТ

  • Арабын Нэгдсэн Эмират улс (дөрвөн хотын найман цэнгэлдэхэд болно.)
  • Нэгдүгээр сарын 5 – Хоёрдугаар сарын 1
Тэмцээний сугалаа

Тивийн аваргууд

1956 оноос хойш 17 удаа зохиогдоход хамгийн олон түрүүлсэн баг бол Японы шигшээ баг. Шинжи Оказаки, Шинжи Кагава нарт багаа даатгасан наран улсын баг дөрөв түрүүлсэн (1992, 2000, 2004, 2011) бол Саудын Араб (1984, 1988, 1996), Ираны (1968, 1972, 1976) шигшээ баг тус гурван удаа манлайлсан. БНСУ-ын баг хоёр удаа (1956, 1960) түрүүлж, Израиль (1964), Кувэйт (1980), Австрали (2015), Ирак (2007) тус бүр нэг удаа өнгөлжээ.

Өмнөх тэмцээний аварга

Дөрвөн жилийн өмнө буюу 2015 онд австраличууд түрүүлсэн. Ногоон тивийн төлөөлөл 2004 оноос хойш шар тивд хүч үзэх болж, дөрвөн жилийн өмнө түрүүлснээс гадна 2011 онд мөнгөн медаль хүртсэн билээ. Массимо Луонго, Трент Сайнсбури, Мат Райан зэрэг 2015 онд тодорсон тоглогчид одоог хүртэл багтаа зүтгэж буй.

Удтал хүлээсэн хүсэл

Өнгөрсөн жил ОХУ-д болсон хөлбөмбөгийн ДАШТ-д шар тивийн төлөөллүүд давгүй амжилттай оролцсон. БНСУ, Ираны шигшээ багийн хувьд тивдээ түрүүлэх хүслийг олон жил тээж яваа. Анх тивийнхээ хошой аваргаар тодорсон БНСУ-ын баг 1960 оноос хойш 59 жил аваргын бараа хараагүй бол “Персийн арслангууд” 1976 оноос хойш тивдээ түрүүлээгүй юм.

Ираны эмэгтэй дэмжигчид

Анхдагчид

Кыргыз, Филиппин, Йемен улс анх удаа тоосоо өргөж буй. Дөрвөн жилийн өмнө анх удаа хүч сорьсон Палестин, 2000 онд нутагтаа зохион байгуулсныг эс тооцвол Ливан, 1984 онд анх удаа оролцоод сураггүй болсон энэтхэгүүд түүхийн хуудсаа зузаалав.

Дасгалжуулагчид

Азийн АШТ-д оролцож буй 24 багаас ердөө дөрөв нь нутгийнхаа мэргэжилтний удирдлага дор оролцож байна. Итали мэргэжилтэн Марсело Липпи (БНХАУ), Альберто Заккерони (Арабын Нэгдсэн Эмират), Сербийн иргэншилтэй Милован Раевац (Тайланд), Швед хүн Свен Горан Эрикссон (Филиппин), аргентин мэргэжилтэн Эктор Купер (Узбекистан), нидерланд дасгалжуулагч Пим Вербек (Оман) нарыг дурдаж болно. Харамсалтай нь, эхний тоглолтод Энэтхэгт 4:1-ээр хожигдсоны дараа Тайландын дасгалжуулагч М.Раевац ажлаасаа халагдсан аж.

5

Узбекистаны ахмад хаалгач Игнати Нестеров энэ удаагийн тэмцээнд хаалгаа манавал таван тэмцээн дараалан оролцсон цор ганц тоглогч болно.

Хөлбөмбөг: Уэйн Руни олон нийтийн газар согтуурхав

Английн шигшээ багийн ахлагч асан Уэйн Руни өнгөрсөн онд цагдаагийнханд саатуулагдсан гэнэ. Энэ талаарх мэдээллийг тухайн үед нууцалсан аж.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд Виржиниа муж улсад түүнийг саатуулсан гэнэ. Түүний шүүх хурал өнгөрсөн ням гаригт болсон бөгөөд энэ үеэр англи эрийг хууль зөрчсөн болохыг нь сэтгүүлчид мэдсэн юм.

У.Руни баривчлагдах үедээ

Тэрбээр олон нийтийн газар согтууруулах ундаа хэрэглэж, агсам тавьсан тул саатуулагдсан бололтой. Тодруулбал, нисэх онгоцны буудал дээр зохисгүй авир гаргасан тул цагдаагийнхан түр саатуулсан гэнэ. Харин У.Рунигийн танхайрсан үйлдэлд шүүх 25 ам.долларын торгууль оноож, нэмээд шүүх ажиллагааны төлбөр болох 91 “ногоон” төлөхийг шаардсан байна.

Английн шигшээгийн тоглогч хар тамхи хэрэглэсэн үү

Английн хөлбөмбөгийн холбоо хэвлэлд гарсан мэдээллийн дагуу тамирчдаас мэдүүлэг авна.


Өнгөрсөн баасан гаригийн “Sun” сонины тэргүүн нүүрэнд гарсан мэдээллийг Английн хөлбөмбөгийн холбоо шалгана гэдгээ мэдэгдэв. Уг сонинд бичсэнээр бол Зул сарын баяраа тэмдэглэж байсан нэгэн клубийн тоглогч шөнийн клубийн бие засах өрөөнд кокаин хэрэглэж байгаад дасгалжуулагчдаа баригдаж, гэртээ харьсан аж.

Гэхдээ уг сонин Английн шигшээгийн тоглогч хэмээн онцолсон болохоос нэрийг нь зарлаагүй. Тиймээс тус улсын хөлбөмбөгийн холбоо болсон үйл явдлын мөрөөр тамирчид болон гэрч нараас мэдүүлэг авахаар төлөвлөсөн гэнэ.

WADA буюу Олон улсын допингийн эсрэг агентлагаас гаргасан хар жагсаалтад тэмцээнээс бусад үед кокаин хэрэглэсэн бол эрх хасах заалт байхгүй. Гэхдээ хөлбөмбөгийн холбооны дотоод журмаар хориглодог аж.

Сонинд бичсэнээр бол одоогоор нэр нь нууцлагдсан тоглогч өмнөх өдөр нь допингийн шинжилгээ өгсөн бололтой.

Английн Премьер лигт допингийн шинжилгээг хэрхэн авдаг вэ?


  • Премьер лигийн тоглогчид шаардлагатай бол хэдийд ч допингийн шинжилгээ өгнө.
  • Холбооны дүрэмд зааснаар бол допингийн шинжилгээг бэлтгэл дээр авдаггүй. Гэрт нь очиж авахаар бол тухайн тоглогчид нэг цагийн өмнө урьдчилж мэдэгдэх ёстой аж.
  • Клубийн зүгээс бэлтгэлтэй өдрөө заавал холбоонд мэдэгдэж байх ёстой.
  • Английн хөлбөмбөгийн холбоо энэ улирал дуусах үеэр багадаа 4500 гаруй допингийн шинжилгээ авахаар төлөвлөсөн.
  • Гэхдээ Премьер лигт тоглож байсан нэгэн довтлогч улиралд ердөө нэг удаа допингийн шинжилгээ өгч байсан талаар ярьсан нь олон нийтийг шуугиулсан юм.
  • Кокаин буюу мансууруулах бодис хүний цусанд хоёр өдөр, харин шээсэнд дөрвөн өдөр хадгалагддаг.
  • Гэхдээ үсний шинжилгээгээр сүүлийн 90 өдөрт хар тамхи хэрэглэсэн эсэхийг нь илрүүлдэг.

“Челси”-гийн хөгжөөн дэмжигч цэнгэлдэхэд орох эрхээ гурван жилээр хасуулав

Английн “Челси” клубийн дэмжигч, 20 настай Жорж Брэдли хэмээх залууг ижил хүйстнүүдийг доромжилсон хэмээн цэнгэлдэхэд хөлбөмбөг үзэх эрхийг нь гурван жилээр хаслаа.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд “Челси” клуб “Брайтон”-ы талбайд зочлох үеэр Жорж Брэдлиг ижил хүйстэн хөгжөөн дэмжигчийг ялгаварлан гадуурхсан, үг хэлээр доромжилсон үйлдэлд нь шийтгэл оноожээ. Түүнийг цэнгэлдэхэд хөлбөмбөг үзэх эрхийг нь гурван жилээр хасч, 965 фунтаар торгосон байна.

“Челси”-гийн хөгжөөн дэмжигчид арьс өнгөний болон ялгаварлан гадуурхах зэргээс болж тоглолт үзэх эрхээ хасуулсан анхны тохиолдол энэ биш юм. Өмнө нь “Манчестер Сити”-гийн довтлогч Рахем Стерлингийг доромжилсон тул тус багийн дөрвөн хөгжөөн дэмжигч хайртай багийнхаа тоглолтыг цэнгэлдэхэд үзэх эрхгүй болсон билээ.

Кристиан Пулишич хамгийн өндөр үнэ хүрсэн Америк тоглогч боллоо

Английн “Челси” клуб “Борусси Дортмунд”-ын залуу од Кристиан Пулишичийг 64 еврогоор авлаа.

Өдгөө 20 настай америк залууг Английн “Ливерпуль”, “Арсенал” клуб сонирхож байсан ч “Челси” өөрийн болгосон юм. АНУ-ын шигшээ багт ДАШТ-ий урьдчилсан шатанд гоол оруулсан хамгийн залуу тоглогч (17 нас, 349 хоног) болж байсан К.Пулишич америк тоглогчдоос хамгийн өндөр үнэ хүрсэн хөлбөмбөгчин боллоо. Түүнээс өмнө 2017 онд Жон Бруксийн төлөө “Вольфсбург” 20 сая еврог төлсөн нь дээд үнэ байв.

Гэхдээ К.Пулишич шууд Англи руу явахгүй. Түүнийг ирэх зун хүртэл “Борусси Дортмунд” зээлээр ашиглаж байгаад Лондон руу явуулахаар болжээ.

К.Пулишич залуугаасаа тодорсон хөлбөмбөгчин. Тэрбээр 17 нас хүрээд Германы Бундес лигт анхны тоглолтоо хийсэн бол үүнээс хоёр сарын дараа шигшээгийнхээ дуудлагыг хүлээн авсан билээ. Харин одоогоор “Борусси Дортмунд”-ын төлөө 81 тоглолтод оролцсон. Үүнээс 20 нь Аваргуудын лигийн тоглолт байв.

Түүний Германы багтай хийсэн гэрээ нь 2020 онд дуусах байлаа.

Кристианы өвөө Мате Пулишич Хорватын иргэншилтэй. Харин эцэг нь АНУ-д ажиллаж амьдарч байхдаа хүү нь төржээ. Тиймээс АНУ-ын иргэншилтэй ч Кристиан Германд тоглох болсноор Хорватын давхар иргэншилтэй болсон юм. Аав нь мэргэжлийн футзалын хөлбөмбөгчин байсан ч хожим дасгалжуулагчаар ажиллах болсон юм. Харин Кристиан хөлбөмбөгийн ур чдадвараа хөгжүүлэхээр долоон настайгаасаа Англид суурьшсан ч удалгүй эцэг дээрээ эргэн ирж, төрөлх нутагтаа хөлбөмбөгийн “боловсрол” эзэмшсэн аж.

Хорватын иргэншилтэй болсон үед нь шигшээ багт тоглох урилга илгээсэн ч тэр татгалзаж, харин АНУ-ын багтаа зүтгэх шийдвэр гаргасан билээ.

Дэлхийн хүн амын хагас нь ДАШТ-ийг үзсэн

Өнгөрсөн зургадугаар сарын 14-ноос долдугаар сарын 15-нд хүртэл бүтэн сарын хугацаанд дэлхийн хүн амын хагас нь хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд үзсэн гэх тооцоог мэргэжилтнүүд хийжээ.

Дөрвөөс дээш насны 3 тэрбум 572 сая хүн ДАШТ-ийг зурагт, онлайн болон бусад хэрэгсэл эсвэл цэнгэлдэхэд шууд тоглолтыг хүлээн авч үзсэн хэмээн тэд тооцоо гаргажээ. Өнгөрсөн баасан гаригт FIFA-гийн мэдээлснээр Франц болон Хорватын шигшээ багийн тоглолтыг 1.12 тэрбум хүн үзэж сонирхсон аж.

Энэ нь 2014 оныхтой харьцуулахад 10.9 хувиар нэмэгдсэн гэнэ. 

Одод: Клиан Мбаппе 20 нас хүрлээ

Францын залуу од Клиан Мбаппе өнөөдөр 20 нас хүрлээ. Францын Парис хотод 1998 оны арванхоёрдугаар сарын 20-нд мэндэлсэн залуу эр хэдийнэ дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг болжээ. Түүний талаарх сонирхолтой тоон баримтыг хүргэе.

145 сая евро


Энэ бол “ПСЖ” клубийн “Монако”-гоос түүнийг худалдаж авсан мөнгөн дүн. Гэрээнд заасан ёсоор энэ дүн 180 сая евро ч болох боломжтой. Түүний урд хамгийн өндөр үнэтэй ганцхан хөлбөмбөгчин бий. Тэр бол нэг багийн хамтрагч Нэймар (222 сая евро) юм. Харин К.Мбаппе өсвөр насандаа хамгийн өндөр үнэ хүрсэн хөлбөмбөгчин. Түүний ард “Монако”-гоос “Манчестер Юнайтед”-ийг 49.3 сая еврогоор зорьсон Антони Марсиаль жагсдаг.


60 жил


Килиан Мбаппе Аргентинийн эсрэг хийсэн тоглолтод хоёр гоол оруулснаар өсвөр насандаа ийм үзүүлэлт хийсэн тав дахь тоглогч болсон юм. Хамгийн анх 1930 онд Мексикийн Мануэль Росас, 1934 онд Германы Эдмунд Конен, 1958 онд Бразилын Хосе Алтафини болон Пеле нар 20 хүрээгүй үедээ ДАШТ-ий нэг тоглолтод хос гоолын эзэн болж байлаа. Түүнчлэн К.Мбаппе 1998 онд Майкл Оуэн дөрвөн тоглолтод хоёр гоол оруулснаас хойш өсвөр үедээ хамгийн олон гоол оруулсан тоглогч болсон билээ.

MOSCOW, RUSSIA – JULY 15: Kylian Mbappe of France celebrates with his Best Young Player Award following the 2018 FIFA World Cup Final between France and Croatia at Luzhniki Stadium on July 15, 2018 in Moscow, Russia. (Photo by Matthias Hangst/Getty Images)

32 гоол

К.Мбаппе 2017 онд “Монако” болон “ПСЖ”-гийн бүрэлдэхүүнд байхдаа бүх тэмцээнийг оролцуулаад 32 гоол оруулсан юм. Энэ бол 20 нас хүрэхээсээ өмнө Европын ТОП 5 лигт хийсэн хамгийн олон гоолын үзүүлэлт. Өмнөх рекордыг 1998 онд “Ливерпуль”-ийн Майкл Оуэн 29 гоолтойгоор эзэмшиж байлаа.


24.1 сая дагагч

Франц залуу 2016 оны арванхоёрдугаар сард инстаграм хуудастай болсон юм. Одоогоор өсвөр насандаа түүн шиг олон дагагчтай од үгүй. Бүр дуучин Бруно Марс (21.8 сая), Бритнэй Спирс (21.5 сая), улс төрч Барак Обама (19.4 сая), Арнолд Швайрцнеггер (15.7 сая) зэрэг ододоос ч олон дагагчтай болжээ.


18 нас 95 хоног

Францын шигшээд дебютээ хийхдээ тэр 18 нас, 95 хоногтой байв. Гэхдээ тэр шигшээдээ анхны тоглолтоо хийсэн хамгийн залуу тоглогч биш. Марьян Висньески 1955 онд К.Мбаппегаас 34 хоногоор залуу байхдаа анхны тоглолтоо хийсэн түүхтэй. Дашрамд, Гурван өнгөтнүүдийн домгууд болох Мишель Платини, Зинедин Зидан нар 20, 22 настайдаа улсынхаа төлөөх анхны тоглолтоо хийсэн билээ.


16 нас 347 хоног

“Монако”-гийн түүхэнд 16 нас, 347 хоногтой К.Мбаппе үндсэн багт багтсан хамгийн залуу тоглогч болж, 17 нас, 62 хоногтой тус клубийн түүхэнд хамгийн залуудаа талбайд гарсан тоглогч болсон юм. Өмнөх рекордыг Терри Анри эзэмшиж байлаа.


13 гоол

К.Мбаппегийн өсвөр насандаа Аваргуудын лигт оруулсан гоолын тоо. Өмнөх рекордыг Патрик Клюйверт “Аякс”-т байхдаа 7-г оруулсан гэдгээрээ эзэмшиж байлаа. Рауль болон Карим Бензема нар 20 хүрэхээсээ өмнө 6 гоол оруулсан аж.


10 гоол

Шигшээдээ 20 нас хүрэхээсээ өмнө 10 гоол оруулсан. Энэ үзүүлэлтээр тэр гуравдугаарт бичигддэг. Домогт Пеле (26), Харалд Нелсен (15) нар л түүний урд жагсана. Харин Имре Шлоссер (Унгар), Уэйн Руни (Англи) нар К.Мбаппетай ижил 10 гоол оруулсан бол  Влозимеж Любаньский (Польш), Поль ван Химст (Бельги), Кристиан Пулишич (АНУ) тус бүр 9, Диего Марадона (Аргентин) 8, Криштиану Роналду (Португал) 7 гоол оруулжээ.


3

ДАШТ-ий шигшээд 20 нас хүрэхээсээ өмнө тоглосон гурав дахь тоглогч. Түүнээс өмнө Пеле 1958 онд, Жузеппе Бергоми 1982 онд тоглож байв. Тэрбээр Пелегийн адил шигшээд гоолдсон тоглогч болсон юм.


2

Time сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий 25 өсвөр насны жагсаалтад спортын төлөөлөл хоёр хүн орсон юм. Нэг нь манай нийтлэлийн баатар, харин нөгөөх нь сноубордоор олимпийн аварга болсон 17 настай Клое Ким байжээ.

Бельги дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр оныг дуусгав

2018 оны хөлбөмбөгийн дэлхийн чансаа өнөөдөр шинэчлэгдлээ. Ингэснээр Бельгийн шигшээ баг 1727 оноогоор энэ оныг тэргүүлсэн хэвээр дуусгаж байна.

Харин дэлхийн аварга Францын шигшээ баг өнгөрсөн оны арванхоёрдугаар сартай харьцуулахад хамгийн олон оноо авсан баг болов. Тэд энэ хугацаанд 165 оноог авч, Бельгийн багийн ард буюу 1726 оноотой жагслаа. 

Монголын эрэгтэй шигшээ баг Бутан, Арубагийн ард 915 оноогоор 188-д жагссан хэвээр 2018 оныг өндөрлөв. Сонирхуулахад, эрэгтэйчүүдийн чансаанд нийт 211 орон бичигддэг билээ.

ТОП 10

  • 1. Бельги – 1727 оноо
  • 2. Франц – 1726 
  • 3. Бразил – 1676
  • 4. Хорват – 1634
  • 5. Англи – 1631
  • 6. Португал – 1614
  • 7. Уругвай – 1609
  • 8. Швейцарь – 1599
  • 9. Испани – 1591
  • 10. Дани – 1589
  • …188. Монгол – 915  

Виталий Мутко ажлаа өгөв

ОХУ-ын шадар сайд Виталий Мутко ОХУ-ын хөлбөмбөгийн холбооны тэргүүний ажлаа өглөө.

Түүний ажлыг тус холбооны дэд тэргүүн, Оросын Премьер лигийн комиссар Сергей Прядкин ирэх хоёрдугаар сар хүртэл түр орлохоор боллоо.

 В.Мутко 2008-2016 оны хооронд спортын сайдаар ажилласан. Тэрбээр эх орондоо хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрх авчрахын төлөө хичээл зүтгэл гаргасан хүний нэг. 

Харамсалтай нь, өнгөрсөн жил түүнийг спортын сайдаар ажиллаж байхдаа допингийн асуудлыг нуун дарагдуулсан гэх үндэслэлээр ОУОХ-ноос олимптой холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хассан. Үүний улмаас тэрбээр ДАШТ эхлэхээс зургаан сарын өмнө зохион байгуулах комиссын даргын албан тушаалаа өгсөн юм.  

“Лусаил” цэнгэлдэх хүрээлэнг танилцууллаа

“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тэмцээн зохиогдох гол цэнгэлдэхийн загварыг танилцууллаа. Уг ДАШТ-д ашиглах цэнгэлдэхүүдээс хамгийн том буюу 80 мянган хүний суудалтай “Лусаил” цэнгэлдэх хүрээлэн юм.

Нийслэл Дохагаас 15 км зайд орших уг цэнгэлдэх хүрээлэн шинээр баригдаж буй дагуул хот болох Лусаилд сүндэрлэх юм. Уг дагуул хотыг орчин үеийн Катарыг үндэслэгч Шейх Жассим бин Мохаммед Эл Танигийн дурсгалд зориулж барьж байгаа аж. Энэ эрхэм 1913 онд Лусаил хотод амьсгал хураасан юм.

Тус цэнгэлдэхийн загварыг Английн загвар зохион бүтээгчид болох “Foster + Partners” компани хариуцаж буй.

Энэ цэнгэлдэхэд ДАШТ-ий нээлт болон хаалтын тоглолтыг зохион байгуулна. Энэ цэнгэлдэхийн талаар Катарын дээд хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Хассан Эл Тавади “2022 оны ДАШТ-ий эрхийг аваад найман жил өнгөрчээ. Бид гайхамшигтай тэмцээнийг зохион байгуулна гэж амлалт өгсөн. Шинэ цэнгэлдэх маань энэ амлалтыг биелүүлэхэд тус болно гэдэгт итгэлтэй байна. Энэ цэнгэлдэх бидний өнгөрсөн үе ба ирээдүйн бэлгэ тэмдэг байх болно” гэж ярьжээ.

Жозе Моуринью халагдлаа

Английн “Манчестер Юнайтед” клуб дасгалжуулагч Жозе Моуриньюг халах шийдвэр гаргалаа. 

Өнгөрсөн долоо хоногт “Ливерпуль” багт 3:1-ээр хожигдож, 1990 оноос хойш буюу Английн Премьер лиг нэртэй болсноос хойш хамгийн тааруу гараагаа эхлүүлсэн “Манчестер Юнайтед” багийнхан португал мэргэжилтэн Жозе Моуриньюг халах шийдвэр гаргалаа.

“Дэйли Рекордс”-ын мэдээлснээр “Юнайтед” клуб түүнийг нэгдүгээр сараас өмнө халвал 24 сая фунтын нөхөн төлбөр олгох байсан юм. Тэрбээр есдүгээр сард сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Намайг эрт халагдах аюултай гэж анхааруулсан. Гэхдээ би тэгж бодохгүй байна. Эрт халагдвал нөхөн төлбөрт хэдийг төлөхийг мэдэх үү” гэж ярьж байлаа.

“Манчестер Юнайтед”-ийн удирдлагууд шинэ дасгалжуулагчаа 48 цагийн дотор томилно гэдгээ мэдэгдсэн. Харин тэр хүртэл дасгалжуулагчийн албыг Майкл Каррик түр хариуцах аж.